Социал Демократ Монголын Эмэгтэйчүүдийн Холбоо малчин эмэгтэйчүүдээ туршлага судлуулж байна

Социал Демократ Монголын Эмэгтэйчүүдийн Холбооны (СДМЭХ) 38 эмэгтэй Монгол Улсын 21 аймгийг төлөөлөн БНХАУ-ын ӨМӨЗО-ны Шилийн гол аймагт зохион байгуулж буй малчин эмэгтэйчүүдийн туршлага судлах сургалтад оролцож байна. Тус үйл ажиллагаа нь малчин эмэгтэйчүүдийн мэдлэг, ур чадварыг нэмэгдүүлэх, шинэ технологи, үйлдвэрлэлийн арга туршлагаас суралцах, сайн туршлагыг эх орондоо нэвтрүүлэх, цаашид түгээн дэлгэрүүлэхэд чиглэж байна. СДМЭХ нь Монгол Улсын 21 аймаг, нийслэлийн 9 дүүрэг, сум, хороодод салбар бүтэцтэйгээр үйл ажиллагаа явуулж, эмэгтэйчүүдийн оролцоо, манлайлал, хөгжил, эдийн засгийн чадавхыг дэмжих чиглэлээр үндэсний хэмжээнд ажилладаг.

СДМЭХ “WOMEN” таван тулгуурт бодлогынхоо хүрээнд үндэсний үнэт зүйл, өв уламжлалаа хадгалан хөгжүүлэх, эмэгтэйчүүдэд тэгш боломж бүрдүүлэх, бизнес эрхлэлт, бүтээлч санаачилгыг дэмжихэд чиглэсэн олон талт ажлыг хэрэгжүүлж байна. Түүнчлэн эмэгтэйчүүдийн ур чадвар, хөдөлмөр, туршлагыг бодит орлого, үйлдвэрлэл, хөгжлийн боломжтой холбохыг зорин ажиллаж байгаа юм. Энэ хүрээнд зохион байгуулж буй сургалтаар оролцогчид малын тэжээл үйлдвэрлэл, сүү, сүүн бүтээгдэхүүн, мах, арьс шир боловсруулах үйлдвэрлэл, бүтээгдэхүүний чанар, үнэ цэнийг нэмэгдүүлэх арга технологи болон цахим худалдааны чиглэлээр онолын болон практик мэдлэг, туршлага судална.

СДМЭХ болон Бүх Хятадын Эмэгтэйчүүдийн Холбоо 2026 оны гуравдугаар сарын 24-ний өдөр Бээжин хотноо хамтын ажиллагааны харилцан ойлголцлын санамж бичиг байгуулсан. Энэхүү сургалт нь уг санамж бичгийн хүрээнд хэрэгжүүлж буй гурав дахь хамтарсан үйл ажиллагаа болж байгаагаараа онцлог юм. Хоёр байгууллагын хамтын ажиллагааны хүрээнд хэрэгжиж буй энэхүү үйл ажиллагаа нь эмэгтэйчүүдийн хөгжил, оролцоо, эдийн засгийн чадавхыг дэмжих, харилцан туршлага солилцох, хамтын ажиллагааг өргөжүүлэхэд чухал ач холбогдолтой. 


Социал Демократ Монголын Эмэгтэйчүүдийн Холбоо малчин эмэгтэйчүүдээ туршлага судлуулж байна
Сэтгэгдэл
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд chig.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0