Харцага О.Наранбаатар: О.Хангай аварга масс ихтэй, мэдрэмжтэй, биеэ сайн сулладаг, над шиг адилхан бярддаг хүнд бол хэцүү...

Өвөрхангай аймгийн Хархорин сумын харьяат, Монгол Улсын шинэ харцага Оюунгэрэлийн Наранбаатарыг Шинэ цолтон булангийнхаа зочноор урьж ярилцсан юм.

-Монгол улсын харцага цолд хүрлээ. Нэг том зорилгодоо хүрсэн гэж ойлгож байгаа?

-Энэ жил ёстой сайхан наадам боллоо. Гурав дахь удаагаа тавын даваанд гарч ирсэн болохоор сэтгэл зүйн хувьд харьцангуй хүчтэй гарч ирсэн л дээ.

-Гурав дахь удаагаа тавын даваанд босно гэдэг хэр баргийн аавын хүүд тохиох зүйл биш байх. Өөрт ямар нэг халшрах, нервтэх зүйл байсан уу?

-Би доор даваанд нэг, хоёр дээр л жаахан нервтэх гээд байдаг юм аа. Аливаа юмны эхлэл хэцүү байдаг шүү дээ. Түүнтэй л адил. Эхлэлээ гайгүй тавьчихвал цаашаа гайгүй ээ. Тийм болохоор тав дээр нерв бол бараг байгаагүй.

-Наадмын бэлтгэлээ хаана базаасан бэ?

-Төв аймгийн Батсүмбэр сумын нутагт байдаг Цагаан нуга гэдэг хүүхдийн зуслан дээр З.Ойдов багштайгаа хамт базаасан. Г.Элбэг багш маань бас ойрхон Хөвсгөлийнхөө галтай гарсан байсан. Би бэлтгэлд сумын заан хоёр хүүхэд дагуулж гарсан юм. Тэгээд З.Ойдов, З.Дүвчин хоёр багштайгаа бэлдсэн дээ. Бэлтгэл болон сэтгэлзүй аль аль нь сайн байсан.

-Нөгөө талаасаа энэ жилийн бэлтгэл дээр “тулах” хүн цөөхөн л байж, тийм ээ?

-Цөөхөн байсан. Бэлтгэлээ голлож чөлөөтийн охидуудтай хийсэн. Чөлөөт бөхийн ОУХМ Болортунгалагтай портнёрлоод хөл, гартаа явуулаад... Эхлээд хөлдөө алдаад унаад л байлаа. Сүүлдээ овоо хамгаалдаг болж ирсэн. Тэр бэлтгэл надад их тус болсон шүү. Дөрвийн даваанд би чөлөөтийн Г.Ганхуягтай таарсан шүү дээ. Тэнд яг тэр бэлтгэлийн хэрэг гарсан. Ерөнхийдөө бэлтгэлээ тааруулаад, амраад өөрийгөө мэдэрсэн л дээ. Сайн хийх үедээ сайн хийгээд, амрах үедээ амраад... Бас жилийн жилд намайг цол авчхаасай гэж хардаг, дэмждэг олон хүмүүс байдаг. Хангай аваргад хэчнээн сайн, дэмждэг нь олон байлаа гэхэд намайг бас “Энэ муу маань энэ жил цол авчхаасай” гэж бас хардаг л бололтой юм билээ /инээв/.

-Гурав дахь удаагаа тавын даваанд босно гэдэг хэр баргийн аавын хүүд тохиох зүйл биш байх. Өөрт ямар нэг халшрах, нервтэх зүйл байсан уу?

-Би доор даваанд нэг, хоёр дээр л жаахан нервтэх гээд байдаг юм аа. Аливаа юмны эхлэл хэцүү байдаг шүү дээ. Түүнтэй л адил. Эхлэлээ гайгүй тавьчихвал цаашаа гайгүй ээ. Тийм болохоор тав дээр нерв бол бараг байгаагүй.

-Ер нь цол авчих байх гэсэн итгэл хэр байв?

-Цол авна гэж анхнаасаа бодоод “орхичихсон” байсан болохоор энэ жил заавал авна гэсэн бодол бол байгаагүй ээ. Төрийн наадам чинь чанга шүү дээ. Итгэл бол мэдээж тодорхой хэмжээнд байгаа. Түүнээс биш “заавал” гэсэн бодол өөртөө тээгээгүй, тулгаагүй юм аа.

-Тэр нь өөрт бас амар байх л даа?

-Харин тийм. Нэг ёсондоо өөрийгөө дотроо дарчхаж байгаа юм л даа. Түүнээс их юм бодоод шаналаад байх юм бол дэмий. Тэгсэн харьцангуй дажгүй барилдчихсан шүү.

-Түрүү жил гурав дээр ам авах боломж гарсан. Амгаланбаатар хурцыг авсан байх аа?

-Хурц арслангууд ам авна гэдэг чинь шигшигдээд үлдчихсэн 10 гаруй чанга бөхөөс сонголт хийх болж байгаа юм л даа. Тэр дотор аваад хаячих боломжтой хүн бол байсан. Гэхдээ нас нь явчихсан, олон жил цолны төлөө зүтгэж байгаа ах нарыг араас ам авах гээд ирж байхад нь авах бас амаргүй. Тийм болохоор би залуу, сайн арслан амалсан. Амгаланбаатар бол нас залуу, аймагтаа дөнгөж хурцлаад ирсэн байсан. Унасан ч, давсан ч харамсахааргүй байхгүй юу. Ерөнхийдөө бусдыг хайрлаж, ам аваад өөрөө ойчсон доо, ноднин.

-Энэ жил тав дээр О.Хангай аварга авлаа гэхээр нь “Дахиад л таслуулчихлаа даа” гэж харамсах хүмүүс цөөнгүй байсан. Өөрт ямархуу мэдрэмжтэй гарсан бол...?

-Би тухайн үедээ бас л шоконд орж байгаа юм чинь. Би 2016 оны үед Ховдын Ц.Мягмарсүрэн заан дээр Хангай аваргатай хамт бэлтгэл хийдэг байсан юм. Хоёр жил шахам портнёрлоод хамт бэлтгэл хийдэг байлаа. “Нэг багшийн шавь, хамт бэлтгэл хийж байсан байж яаж байгаа юм бол доо, өөр хүн олдоогүй юм байх даа” гээд гомдол төрж байгаа байхгүй юу. “Дөрөв дээр Ганхуягийг хаялаа гээд намайг аваагүй байлтай” ч гэж бодогдсон. Тэгээд “за дүүрсэн, сайхан үзнэ дээ” гээд л гарсан. Ойдов багш маань хажууд байсан. “Хүнд хаяхгүй хүн гэж юу байсан юм. Зүгээр сайхан гараад л барилд. Энэ бол миний өрсөлдөгч, ээж аавыг минь алсан хүн гэж бодоод л барилд. Гараа татаж байгаа нь зүгээр миний гарыг урж байна гэж төсөөл” гэх зэргээр намайг ирлэсэн. Бас Д.Ганхуяг арслан, Х.Мөнхбаатар арслан хоёр хамт байсан. Гурван том бөх намайг хүрээлээд хэлж ярих чинь бас лут л даа. Мөнхбаатар арслан “За Наранбаатараа ерөөсөө яарахгүй шүү. Зүгээр золгоод дуустлаа л үз. Дор хаяж 80 минут барилдана шүү” гээд зөвлөж байгаа юм. Хуягаа ах болохоор “Наадах чинь сугадна, сугадахаар нь тэгж гаргаарай” гэх зэргээр дор бүрнээ зөвөлгөө өгөөд гаргаж байгаа юм. Тэгээд л давбал давна, унавал унана, бэлтгэл дээр байгаа юм шиг л барилдъя гэж бодоод гарсан. Би тэр үедээ ерөөсөө нервтээгүй шүү.

-Барилдаан бол үнэхээр сонирхолтой, гоё өрнөсөн...?

-Тэгсэн. Аваргын аюултай 2, 3 дайралт дээр тогтсоон. Нөгөө “Бүрнээ аварга долоо догонцлоо” гэдэг шиг өрөөсөн хөл дээрээ хойшоо нэлээд олон алхсан шүү. Бас нэг удаа өөрөө өшиглөж байна гээд араараа мордуулаад унахаа шахсан. Ер нь тийм бяртай, масстай хүн дээр би өөрөө явж барилдана гэхээр ёстой болохгүй юм билээ. Өөдөөс тулж зогсчихоод...

-Хөдлөхгүй байна уу?

-Ёстой хөдлөхгүй юм билээ. Тэгэхээр нь “За би яваад нэмэргүй нь, өөрийг нь явуулъя” гэж бодсон. Өөрөө суларч байгаа мэдрэмж өгөөд, гулжийгаад худлаа унах гээд байгаа дүр үзүүлсэн.

-Аварга ч яг мордсон...?

-Яг аваргыг мордонгуут нь би хөлөө чангалж болохгүй. Сул хаяад хариултыг нь хийнэ гэж бодсон. Тухайн үед бодчихсон байсан болохоор тэр үү рефлексээрээ л хийгээд явчихсан байсан. Тэгээд л давсан даа. Аваргын тэр мордоо чинь аймаар шүү дээ, угаасаа. Дандаа хүн хаядаг мэх нь.

-Та хоёр чинь өмнө 2024 оны Арслан цолны хүндэтгэл дээр нэг таарч барилдсан билүү?

-Тэгсэн. Би тэгэхэд сэрвүүгээс дунгуйлдаад хаях шахаад босгочихсон. Дараа нь золгоон дээрээс их амархан уначихсан юм. Тэр барилдаан дээр унасандаа энэ жил баярласан шүү. Тэгэхэд яагаад амархан унаснаа өөрөө мэдэрчихсэн болохоор... Тэгээд их сүрхий зулдсан байхгүй юу, энэ жил. Хэрвээ тэгэхэд унаагүй байсан бол тэр алдаагаа гаргаад унах байсныг үгүйсгэхгүй. Аварга жин масс ихтэй, мэдрэмжтэй, биеэ сайн сулладаг. Над шиг бойм тоймны адилхан бярддаг хүнд бол хэцүү л дээ. Тийм болохоор алдаан дээр нь ажиллая гэж бодсон. Бодсоноор ч болсон доо, барилдаан маань.

-Хэн хэн нь том, суурь сайтай болохоор барилдаан таарах талаасаа эвтэйхэн үү?

-Эвтэйхэн, эвтэйхэн. Том хүн болохороо үйлдэл нь удаан бас учиртай. Гэхдээ мэх нь орвол их даацтай орно л доо. Дөрөв дээр Ганхуяг бол жинхэнэ барьцгүй.

-Эсрэгээрээ...?

-Ёстой аймаар /инээв/. Тэр хүнтэй чинь барилдахаар гэдийж болохгүй, хамаагүй ухарч болохгүй. Жаахан алдаа гаргавал л хөл рүү явчих гээд аюултай.

-Түрүүн чөлөөтийн охидуудтай хийсэн бэлтгэл тус боллоо гэсэн. Дөрвийн давааны бэлтгэл тэр л байж дээ?

-Харин тийм. Мэдсэн юм шиг л тэр бэлтгэлийг хийсэн байсан. Одоо Болортунгалагтаа л бүр баярлаад байгаа. Намайг бэлдэж өгчхөөд “Бэлтгэлийг чинь хангаж өглөө шүү, цолоо ахиулаарай” гээд л бид нараас түрүүлээд буусан юм. Яг л хэлснээр нь болсон.

-Эмэгтэй, эрэгтэй чөлөөтийнхөн байлаа гэхэд мэх техник нь адилхан болохоор бэлтгэл хийгээд авах мэдрэмж, үр дүн нь адилхан уу?

-Бараг адилхан. Тэд нар чинь охид болохоор илүү хурдтай. Хөнгөн жингийнх болохоор сап сап гээд л янзын шүү дээ. Тийм хүнтэй бэлтгэл хийсэн болохоор би хөлдөө алдахгүй байх тал дээр илүү мэдрэмж авхаж байгаа юм л даа. Уралцах, маажуулах бол наад захын л асуудал /инээв/. Манай үндэсний бөхийнхөн бол наадмын бэлтгэлд гарчхаад эмэгтэй хүнтэй ноцолдоод гээд цээрлэдэг л дээ. Харин манай Ойдов багш бол тийм зүйл тоохгүй шүү дээ.

-Тав даваад төрийн 9 хөлт цагаан тугаа тойрох тэр мөч үгээр хэлэхийн аргагүй байдаг болов уу?

-Ямар гоё юм бээ, би ингээд улсын цол авчихлаа шүү дээ гээд л засуулдаа хэлсэн. Өөр хэлэх үг ч олдоогүй. Үнэхээр сайхан байсан. Миний засуул ах бас их гоё хүн байсан. Эрдэнэтуул гээд нэр нь хүртэл гоё, өөрөө их дөлгөөхөн зөв бодолтой хүн байна лээ. Түүнд нь бас их баярлаад байгаа.

-Харцага цолныхоо даваанд Ө.Бат-Орших гардитай барилдсан?

-Өө тийм, хүндэлж явдаг лаг, лаг бөхчүүдтэйгээ таарч барилдаад даваад гараад ирэхээр бүр гоё байгаа юм чинь. Би гардийн барилдааныг их үздэг. Том биетэй болохоор надтай төстэй. Юу юу хийдгийг нь мэднэ. Тахимддаг, золгооноос тэгдэг, ингэдэг гээд л...

-Тахимдаа нь орж ирсэн үү?

-Орж ирээгүй. Би өөрөө нэлээд явж барилдсан л даа. Улсын цолны босго алхчихсан хүн чинь сэтгэл санаа хүртэл сайхан. Бирваа татаж ард нь гараад давсан даа. Тэгээд долоо дээр Н.Батсуурь аварга намайг авсан. Тэр барилдааны дараа хүмүүс намайг “Чи тайвширчихсан байх аа” гээд байсан. Үнэндээ юун тайвшрах. Тэр том даваанд гараад ирсэн хүн чинь тийм юм байхгүй шүү дээ. Тэр хүний бодож төлөвлөж байгаа сэтгэхүй, тактикийг би мэдэхгүй болохоор тайван байх аргагүй. Олон жил том даваанд гараад үзчихсэн хүний сэтгэхүй шал өөр байгаа юм чинь. Барилдаан бол аваргатай үнэхээр таарахгүй юм билээ. Зааланд бид хоёр нэг таараад би унаж байсан юм. Аварга сэрвүүгээс барилдаж байгаа хэрнээ гар хөл нь аймаар чанга байсан шүү. Золгоонд хүрчихвэл хаячхаж магадгүй гэсэн бодол надад байсан. Гэхдээ наана нь юу хийхийг нь үнэхээр таашгүй шүү дээ, аваргын. Тэгж өшиглөдөг, хавсардаг гэдгийг нь би ер бодоогүй юм билээ.

-Эрхэмээ аваргыг нэг тиймэрхүү хавирдаг билүү, наадмаар?

-Тэгсэн. Намайг гарахад манай Б.Цэдэнсодном харцага сануулж хэлсэн гэсэн. Олон хүн энд тэндээс юм хэлж байсан болохоор би төвлөрч сонсоогүй байх. Дараа нь “чамд хэлсэн шүү дээ, чи яаж байгаа юм бэ” гэхэд нь “Би яаж мэдэх юм, сонсоогүй шүү дээ” гээд л өнгөрсөн. Тэгж л дархан аваргад хасвруулаад унасан даа.

-Ёстой л гар хөлийн үзүүрээр юу л бол юу хийгээд байгаа харагддаг?

-Өө, аймаар, аймаар. Дархан аваргаас бол үлгэр дуурайл авах зүйл их шүү. Би өөрөө Хангай аваргын барилдааныг харах их дуртай. Адилхан том биетэй болохоор барилдаан, мэх нь надад тохирмоор санагдаад байдаг юм. Бэлтгэл дээр мэхийг нь дуурайж хийнэ. Тэгсэн үлгэр авдаг бөхөөрөө улсын цол авах юм. Юм гэдэг сонин шүү.

-Саяхан л хоёулаа ярилцлага хийгээд “Удахгүй улсын цол авчхаад Бөх сониндоо дахиад ярилцлага өгөөд сууж байвал сайхан аа” гээд ярьж байсан, санаж байна уу?

-Аа, саналгүй яах вэ. Яг л тэр боллоо. Гоё байна, гоё байна. Тууштай, зорилготой байна гэдэг юманд хүрдэг л юм байна. Болж бүтэхгүй байгаа юм шиг хэцүү санагдах үе байдаг ч тэрийг даваад гараад одоо ингээд улсын цолтны эгнээнд ороод сууж байна гэдэг илүү сайхан байдаг юм байна. Бас нөгөө талаасаа өөрийн удамдаа байхгүй улсын цолыг аваад ирсэн болохоор.

-Аан, удмынхаа анхны улсын цолтон уу?

-Тийм ээ. Манай аав залуудаа Баянхонгорын ТМС-д сурч байхдаа Дүвчин багштай хамт бэлтгэл хийдэг байсан гэдэг юм. Олон хүүхэдтэй хүн чинь ар гэр, амьдрал ахуй гээд барилдаж чадахгүй, ажил хийж амьдралаа хөөсөн гэсэн. Барилга дээр ажиллаж байхдаа бэртээд бөхөөс бүр хөндийрсөн байх. Сүүлд ах бид хоёр харин бөхөөр явсан. Ах маань О.Бундхорол гэж аймгийн заан цолтой бөх бий. Ах маань үеийнхэн дотроо сайн барилдаж байсан шүү. Намайг анх аймгийн цолд хүргэж байлаа. Өвөрхангай аймгийнхаа наадам дээр. Олон хүний гар дамжилгүй ахаараа цол авсан. Дараа нь өөрөө барилдаж аймгийн арслан болсон, хурцалсан. Тэгээд энэ жил бас өөрөөрөө улсын цолд хүрч, начин, харцага болсон болохоор бахархалтай сайхан санагдаж байгаа. Ах маань барилдсан цагаасаа сумандаа түрүүлж үзээгүй явсан. Энэ жил сумандаа түрүүлсэн байна лээ. Хэдхэн хоногийн дараа би улсад цол авсан. Юм чинь цаанаасаа учиртай л байдаг юм шиг байна лээ.

-Ах нь бараг барилдахгүй байна уу?

-Нэг хэсэг сайн барилдаж байсан юм аа. Дараа нь хэсэг бөхөө болиод циркээр гадагшаа нэг жил яваад ирсэн. Хэдэн онд билээ, 6000 бөх барилдахад ах маань бүр долоо давж байсан. Ер нь сайн барилддаг даа.

-Нэлээд цулмаг зузаан, барилдаанч залуу харагддаг байсан?

-Өө, бяртай мундаг, намайг бодвол илүү авьяастай. Тууштай явж чадсан бол өөр л дөө. Тухайн үед нь хөтлөөд явчих багш байгаагүй, бас дэмжлэг муутай болохоор... Манай ах чинь өөрөө хэтэрхий даруухан хүн л дээ. Хүнээс юм гуйх дургүй гэх юм уу. Байгалиараа л барилдсан хүн байгаа юм.

-Хүргэчүүл нь бас бөхчүүд байдаг гэж сонссон?

-Аа, тийм. Би чинь зургаан эгчтэй хүн байгаа юм. Дээрээсээ хоёр дахь эгчийн маань нөхөр Батхүлэг гээд Ховдын гаралтай, цэргийн хүн байдаг. Аймгийн заан цолтой. Тэр ах маань багадаа улсын наадмын хүүхдийн барилдаанд түрүүлээд улсын шонхор болж байсан юм билээ. Чөлөөтөөр бас барилддаг байж байгаад бэртээд бөхөө орхисон. Батхөлөг ахын маань аав нь бас аймгийн заан цолтой Батсүх гэж хүн бий. Ээж нь бас аймагтаа 10 гаруй түрүүлсэн бөхийн удам юм билээ. Миний дээд талын эгчийн нөхөр нь Хаш-Эрдэнэ гэж аймгийн харцага цолтой бөх бий. Манай Хархориных. Бас л сайн барилддаг байсан. Хаш-Эрдэнэ ахын ээжийн дүү нь гэхэд Т.Санчир заан. Бас улсын зааны удамтай. Нарандулам эгчийн маань нөхөр нь бас барилдана аа. Сумын заан цолтой. Том хүргэн ах маань ч барилддаг байсан.

-Эгч нар маань эрэгтэй байсан бол барилдахаар эршүүд, биерхүү хүмүүс байдаг гэж өмнөх ярилцлагадаа ярьж байсан шүү дээ?

-Тийм, тийм. Надаас илүү характертай, аймаар. Ах бид хоёр хажууд нь даруухан, “Чиний оронд би барилдсан бол ёстой “алалцаж” байгаа” гээд л онгирцгоодог юм /инээв/.

-Энэ жил дүүгээ харцага болоход жинхэнэ “онгирсон” байлгүй?

-Өө, уйлаан майлаан бөөн юм болсон гэсэн /инээв/. Тэгж уйлаад, тэгж үсрээд гээд дараа нь баахан ярьцгаасан. Ёстой л бөөн баяр болсон доо, гэр бүлийн маань хувьд. Намайг ерөнхийлөгчөөс цолоо аваад гарахад манайхан цэнгэлдэхийн гадаа цугласан байсан. Олон жил хүлээсэн болохоор баярлаагүй хүн байхгүй. Тэр тусмаа Хангай аваргыг давж өөрөө цолд хүрсэн болохоор нэр хүнд нь шал өөр байгаа юм чинь. Хаана ч очсон нүүр бардам, нэр төртэй л юм билээ.

-Тэгнэ, тэгнэ. Дараа нь Өндөр гэгээнийхээ даншигт бас зургаа давж, цолоо батлаад харуулчихсан шүү дээ?

-Тэр бас их чансаатай барилдаан болсон шүү дээ. Батмагнай бид хоёрын хувьд цолоо баталсан л гэж бодож байгаа /инээв/.

-Нутгийнхаа тэр том даншигт улсын цолтой очих бас гоё мэдрэмж байсан байх?

-Үнэхээр гоё байсан. Хүн болгон баяр хүргээд, зургаа даруулаад л. Хүн үлдээчих вий л гэж санаа зовж байгаа юм чинь.

-Цолны мялаалга наадмыг нь бас их өргөн дэлгэр, сайхан болсон гэж сонссон?

-Сайхан болсоон. Өндөр гэгээний даншгийн дараа 8 сарын дундуур хийе гэж төлөвлөөд хийсэн. Олон сайхан бөхчүүд ирж барилдсан. Нутгийн зон олон, ахан дүүс, найз нөхөд гээд олон хүмүүс цугласан. Бүгд л ам сайтай байсан. Хоёр өдөр наадсан шүү. Манай Хархорин чинь энэ жил би улсын харцага болоод, хоёр аймгийн арслан шинээр төрсөн юм шүү дээ. Бас хоёр аймгийн начин, нэг сумын заан гээд олон цолтон шинээр төрсөн байсан. Нэг сумаас ийм амжилттай наадсан түүх байхгүй байх аа, бараг. Нэг жил ийм олон цолтон төрнө гэдэг сонин түүх байгаа биз дээ?

-Тийм байна шүү. Баянсүх чинь Хархорины гаралтай гэв үү?

-Яах аргагүй Хархориных. Ээж нь Өмнөговийнх болохоор барилдаж эхлэхэд нь компани, байгуулллагатай болгох гээд Өмнөговиор явчихсан байх. Ах нь Энхтөр гээд аймгийн заан цолтой бөх бий. Дүү нь Сундуйжадамба гээд аймгийн начин болсон, энэ жил.

-Өмнө улсын цол авбал тиймэрхүү байх болов уу гэсэн төсөөлөл өөрт байв уу?

-Өө, байсан, байсан. Би энэ жил чинь бараг солиотой юм шиг байсан шүү дээ. Хүнд хэлдэггүй л болохоос. Өөрөө толинд хараад ганцаараа яриад л байх юм билээ. Цолоо авчхаад цэнгэлдэхэд ярилцлага өгөх тухайгаа л бодоод байсан шүү /инээв/. Яг л тэр бодсоноор болж, яриагаа өгсөн дөө. Совин байдаг юм билээ, өөрт.

-Энэ жилийн наадамд зориулж бэлдсэн, “жоорны” мэх байв уу?

-Жоорны мэх үү, байхгүй ээ /инээв/. Зөнгөөрөө л хүн хүний хөдөлгөөнд тааруулж барилдаж байгаа болохоор тэр бөхийг яг тэгж хаяна гэсэн зүйл бол байгаагүй. Унаган хийдэг мэхүүд бол мэдээж байгаа. Эв нь таарвал хийнэ. Чадахгүй бол учраа бөхийнхөө юу хийхийг хүлээгээд байж байгаа юм л даа. Ер нь том наадмын нэгийн даваанд таарсан сумын заан хүртэл эвгүй шүү дээ, цагаа тулахаар...

-Аав, ээж нь цол авсан наадмуудыг нь үзэж байсан уу?

-Манай аав чинь 2018 онд өөд болчихсон юм. Намайг арслан болох жил. Аймгийн арслан болж аавыгаа нэг баярлуулсан даа. Наадмаа хийх гээд чадаагүй, аавын маань бие тааруу байсан болохоор. Ямартай ч удамдаа аймгийн арслан цолтонтой боллоо гээд аав минь их л баяртай байсан. Дараа нь 2021 онд хурцлаад, энэ жил харцага болж байгаа юм. Анх намайг барилдаж эхэлж байхад аав маань барилдааныг маань үздэг байсаан. Сумын заан, аймгийн харцага болоход мөн баярлаж л суусан, хөөрхий. Манай эмээ их өндөр насалсаан. 103 хүрсэн. Би чинь эмээ дээрээ өссөн, эмээгийн хүүхэд л дээ. Намайг Батмагнайд унадаг жил наадмын өдөр бурхан болсон байсан. Манайхан надад хэлээгүй юм билээ. Барилдаж дуусаад хариад л мэдэж байгаа юм. Болохгүй юм болдоггүй л юм билээ. Эмээ минь намайг их ерөөдөг байсан. Миний хүү чинь өөрөө сайхан байр, машинтай болно оо л гэнэ. Тэр ерөөлөөр нь болсон. Энэ жил намайг цол авсны дараахан бас нэг эмээ маань өөд болчихсон. Аавын маань ээж. Сайн барилдсан үед минь баярыг минь хуваалцаж амжилгүй аав минь, хоёр эмээ минь бурхан болсон доо. Баяр гуниг ээлжилдэг гэдэг л энэ байх.

-Шинэ он гараад хоёр ч барилдаанд их шөвөгт үлдээд гараагаа сайн эхэлсэн байх шүү?

-Тэр чинь юуны барилдаан билээ?

-Баянзүрх хайрханы хишиг барилдаан биз дээ. Батмагнайг хаядаг?

-Аа нээрээ тийм. Магнайг хаяж дөрөвт үлдсэн юм байна. Нөгөөх нь "Талх чихэр"-ийн барилдаан байсан. Бас дөрөвт үлдсэн. Би энэ жил өргөөнд олон гарч барилдаагүй юм аа. Бэлтгэлээ аятайхан хийж байгаад улсын наадмаар сайн үзье гэж бодоод бэлтгэлээ хийсэн.

-Аймаг цэргийн цолтнуудын барилдаандаа бас нэлээд амжилттай барилдсан шүү?

-Тэгсэн. Хурц арслан болоод аймаг, цэргийнхний барилдаандаа гайгүй амжилттай барилдсан. 3 түрүү, 4 үзүүр, их шөвөгт 5, дунд шөвөгт 7-8 удаа шалгарсан байх шүү.

-Харахад их л тайван, дөлгөөн хүн харагддаг. Барилдаан дээр тэр байдал өөрчлөгддөг үү?

-Өөрчлөгдөнө өө. Дэвжээн дээр бол шал өөр хүн болчихдог. Гэхдээ би хүндэлдэг ч юм уу, ойр дотнын найз нөхөдтэйгээ таараад барилдах гэхээр барилдаж чаддаггүй юм аа.

-Хайрлаад уу?

-Харин тийм: Галданцогт, Загараа гээд дотнын найзуудтайгаа таарахаар барилдаан маань гарахаа больчихдог. Ямар ч ир гарахгүй, амархан ойччихно /инээв/. Өөр хүмүүстэй бол шал өөр характераар л үзнэ шүү дээ.

-Өөрийгөө яаж ирлэж, хурцалдаг вэ?

-Би боддог юм. Дараагийн 2-3 жилийн наадамд олигтойхон бэлтгэл хийгээд, олигтойхон барилдахгүй бол хохь чинь шүү л гэж өөртөө хэлж байгаа. Бүх амьдралаа энэ спортод зориулчихсан байдаг. Манай улсын өнөөгийн амьдрал ямар байгаа билээ. Би сайн барилдаж байж л амьдралын баталгаагаа олж авна. Тийм болохоор бэлтгэлээ сайн хийж, сайн барилдахын төлөө бүх хүчээ дайчилна гэж боддог доо.

-Харамсдаг зүйл бий юу?

-Хорин хэдтэй байхдаа би юу хийж явсан юм бэ гэж бодохоор харамсдаг. Маш их хугацаа алдсан байна. Тоглоом наадам эргүүлээд, бэлтгэлээ ч олигтой хийсэн юмгүй. Би багын л и-спорт, компьютер тоглоом тоглох их дуртай. Тэнд цаг хугацаа их алдсан байна. Бэлтгэл хийгээд ядарч ирсэн хэрнээ л шөнө нь тоглоно. Одоо бодоход үнэхээр харамсалтай санагдаж байгаа.

-Сүүлийн жилүүдэд өөрийгөө илүү дайчилж чадсан уу?

-Чадсан. Сүүлийн 2-3 жил нэлээд дайчилсан. Өмнө өгч байгаагүй ихээр өөртөө ачаалал өгсөн. Одоо л хичээхгүй бол болохгүй гээд яалт үгүй боддог юм билээ, хүн чинь. Яг ийм дохиогоо эрт өгсөн бол арай эрт цолд хүрэх байсан ч байж магадгүй.

-Цол аваад гэртээ орох мэдрэмж бас гоё байх. Хамгийн ойр дотнын хүмүүстээ том бэлэгтэй очиж байгаа болохоор?

-Би наадмаар гэр бүлийнхнийгээ хөдөө явуулчихдаг юм. Манай хадмууд хөдөөний малчин хүмүүс байдаг юм. Эхнэр хүүхэд маань намайг бэлтгэлд гарахаар тийшээ оччихдог. Би наадмын бэлтгэлээс бууж ирэхээрээ гэртээ ганцаараа өөрөө хоол ундаа хийж идээд сайхан унтаад амарчихдаг юм. Чимээ шуугиантай газар унтаж чаддаггүй болохоор тэр нь амар байдаг. Манай хэд хөдөөнөөс дээжээ өргөөд л байж байдаг. Наадмын дараа очсон манайхан хүлээж аваад сүйд болж байгаа юм чинь. Охин маань аавдаа зориулж шүлэг уншиж өгөөд бөөн баяр. Ах дүү нар бүгд цуглачихсан. Гоё л байдаг юм билээ. Бас нэг анзаарсан зүйл гэвэл ойр дотнын хүмүүсийн сэтгэл их тайвширдаг юм билээ. Дандаа л миний төлөө шаналж, цолд хүрчхээсэй гэсэн хүмүүс байдаг болохоор бүгдийнх нь хүлээлтийг тайлсан даа, энэ жил. Юмны хаалга нээнэ гэдэг шиг ажил төрөл хүртэл өмнөхөөсөө илүү бүтээд ч байх шиг сайхан байгаа.

-Их олон багштай гэдэг. Энэ жилийн хувьд анхныхаа багштай л “тулж” ажиллаж дээ?

-Анхныхаа багштай тулсаан. Багш аваргатай барилдахаар гарахад жаахан сандарчихсан байх шиг байсан, зайлуул. Энэ жил миний дээлийг барина гээд бүр зориод ирсэн. Өглөө эрт бөхчүүд ам авахаас өмнө хүрээд ирчихсэн. Багштайгаа хамт бөхчүүдийн нэг захад бөөвийтөл л сууж байлаа. “Намайг л цол авхуулах гэж зорьж ирж дээ” гэж бодохоор өөрийн эрхгүй хайрлах шиг, өрөвдөх шиг болдог. Олон багштай байх чинь нэг бодлын бас хэцүү юм билээ. Тэрийг нь гомдоочих вий, энийг нь гомдоочих вий гээд... Сүүлийн хоёр жилд Х.Мөнхбаатар арслан, М.Бадарч гарди хоёртой хамт бэлтгэлээ хийж байгаа. Мөнхбаатар арслан надтай нэлээд тулж ажиллаж байгаа. Бадарч ах бид хоёр чинь ойрын хамаатан юм шүү дээ. Ах дүү 7 тайжийн нэгийнх нь үр хүүхдүүд байхгүй юу. Намайг аль 3-4 жилийн өмнө л ирж хамт бэлтгэл хий гээд л дууддаг байсан. Би өмнө хүндийг өргөлтийн гавьяат дасгалжуулагч Ц.Хосбаяр багштай нэлээд хэдэн жил бэлтгэл хийсэн. Намайг өдий болтол чирж, дагуулж ирсэн багш минь байгаа юм. Хосоо багшийнхаа ачаар л бөхдөө үнэнч үлдсэн дээ, би. Байнга л чи хаана явна, ир, бэлтгэлээ хий гээд шахаж, шамдуулж, чиглүүлж, бүх талаар тусалж дэмжиж ирсэн, яг л аав шиг минь. Багшдаа маш их баярлаж явдаг юм. Манай багшид атаархдаг хүмүүс их олон. Хүндийг өргөлтөөр Анхцэцэгийг дэлхийд гаргаж ирлээ. Өчнөөн олон алдар цуутай бөхчүүдийг бэлдэж төрүүллээ. Манай багшийн шавь нар дотор бараг бүх төрлийн спортын хүмүүс байдаг. Хүндийг өргөлт гэдэг чинь өөрөө аймаар хүнд спорт байхгүй юу. Анхцэцэг гэхэд байгалийн маш том өгөгдөлтэй тамирчин. Аав ээж нь хүртэл мундаг хүмүүс байдаг. Гэтэл багшийг маань допинг хэрэглүүлээд тийм аймаар болгоод байгаа юм шигээр зарим хүмүүс ярьдаг, атаархдаг.

-Хүчний бэлтгэл талаас нь голдуу зааж, зөвлөх үү, та нарт?

-Тэгнэ. Гэхдээ олон төрлийн спортын шавь нартай болохоор бөх сайн мэднэ ээ. Чи тэгвэл яасан юм, ингэвэл яасан юм гээд барилдааны зүйлүүд ч хэлж өгдөг. Би чинь бас Г.Эрхэмбаяр аваргыг дагаж хоёр жил хэртэй бэлтгэл хийсэн. Г.Элбэг харцага, О.Нарангэрэл багш, Г.Үүрцолмон багш гээд олон багш байна аа. Үүрцолмон багш болохоор самбо, жүдогийн гирний багш байгаа юм. Одоо “Gold gum” дээр Мөнхбаатар арслан, Бадарч гарди хоёртой цуг бэлтгэлээ хийж байгаа. Тэнд өөр олон багш нар бий. Тэр олон мистер багш нартай хамт бэлтгэл хийхээр чинь алхам тутамдаа суралцаад шал өөр байгаа юм чинь. Энэ мэтээр олон багш нарынхаа заасан хэлсэн бүхнийг хольж найруулаад өөрийн болгоод явж л байна. Манай Мөнхбаатар арслан бол мундаг мундаг зөвөлгөө өгнө. Өөрөө улсын наадамд түрүүлж байсан хүн чинь өөр байлгүй яах вэ. Энэ жил ихэвчлэн Бадарч ахтай сайн тулсан. Өөрөө их хөдөлмөрч хүн шүү дээ, гарди. Ер зүгээр суухгүй. Элдэв янзын шоу цэнгээнээс хол, байнгын бэлтгэлээ л хийнэ. Өглөө эрт гараад л хорин хэдэн км газар уулаар алхдаг юм шүү дээ. Ийм хүн чинь улсад түрүүлэхгүй яах вэ дээ л гэж боддог. Үнэхээр мундаг бөх. Одоо барилдуулчихмаар л санагдаад байгаа юм. Зарим нь 11-хэн сар эрхээ хасуулаад барилдаж байхад...

-Анх улсын харцага гээд цоллуулаад гарахад ямар мэдрэмж төрж байна?

-Өндөр гэгээнээр үү? Гоё байсан. Бүх улсын начингуудын дээр гараад зогсохоор сайхан байгаа юм чинь. Бас жаахан онгирмоор ч юм шиг /инээв/. Доошоо аймгийн арслангуудыг харахаар гундуухан ч юм шиг. Саяхан хамт аймгийн цолтой зогсож байсан болохоор “Зүгээр ээ, хичээгээд хөдөлмөрлөөд явж байхад болдог юм байна шүү” гэж хэлмээр ч юм шиг... Ер нь л аймгийн цол, улсын цолны ялгаа их юм билээ. Өөрийнхөө хүчээр зүтгэж, хөдөлмөрлөж авсан цол үнэхээр сайхан. Юм гэдэг бас сонин юм билээ. Өндөр гэгээний нутаг чинь манай Хархорин талдаа байхгүй юу. Тэгсэн ойгоор нь манай сумаас олон цолтон зэрэг төрлөө. Бас наадмын өмнө Дагваа аварга “Өндөр гэгээний музейд хамгийн түрүүнд очоод мөргөсөн хүн энэ жил сайн барилдах юм байна аа” гээд пост оруулсан байсан. Түүнийг нь харчхаад би хамгийн түрүүнд очиж мөргөсөн. Тэр бас бэлгэшээлтэй зүйл болсон шүү.

-Өвөрхангайн бөхчүүд гэхээр ерөнхийдөө том биерхүү нийтлэг дүр төрх харагдаад байдаг. Тэр бас газар нутгийн онцлог байдаг юм болов уу?

-Байдаг биз. Манай Хархориныхныг чинь “тарсан Архангайнхан” гэдэг юм шүү дээ. Хуучин Архангайн сум байж байгаад хуваагдаад Өвөрхангай руу орсон болохоор. Манай аав бол Шанхынх. Баруун хүрээ Шанхын хийд гэж мундаг авшигтай газар байсан гэсэн. Ээж маань Бат-Өлзий сумынх.

-Анх бөх рүү орж ирж байгаа хүүхдүүдэд “Тийм цолтой бөх болно” гэсэн хүсэл мөрөөдөл байдаг даа?

-Би бол А.Сүхбат аваргын барилдааныг их үздэг байсан. Аварга шиг л мундаг уран барилддаг бөх болно, төрийн наадамд түрүүлнэ гэсэн хүсэл мөрөөдөлтэй орж ирж байлаа. Сумын заан болоод өргөөнд барилдаж эхлэх үед ихэвчлэн нэг, хоёр дээр уначихна. Тэгээд түрүү бөхийг хараад би яг ингээд түрүүлчхээд туг тойрно доо, хэзээ нэг өдөр гэж бодож, төсөөлдөг байсан. Төд удалгүй сумын заандаа түрүүлж эхэлсэн. Дараа нь аймаг цэргийн цолтны барилдаанд түрүүлнэ гээд л төсөөлсөн. Түрүүлдэг, шөвгөрдөг болсон. Энэ мэтээр л өөрийгөө хурцалж ирсэн дээ. Зориод, хүсээд, бэлтгэлээ сайн хийж байхад биелдэг л юм.

-Хааяадаа шантрах үе гарч байв уу?

-Байна, байна, зөндөө шүү дээ. Хааяа шантрахаараа ПС тоглоод алга болчихно. Нэг хэсэг нэлээд нервтдэг, шантардаг байлаа. Гэр бүлийнхээ хүнд бол мэдэгдэхгүй шүү дээ. Хэсэг тоглож стрессээ дарж аваад л гэртээ орно.

-Гэр бүлийнхээ тухай ярих уу?

-Манай эхнэр Архангайн Хашаат сумынх. Санжаадамба аваргатай эгч дүүсийн хүүхдүүд юм билээ. Ойрхон бөхийн удамтай. Сүүлд мэдсэн л дээ. Эхнэр маань багш мэргэжилтэй. Одоогоор хоёр хүүхдээ хараад гэртээ байгаа.

-Хүүхдүүд нь спорт сонирхож байна уу?

-Манай охин хоббитой. Хааяа харахаар бөх хүн шиг л байдаг юм. Спортын авьяастай. Хичээл хийх дургүй. Спортын төрлийн зүйлүүдэд илүү дуртай. Уг нь онц сураад байдаг юм. Тэгсэн хэрнээ хичээлээ хийх дургүй /инээв/.

-Ер нь барилдуулъя гэсэн бодол байна уу? Одоо чинь охидыг багаас нь бэлддэг болж?

-Спорт чинь амаргүй шүү дээ. Цаг хэцүү болсон. Янз бүрийн л зүйл дуулдах юм. Өөрөө сонирхоод байвал дуртай спортоор нь явуулна даа. Заавал бөх гэхгүй ээ. Хүү маань дөрөвтэй. Би бөх болно л гээд байгаа. Том болохоороо яах юм байгаа юм. Бөхчүүд өөрсдөө хүнд хэцүү зам туулж бөх болдог болохоор хүүхдээ бөх заавал болгоно гэж нэг их боддоггүй байх аа.

-Магадгүй. Бэлтгэлдээ хэзээ оров, одоо жигдэрч байна уу?

-Энэ намар хөдөөгүүр нэлээд явсан. Айраг цагаа ойрын хэдэн жил уугаагүйгээрээ л уулаа. Өмнө цол авч чадаагүй болохоороо бэлтгэлдээ эрт орчихдог байсан. Энэ жил хүмүүсийн өгсөн бэлэгний адуу малыг цуглуулах, бөөгнүүлэх гээд нэлээд ажилтай байлаа. Би өөрөө бас загас жараахай эргүүлэх хоббитой.

-Орхон голын эрэг дээр өссөн болохоор тэр ч аргагүй байх аа?

-Харин тийм. Уг нь лусын амьтан хороох дэмий гэж мэддэг хэрнээ хар багаасаа голын эрэг дээр л өнждөг байсан болохоор хобби болчихсон. Намайг хайхаараа голын эргээс л олдог байсан гэдэг юм, манайхан. Тэр зангаа тавихгүй юм билээ. Одоо гэхдээ багасгаад, багасгаад бараг больж байна л даа. Хорхойгоо дарах байдлаар загас бариад буцаагаад тавих жишээний /инээв/.

-Одоо яг ямар зорилго өмнөө тавиад зүтгэж байна вэ?

-Ямар ч байсан цолоо ахиулаад түрүү үзүүрт очно л гэсэн бодолтой байна даа. Арслан болчхоод дахиад яриа өгөөд зогсож баймаар л байна шүү. Тэгэхээр улсын наадамд түрүүлж үзэх л гол зорилго байна даа. Сумандаа бас байхгүй цолоо аваад очвол гоё л байх. Манай сум чинь заан ихтэй шүү дээ.

-Нээрээ тийм байх шүү. Цолны чансаа өндөртэй?

-Том Санжаа заанаас эхлээд Дүвчин заан, Санчир заан гээд заанууд олонтой. Бөх сайтай л нутаг.

-Өндөр жин хэдтэй байна вэ?

-Өндөр 185 см, жин 145 хүрсэн. Одоо жингээ буулгана аа.

-Ер нь бэлтгэлээр жингээ бариад байж болдог уу?

-Болно, болно. Би чинь энэ жил 133-135-тай байсан. Наадмаас хойш амраад байсан чинь нэмэгдээд л байдаг юм байна. Бэлтгэл цөмөрчихөөр андашгүй, жин бүр багасчихдаг, минийх.

-Хүндийг өргөлтийнхөнтэй бэлтгэл хийхээр “авьяас байна, хүндийг өргөөч” гээд тамирчид нь хэлдэг гэж байсан. Тийм сонирхол төрж байна уу?

-Олон жил тэд нартай хамт бэлтгэл хийсэн болохоор хараад сурчхаж байгаа юм л даа. Хүнд, хүнд жин дээр би авалт хийнэ, хоёр толгойт хийнэ. Харсаар байгаад сурчихсан болохоор эвээр хийгээд, чадаад байгаа юм л даа. Түүнээс хар бяраар хийвэл бүтэхгүй шүү дээ. Багш заримдаа “чи улсын аваргад орвол яадаг юм” гээд цаашлуулна. Манай хүндийг өргөлтийн дүү нар чинь мундаг аа. Охидуудыг нь харахаар өрөвддөг юм. Эгэм нь бяцарчихсан, гар хуруу нь бэртчихсэн. Нуруу нь суулттай. Эмэгтэй хүнд бол бас л чанга спорт шүү дээ. Их л зоригтой, хэрэглээ өндөртэй, өөртөө арчаатай хүний спорт доо.

-Тэд нартай хамт бэлтгэл хийхээр үндэсний бөхөд нь ямар давуу тал болж өгдөг вэ?

-Би тэд нартай бэлтгэл хийгээд сэтгэлзүй хүчтэй болсон. Яагаад гэвэл би анх штанг хийхдээ хариугүй юм байсан шүү дээ. Тэгэхэд хүндийг өргөлтийн охидууд надаас илүү өргөнө, сууна. Би өөрөөсөө ичиж байгаа юм чинь. Эхэндээ бэлтгэлийн заланд охидууд байвал өргөхгүй ээ /инээв/. Яваандаа тэд нараас үлгэр жишээ аваад, сэтгэлзүй ч зүй өндөр болсон. Боломжоороо өргөдөг болсон.

-Гандболоор бас хичээллэж байсан гэл үү?

-МУБИС-ийн Биеийн тамирын сургуульд байхдаа тоглож байсан. Намайг төвийн тоглогч, хамгаалагчаар авдаг. Би аймаар сайн тоглож чадахгүй ч гэсэн өөрийн хэмжээнд дунд нь гүйгээд оноо аваад болдог л байсан.

-Бөхөөс өөр сонирхлыг нь татдаг зүйл байна уу?

-ПС тоглоом л байна даа. Би их дуртай, дота, контор гээд тоглохгүй юм байхгүй. Багаасаа тоглосон болохоор хаяж чаддаггүй. Бас сониорхолтой төрөл шүү. Хамгийн гол нь хэтрүүлэхгүй л байх хэрэгтэй. Хэтэрвэл донтолт болно. Бас морь мал гоё харагдаад л байгаа. Морь уявал уячихмаар санагдаад л... Гэхдээ одоо барилдаж байгаа болохоор арай болохгүй байх.

-Тэгвэл барилдахаа болихоор морь руу орох хүн байна даа?

-Магадгүй. Бас барилдах хүүхдүүд бэлдвэл бэлдчихээр санагдаад л байгаа. Яагаад гэвэл би өөрөө бүгдийг нь туулаад үзсэн болохоор бөх болоход юу хэрэгтэй, юу чухлыг мэднэ. Одоо бүх зүйлээ тэмдэглэл болгож хөтөлье гэж бодоод байгаа. Ойдов багш маань намайг анх барилдаж эхлэхэд л тэмдэглэл хөтлө гэж хэлдэг байсан. Тэр бас чухал юм билээ. Одоо л ойлгож байна.

-Ойдов гуай чамин чамин зүйл их хэлнэ биз?

-Өө, ёстой аймаар. Яг л бодит зүйл хэлнэ. Багш бид хоёр чинь зунжин л Цагаан нуга зуслан дээрээ ажилладаг байлаа. Би хичээлээ тарангуут яваад очно. Багш тосоод авна. 300 гаруй хүүхэд хүлээж авдаг том зуслан шүү дээ. Ор дэрнээс нь авхуулаад бүх зүйлийг бэлдэнэ. Би түлээ мод бэлдэнэ, газар шорооны ажлууд хийнэ. Тэр хоорондоо бэлтгэлээ бас хийнэ. Үнэхээр завгүй зун өнгөрдөг байсан. Багшдаа их хайртай болохоор би очихгүй байж чадахгүй ээ. Сургууль амрахаар багш тэнд тийм их ажил хийж байгаа гээд бодохоор очихоос аргагүй. Багш маань тэндхийн бүх ажлыг нугалдаг болохоор нэг ч зүгээр суухгүй. Би хөл гарынх нь үзүүрт зарагдангаа юм сурчих гээд л явж байгаа юм чинь. Нэг гэм нь надад портнёр олдохгүй. Хэрвээ портнёр байсан бол би илүү ихийг эрт сурах байсан байх. Лүнгийн нэг хүүхэд байсан юм. Тэр нэг жил гаруй болоод л ирэхээ больчихсон. Зусланд амрахаар ирсэн хүүхдүүдээс томхон биетэйг нь барьж аваад л нухна. Өнөөдүүл чинь халшраад зугтаад алга болно. Сүүлдээ том, бүдүүн мод тэвэрч л бэлтгэл хийдэг болсон доо /инээв/. Багш түлээ хагалсан ч, угаадас асгасан ч түүнийгээ бэлтгэл болго гэнэ. Заримдаа би сургуулийнхаа хүүхдүүдийг уруу татаад дагуулаад очно. Сар болов уу үгүй юу шантраад явчихна. Тэгж л бэлтгэл хийдэг байлаа, багш бид хоёр.

-Одоо Их Монголын хүчтэн дэвжээн дээрээ голлож байна уу, бэлтгэлээ?

-Дэвжээн дээрээ очно оо. Бас Г.Элбэг багшийн бэлтгэл дээр бас очно. Би заавал нэг газар гэхгүй дэвжээ их хэсч бэлтгэл хийдэг. Олонтой бужигнаж бэлтгэл хийх гоё байдаг юм аа. Өөр газар бэлтгэл хийлээ гэж намайг битгий зэмлээрэй /инээв/. Болж бүтэх бүхнээс сурах, суралцах гэж хичээж яваа шүү.

-Цэргийн харьяалалтай бөхчүүдийн нэг байх аа?

-Би чинь Алдар спорт хороо, 016-р нэгтгэл танкийн батальонд харъяалагддаг юм шүү дээ. Анх Лодойдамба генерал оруулж өгч байлаа. Хурц арслан Д.Цэвэлсодном ах Лодойдамба генералтай танилцуулсан юм. Цэвэлээ ах бид хоёр чинь ойрын хамаатнууд. 2019 оноос хойш энэ ангидаа тууштай ажиллаж байгаа. Удирдлагууд маань бөх сайн мэддэг, ойлгодог, дэмждэг хүмүүс байдаг. Манай ангийн захирагч хурандаа Мөнхбаяр гэж Өвөрхангайн Бүрд сумын хүн бий. Манай анги чинь нэлээд олон бөхтэй. Энэ ташрамд намайг үргэлж тусалж дэмждэг бүх хүмүүстээ баярлаж талархаж явдгаа Бөх сониноороо дамжуулан уламжилъя. В.Энхбаатар захиралтай “Алтанжолоо” группийн хамт олондоо, “Алдар” спорт хороо, 016-р нэгтгэлийн хамт олондоо үнэхээр их баярлаж явдаг. Миний хуурай ах Батбаатар гэж сайхан хүн бий. Төрсөн ахаас минь өөрцгүй. Өмнө барилддаг байсан. Эрдэнэпүрэв гэж мундаг ах минь бий. Увсынх, бөхөд үнэхээр дуртай. Намайг бас их дэмжиж, тусалдаг. Батхүрэл гэж нутгийн минь ах байна. Бас л бөхөд дуртай. Илүү дутуу зан байхгүй. Нутаг орныхон, найз нөхөд гээд дэмжиж тусалдаг олон хүмүүс байна аа. Хэдэн хөөрхөн дүү нар минь бас байна. Чулуунтогтох /Бороо/ гээд гадаадад ажиллаж амьдардаг. Яриад байвал зөндөө л хүн байна даа. Бүгдийнх нь нэрийг багтааж хэлээгүй бол өршөөгөөрэй. Бүгдэд нь чин сэтгэлээсээ баярлаж талархаж явдаг шүү. Манай нутгийн Сугаржаргал ах, Өнөржаргал ах хоёр маань байна. Нэг нь улсын начин, нөгөө нь аймгийн харцага. Энэ олон хүмүүсээ найр наадам дээр үлдээчих вий, орхичих вий гэж айх юм. Цолны наадам дээрээ урилга хүргэж чадаагүй хүмүүсээсээ бас уучлал гуйя. Уг нь нийтээр нь урьсан юм шүү дээ. Цол авсныг нь мэдэж байгаа юм чинь өөрсдөө хүрээд ирэх нь зөв байсан шүү гэхгүй юу /инээв/. Би өөрөө одоогоор хоёр хүүхэд дагуулж бэлтгэл хийлгэж байгаа. Чадах хэмжээгээрээ дүү нараа бэлдэнэ гэж боддог. Бэлтгэл хийлгэж байтал болж л таараа.

-Урилга хүлээн авч ирж дэлгэрэнгүй сайхан ярилцсанд баярлалаа. Тун удахгүй арслан цолтойгоор дахин Бөх сониндоо зочлох байх гэж итгэж байна?

-Бушуухан л арслан цолтойгоор Бөх сониныхоо уншигчидтай уулзмаар байна шүү, эгч минь. Оройтохгүй шиг /инээв/. Сайхан хүрээлэл дунд бэлтгэлээ сайн хийгээд явж байхад болох байлгүй дээ, тийм ээ.

-Тэгэлгүй яах вэ. Ерөөл бат оршиг.

ЭХ СУРВАЛЖ: БӨХ СОНИН 2025 ОНЫ 10-Р САР

ЯРИЛЦСАН С.БАДАМГАРАВ


Харцага О.Наранбаатар: О.Хангай аварга масс ихтэй, мэдрэмжтэй, биеэ сайн сулладаг, над шиг адилхан бярддаг хүнд бол хэцүү...
Сэтгэгдэл
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд chig.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ