БЕГ ₮400 саяар үе тэнгийн дээрэлхэлтийн эсрэг "Кива" хөтөлбөр хэрэгжүүлнэ

Боловсролын ерөнхий газраас 400 сая төгрөгөөр сургуулийн орчин дахь үе тэнгийн дээрэлхэлтийн эсрэг олон улсын хөтөлбөр хэрэгжүүлэх үйлчилгээ үзүүлэгчийг сонгон шалгаруулах нээлттэй тендер зарлажээ.

Тендерийн санхүүжилт нь Улсын төсвийн хөрөнгөөр бүрэн шийдэгдэж байгаа юм. Шалгарсан байгууллага нь сурагчдад зориулсан сэргийлэх хичээл, багш нарт зориулсан сургалт, хяналтын цогц систем бүхий олон улсын KiVa хөтөлбөрийг Монголын сургуулийн орчинд нэвтрүүлж, хэрэгжүүлэх үйлчилгээг үзүүлэх аж. 

kiva хөтөлбөр нь дээрэлхэлт үргэлжлэх нөхцөлийг бүрдүүлдэг нийгмийн харилцааны хүчин зүйлд, ялангуяа дээрэлхэлтийг харсан ч оролцохгүй өнгөрдөг ажиглагч сурагчдын үүрэгт анхаарал хандуулдаг аж. Мөн сурагчид дээрэлхэлтийг нууц байдлаар мэдээлэх боломжтой системтэй бөгөөд багш нараас бүрдсэн тусгай баг асуудлыг шалгаж, хохирогч болон үйлдэгчидтэй ажилладаг.

Зөвхөн дээрэлхэгчийг шийтгэхэд төвлөрөхийн оронд сурагчдыг хохирогчийг дэмжих, дээрэлхэлтийг үл зөвшөөрөх хандлагад сургах замаар бүлгийн зан төлөвийг өөрчлөхийг зорьдог ажээ. Хөтөлбөрийн хүрээнд анги танхимд өрөвдөх сэтгэл, сэтгэл хөдлөлийн ойлголт, харилцан хүндэтгэлтэй харилцах талаар хичээл ордог байна. Мөн хөтөлбөрийн хүрээнд эцэг эхчүүдэд хүүхдүүдтэйгээ дээрэлхэлтийн талаар ярилцахад туслах материал, зөвлөмж өгдөг бөгөөд жил бүр нэрээ нууцалсан судалгаа явуулж сургуулийн орчин болон дээрэлхэлтийн түвшинг үнэлдэг. Судалгаагаар kiva хөтөлбөр хэрэгжсэн сургуулиудад дээрэлхэлтийн тохиолдол мэдэгдэхүйц буурсан гэсэн үр дүн гарч байжээ.


БЕГ ₮400 саяар үе тэнгийн дээрэлхэлтийн эсрэг "Кива" хөтөлбөр хэрэгжүүлнэ
Сэтгэгдэл
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд chig.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ