ХБНГУ-ын Канцлер Ангела Меркель өнгөрсөн пүрэв гаригт сонгогч, дэмжигчидтэйгээ сүүлчийн удаа уулзахад тэд бүтэн хоёр цагийн турш эсэргүүцэн хашгирч, шүгэлдсээр дуусгажээ. 16 жил Канцлер буюу Ерөнхий сайдын албыг хашиж, дэлхийн дээд амжилтын номд бичигдсэн энэ улстөрчийн замнал төрөлх Герман төдийгүй Европын холбоо цагаачдын түрэмгийлэлд өртсөн, Герман улс Европын холбоон дахь тэргүүлэгчийн байр сууриа Францад алдсан гэсэн тийм ч таатай бус үр дүнтэйгээр дуусаж байна. Тэрээр ирэх ням гарагт болох парламентын сонгуулийн үр дүнгээр байгуулагдах Парламентаас нэр дэвших хүнд албан тушаалаа хүлээлгэн өгөх юм. Түүнд энэ сонгуульд намаа ялуулж, албан тушшаалаа үргэлжлүүлэх боломж байсан ч Цагаачдын хямралыг шийдэхдээ нээлттэй хаалганы бодлого барьснаасаа болоод дэмжлэгээ алдсан юм.
“Форбс” сэтгүүлээс гаргадаг хамгийн хүчирхэг, нөлөө бүхий эмэгтэйчүүдийн жагсаалтыг олон удаа тэргүүлж асан энэ эмэгтэй дэлхийн хүчирхэг гүрнүүдийн нэг ХБНГУ-ын анхны эмэгтэй Канцлер гэдгээсээ гадна коммунист байсан зүүн Германаас “угшилтай” улстөрчдөөс анхлан энэ албан тушаалд хүрсэн гэдгээрээ онцгойрдог. А.Меркель 1954 онд баруун Германы Гамбург хотод төрсөн ч номлогч аав нь Зүүн Германд ажиллахаар болсноор тийшээ нүүсэн гэдэг. Ээж нь Зүүн Германы Социал Демократ намын гишүүн байжээ. Ангелагийн намтрыг халти харахаар манайхны нэг үе бэлтгэх гэж оролдоод олон хүүхэд “алж” хаясан “хөрвөх чадвартай боловсон хүчин” бэлтгэх бодлогод яг тохирох “материал” байжээ” гэж эрхгүй бодогдоно. Багадаа тоо, физик, химийн хичээлд онцгой авьяастай байснаас физикийг нь сонгон 24 настайдаа докторын зэрэг хамгаалсан. Гэвч дараа нь химичээр ажиллах болжээ. Улс төрөөр хоолоо олно гэж хэзээ ч бодож байгаагүй ч улс оронд нь ардчиллын “салхи сэвэлзэж” эхлэхэд өөрийн эрхгүй татагдан орж, 1990 онд Берлиний хана нурсны дараа анхны ардчилсан сонгуульд өрсөлдөн 36 настай байхдаа Засгийн газрын Хэвлэлийн албаны даргаар ажиллах болсон байна. Тэрбээр хоёр Герман нэгдсэнээс хоёр сарын дараа Христчидийн ардчилсан намд элсч, хэдэн сарын дараа Х.Колийн танхимд эмэгтэйчүүд, залуучуудын асуудал эрхэлсэн сайд болчихсон цохиж явсан. 10 жилийн дараа мөнөөх Х.Колийг “даван” намын дарга болж, 2005 онд Германы анхны эмэгтэй Канцлераар сонгогджээ.
Манайхны хэлдгээр хийгүй улстөрч тул улстөрийн дайснууд нь түүнийг түүнийг үр хүүхэдгүй, гаднах төрх нь хүйтэн гэх мэт “газар авахгүй шүүмжлэлээр “булдаг”. Үнэхээр ч А.Меркельд үр хүүхэд байхгүй. Берлиний уугуул химич Йоахим Зауэртэй гэрлэсэн ч үр удмаа үлдээх талаар анхаарал тавиагүй. Мөн улаан, харын хослол, ер нь хурц тод өнгийн хувцас өмсдөгөөс нь үүдэн зарим хүмүүс түүнийг “муу” хүн мэтээр ярих нь байдаг. Гэтэл энэ “муу” хүн нь 2009 онд германчуудын 60 хувийн дэмжлэгийг хүлээн Канцлераар улиран сонгогдсон юм. Потсдам дахь Либерал институтын тэргүүн Детмар Деринг түүний талаар “Зарим хүмүүс Ангела Меркелийг уйтгартай, нутгархаг хүн байсан гэж батлахыг оролддог. Тэгвэл тэд түүнийг сайн мэдээгүй л байна даа. Зүүн Германы улстөрч Холбооны улсын дийлэнх олонхийн саналыг авахын тулд худлаа ярих шаардлага байхгүй. Харин найдвартай хүн гэдгээ баталсаар байсан нь л гол түлхэц болсон юм. Германы сонгогчид тэнэг биш ээ. А.Меркель ч юу хийхээ сайн мэднэ” хэмээн өгүүлсэн байдаг юм билээ.
Зүүн Германы протестант шашинтнуудын хэсэгт төрсөн Ангела бүсгүй Христианы Ардчилсан намд хоёр Герман нэгдсэний дараа буюу 1990 онд элссэн ч 10-хан жилийн дотор лидер нь болж чадсан нь түүний бусдыг татах чадварын илэрхийлэл юм. Улстөрчийн хувьд хийгүйгээсээ гадна, давхар мэх хийх аргад гаргуун суралцсан гэгддэг. Канцлер асан Хельмут Кольтой өрнүүлсэн тэмцэлд энэ байдал нь тод харагдсан гэж үздэг. 2007 онд Канцлер болсноос гадна “Их найм”-ын орнуудыг тэргүүлж энэ албыг хашсан хоёр дахь эмэгтэй болсон. Эхнийх нь “Төмөр хатагтай” Маргарет Тэтчер. Европын холбооны үйл ажиллагааны журмын гол баримт бичиг, Үндсэн хууль гэж хэлж болох болох Лиссабоны тунхаглалыг батлахад гол үүрэг гүйцэтгэсэн явдал түүнийг дэлхийн хэмжээний улстөрч болохыг баталсан юм.
Сүүлийн үед Грект сэтгэл харамгүй тусалж байгаагаасаа болоод “Ирэх сонгуульд унах магадлалтай” гэгдэх болсон. Гэхдээ “Грекчүүд Европын холбооноос авсан зээлийнхээ барьцаанд хэд, хэдэн арлаа тавьсан. Хэрвээ зээлээ төлж чадахгүй бол арлууд гол зээлдүүлэгч болох Германы мэдэлд очно. Ингэснээр Герман улс далайд гарцтай болно” гэсэн мэдээлэл компромат сайтуудад гарч байсан. Өөрөөр хэлбэл, А.Меркель яавч алдаатай наймаа хийхгүй хүн. Харин "Цагаачдын хямрал"-аар баримталсан байр суурь нь ашиг, алдагдлын алиныг авчрахыг харахад нэлээд хугацаа шаардагдах болов уу.
Агуу удирдагчийн гунигт төгсгөл |
2025-03-11 16:53:51
2025-03-11 16:29:58
2025-03-11 15:47:08
2025-03-13 17:18:20
2025-03-13 16:50:19
2025-03-13 15:59:09
2025-03-13 15:22:12
2025-03-13 15:16:59
2025-03-13 15:14:04
2025-03-13 15:04:35
2025-03-13 14:56:29
2025-03-13 13:57:59
2025-03-13 13:55:00
2025-03-13 13:33:10
2025-03-13 13:22:29
2025-03-13 12:55:41
2025-03-13 12:41:34
2025-03-13 12:06:50
2025-03-13 11:52:29
2025-03-13 11:46:32
2025-03-13 11:31:37
2025-03-13 11:26:11
2025-03-13 11:08:42
2025-03-13 11:08:01
2025-03-13 10:47:20
2025-03-13 10:34:32
2025-03-13 10:25:41
2025-03-13 10:14:11
2025-03-13 09:36:18
2025-03-13 07:08:16
2025-03-13 07:03:46