Аравдугаар сард дулаахан байна

Цаг уур, орчны шинжилгээний газраас аравдугаар сарын цаг агаарын урьдчилсан мэдээг хүргэлээ.

Аравдугаар сарын агаарын дундаж температур баруун болон говийн аймгуудын нутаг, төвийн аймгуудын баруун хэсгээр ОЖД–аас дулаан, бусад нутгаар дунджийн орчим байх төлөвтэй байна. Хур тунадасны хувьд баруун болон төвийн аймгуудын нутгаар ОЖД–аас харьцангуй бага тунадастай байх боловч, говийн аймгуудын зүүн өмнөд хэсгээр ОЖД–аас ахиу, бусад нутгаар дунджийн орчим байх төлөвтэй байна. Сарын эхээр нутгийн хойд хэсгээр хур тунадас орж, агаарын температур сэрүүхэн байх боловч цаашдаа ихэнх нутгаар өдөртөө дулаарна. Харин хоёр болон гуравдугаар арав хоногийн дунд үеүдэд ихэнх нутгаар цас орж, зарим газраар цасан болон шороон шуурга шуурч болзошгүй.

Баруун аймгуудын нутгаар

Баян-Өлгий, Ховд, Увс, Завхан, Говь-Алтай, Баянхонгор

Агаарын температур: Баруун аймгуудын нутгаар олон жилийн дунджаас дулаан байна. Хоёрдугаар арав хоногийн эхэн, гуравдугаар арав хоногийн дунд үеэр ихэнх нутгаар олон жилийн дунджаас 1–3°С градусаар хүйтэн. Харин нэгдүгээр арав хоногийн дунд, хоёр болон гуравдугаар арав хоногийн сүүлээр ихэнх нутгаар олон жилийн дунджаас 1–2°С дулаан байна.

Хур тунадас: Сарын эхээр нутгийн хойд хэсгээр бага зэргийн хур тунадас орно. Баян–Өлгий,  Ховдын нутаг, Говь–Алтай, Баянхонгорын өмнөд хэсгээр ОЖД–аас бага, бусад нутгаар дунджийн орчим хур тунадастай. Цаашдаа нэгдүгээр арав хоногийн дунд, хоёрдугаар арав хоногийн эхэн болон дунд, гуравдугаар арав хоногийн дунд үеэр ихэнх нутгаар цас орж, салхи зарим газраар 12–14 м/с, зарим үед түр зуур 18–20 м/с хүртэл ширүүсч, цасан болон шороон шуурга шуурч болзошгүй.

Төвийн аймгуудын нутгаар

Архангай, Өвөрхангай, Хөвсгөл, Булган, Сэлэнгэ, Төв, Орхон, Дархан-Уул

Агаарын температур: Хөвсгөл, Архангай, Өвөрхангайн нутгаар ОЖД–аас дулаан, бусад нутгаар дунджийн орчим байна. Хоёр болон гуравдугаар арав хоногийн дунд үеэр ихэнх нутгаар ОЖД–аас 1–3°С-аар хүйтэн. Харин нэгдүгээр арав хоногийн дунд, хоёрдугаар арав хоногийн эхэн болон дунд, гуравдугаар арав хоногийн сүүлээр ихэнх нутгаар ОЖД–аас 1–2°С-аар дулаан байх төлөвтэй.

Хур тунадас: Сарын эхэнд нутгийн хойд хэсгээр 2, 3-нд ихэнх нутгаар хур тунадас орно. Өвөрхангайн нутгаар ОЖД–ийн орчим, бусад нутгаар дунджаас бага байх төлөвтэй байна. Цаашдаа нэгдүгээр арав хоногийн дунд үе, хоёрдугаар арав хоногийн эхэн, гуравдугаар арав хоногийн эхэн болон дунд үеүдэд ихэнх нутгаар цас орж салхи зарим газраар 12–14 м/с, зарим үед түр зуур 18–20 м/с хүртэл ширүүсч цасан болон шороон шуурга шуурч болзошгүй байна.

Зүүн аймгуудын нутгаар

Хэнтий, Дорнод, Сүхбаатар

Агаарын температур: Зүүн аймгуудын нутгаар агаарын температур олон жилийн дунджийн орчим байна. Сарын эхэнд ихэнх нутгаар өдөртөө дулаахан байх боловч 2, 3-нд ихэнх нутгаар ОЖД–аас 1–2°С-аар сэрүүснэ. Цаашдаа нэгдүгээр арав хоногийн сүүлч, хоёрдугаар арав хоногийн дунд үе, гуравдугаар арав хоногийн эхэн болон дунд үеүдэд ихэнх нутгаар ОЖД–аас 1–3 °С-аар хүйтэн байна. Харин нэгдүгээр арав хоногийн дунд, хоёрдугаар арав хоногийн эхэн болон сүүлч, гуравдугаар арав хоногийн сүүлээр ихэнх нутгаар ОЖД–аас 1–2°С-аар дулаан байх төлөвтэй байна.

Хур тунадас: Сарын эхэнд ихэнх нутгаар хур тунадас орно. Хэнтийн баруун хэсгээр ОЖД–аас бага, бусад нутгаар дунджийн орчим байх төлөвтэй.Цаашдаа нэгдүгээр арав хоногийн сүүлч, хоёрдугаар арав хоногийн эхэн болон сүүлч, гуравдугаар арав хоногийн дунд үеэр ихэнх нутгаар цас орж салхи зарим газраар 12–14 м/с, зарим үед түр зуур 18–20 м/с хүртэл ширүүсч цасан болон шороон шуурга шуурч болзошгүй байна.

Говийн аймгуудын нутгаар

Дундговь, Өмнөговь, Дорноговь, Говь-Сүмбэр

Агаарын температур: Говьсүмбэрийн нутаг, Дундговийн хойд хэсгээр ОЖД–аас дулаан байна. Сарын эхээр ихэнх нутгаар ОЖД–аас 1–2°С-аар сэрүүхэн, цаашдаа хоёрдугаар арав хоногийн дунд, гуравдугаар арав хоногийн эхэн болон дунд үеүдэд ихэнх нутгаар ОЖД–аас 1–3°С-аар хүйтэн байна. Харин бусад хугацаанд ОЖД–аас 1–2°С-аар дулаан байх төлөвтэй байна.

Хур тунадас: Өмнөговийн зүүн, Дорноговийн өмнөд хэсгээр ОЖД–аас ахиу, Өмнөговийн баруун хэсгээр ОЖД–аас бага, бусад нутгаар дунджийн орчим хур тунадастай. Сарын эхээр нутгийн хойд хэсгээр, нэг болон хоёр, гуравдугаар арав хоногийн дунд үеүдэд ихэнх нутгаар нойтон цас орж, салхи зарим газраар 16–18 м/с, зарим үед түр зуур 20–24 м/с хүрч ширүүсч, цасан болон шороон шуурга шуурч болзошгүй байна.


Аравдугаар сард дулаахан байна
Сэтгэгдэл
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд chig.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ