Утаатай, түгжрэлтэй нийслэлд төрийн түшээд хурдан морь ярьсаар...

Нэр бүхий уяачдын төлөөлөл бүхий Монголын морин спорт уяачдын холбоо төв талбайд гарч ирж, олон жилийн өмнө хүчингүй болгосон Хаврын морин уралдаан зохион байгуулах үйл ажиллагааг сэргээхийг шаардав. Хээ хуар, эмээл хазаараар нүнжиглэсэн уяачид алдартай дуучин, олны танил нөлөөлөгчдийг ч татаж оролцуулсан. Эцэст нь тэд хүслээ гүйцээж, өнөөдөр /2025.01.29/-ний засгийн газрын хуралдаан хүслийг нь биелүүлж шийдвэрлэлээ. Тодруулбал, шадар сайд С.Амарсайхан "Хот, хөдөөгийн тэнцвэргүй хөгжлийн арилгаж, тэнцвэртэй өсөлтийг бий болгохоор шат дараатай арга хэмжээг авч хэрэгжүүлж байна. Энэ хүрээнд аймаг, орон нутгийн удирдлагуудад бүс, орон нутгаа хөгжүүлэхэд шаардлагатай шийдвэрүүдийг гаргахад эрх, үүргийг нэмэгдүүлэх асуудлыг хэлэлцэв. Спорт, соёлын арга хэмжээ зохион байгуулах бүх эрхийг аймаг, орон нутагт шилжүүллээ. Ингэснээр хурдан морины уралдаан зэрэг бүх арга хэмжээг аймаг, орон нутаг бие даан шийдвэрлэж, зохион байгуулна” гэлээ.

Харин Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Л.Энх-Амгалан "Хаврын морин уралдаан гуравдугаар сарын 1-нээс хойш зохион байгуулагддаг байж болно. Гэхдээ бид хугацаа заахгүй, зөвлөмж өгнө. Нэг, хоёрдугаар сарыг хориглох ёстой. Харин гуравдугаар сар бол хамгийн эрсдэл багатай сар. Үүнийг тусгаж бид зөвлөмж болгоно, аймаг, орон нутгийн удирдлага, мэргэжлийн холбоод хэрэгжүүлнэ. Хурдан морь унах хүүхдийн насыг хуульд 9 гэж заасан. Хэрэв аймаг, орон нутаг нь гуравдугаар сарын 1-нээс хойш морины уралдаан зохион байгуулах бол заавал 12-оос дээш настай хүүхэд унаж уралдах чиглэл баримтална.

Бид мэдээж хүүхдийн эрхийг, эрсдэлийг нэгдүгээрт тавина. Гэхдээ нэг зүйлийг анзаараарай, тавдугаар сарын 1-нээс арваннэгдүгээр сарын 1-ний хооронд хүүхэд морь унаж уралдвал тэвчишгүй хөдөлмөр биш гэж үздэг. Харин бусад үед хүүхэд морь унахаар тэвчишгүй хөдөлмөр мөн гэж үздэг стандарт үүсчхээд байна. Ер нь тэгвэл хүүхэд морь унах нь тэвчишгүй хөдөлмөр мөн юм бол наадмаар ч гэсэн хүүхдээр морь унуулахаа больё л доо. Би малын захад өссөн, хурдан морь унаж байсан. Хаврын морины уралдаан Хятадын, Өвөр монголын наадам болох уу гэдэг асуудал байна. Морины уралдаан ЮНЕСКО-д бүртгэгдсэн Монголын өв соёл. Бид өв соёл тээгч, тэжээгчид. Хүссэн, хүсээгүй 5-11 сарын хооронд л хурдан морины уралдаан зохион байгуулах Засгийн газрын тогтоол өнөөдөр хүчингүй болж байна” гэсэн юм. 

Харин үүний араас Х.Баасанжаргал, А.Ариунзаяа, О.Саранчулуун, М.Нарантуяа, Г.Лувсанжамц нарын гишүүд гарч ирж, засгийн газрынхаа шийдвэрийн эсрэг байр сууриа илэрхийллээ. Эндээс онцолбол, УИХ-ын гишүүн Х.Баасанжаргал "Бид хуульчдаар дүгнэлт гаргуулна. Давж заалдах шатны шүүхийн шийдвэр хэвээрээ байна. Засгийн газрын өнөөдрийн шийдвэрийн үндэслэл надад их сонин байна. Засгийн газрын өнөөдрийн шийдвэр албажаагүй байна. Тэр хүртэл морин уралдаан зохион байгуулах боломжгүй гэдгийг хэлье. Хэрэв энэ хугацаанд уралдаан болбол хууль зөрчсөнд тооцогдоно" гэв. 

Өмнө нь тэрбээр уяачид улс төрчдийг шахах, санал барьцаалах замаар хаврын уралдааныг сэргээх гэж оролдсоор ирсэн. Үнэн чанартаа энэ нь малын эмчийн бизнесийн асуудал гэх утгаар мэдээлэл хийж байв. 

Утаандаа бүчүүлж агаарын бохирдолд нэрвэгдсэн, хот төлөвлөлтдөө дарлуулж, түгжрэлдээ ээрэгдсэн, ханиад томууны тохиолдол нь эмнэлэгтээ багтахаа байчихсан нийслэлд ийнхүү төрийн түшээд нь морь ярьж уралцаж, хүүхдэд живх үнэгүй тарааж уйлдаг нөлөөлөгчид морь өмөөрч агсарч эхлэв. Монголчуудын баячууд хөрөнгөө хурдан мориороо илэрхийлж, өрсөлддөг. Хэдэн залуу түшээд хүүхдийн эрх, аюулгүй байдлын тухай хашгирсан ч морьтой томчуул нь тохироогоо л биелүүлэв.  

 

  


Утаатай, түгжрэлтэй нийслэлд төрийн түшээд хурдан морь ярьсаар...
Сэтгэгдэл
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд chig.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ