Улаанбаатар хот, 21 аймгийн төвийн агаарын чанарыг автоматаар хянах тогтолцоо бүрдлээ

“Улаанбаатар хот болон 21 аймгийн төвд агаарын чанарын хяналтын автомат станц суурилуулах” төслийн хаалтын үйл ажиллагаа өнөөдөр боллоо.

Монгол Улсын Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам, БНСУ-ын Байгаль орчны яам, Байгаль орчны корпорацитай хамтран хэрэгжүүлсэн тус төсөл 2023-2026 онд нийт 8.9 сая ам.долларын буцалтгүй тусламжийн санхүүжилтээр хэрэгжүүлсэн.

Төслийн хүрээнд Улаанбаатар хот болон 21 аймгийн төвд агаарын чанарын автомат станцыг бүрэн суурилууллаа.

Ингэснээр агаар дахь хүхэрлэг хий, азотын ислүүд, РМ2.5, РМ10 тоосонцор, озон, нүүрстөрөгчийн дутуу исэл болон цаг уурын үзүүлэлтийг тасралтгүй хэмжих боломж бүрдэж байгаа юм.

Хэмжилтийн мэдээллийг иргэд, олон нийт "agaar.gov.mn платформ" (https://agaar.gov.mn?utm_source=chatgpt.com)-оор бодит цагийн горимоор харах боломжтой боллоо.

Мөн Монгол Улс өмнө нь зөвхөн цаг агаарын төлөв байдалд дүн шижилгээ хийж чаддаг байсан бол энэхүү төслийн үр дүнд агаарын чанарын урьдчилан мэдээг иргэд авах бүрэн боломжтой болж байна.

Иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийн хэрэгжилтийг хангах, байгаль орчныг хамгаалах, агаарын бохирдлыг бууруулах Монгол Улсын тэргүүлэх зорилгыг хэрэгжүүлэх бодлого оновчтой, үр дүнтэй болоход чухал хувь нэмэр оруулах юм.

Ийнхүү Монгол Улс агаарын чанарын мэдээллийг нэгдсэн системээр тасралтгүй хэмжиж, боловсруулах, олон нийтэд шуурхай хүргэх суурь тогтолцоотой боллоо.


Улаанбаатар хот, 21 аймгийн төвийн агаарын чанарыг автоматаар хянах тогтолцоо бүрдлээ
Сэтгэгдэл
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд chig.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ