"Хүннү Эйр", "Аэромонголиа", "Изинис Эйрвэйз" компанийн чартер нислэгийн зарим үйлчилгээг хязгаарлана

"Чингис хаан" олон улсын нисэх буудлын үйл ажиллагааг эрхлэгч "Нью Улаанбаатар Интернэйшнл Эйрпорт" ХХК (НУБИЭ) нь хуримтлагдсан өр төлбөрөө барагдуулаагүй "Хүннү Эйр" ХХК, "Аэромонголиа" ХХК, "Изинис Эйрвэйз" ХХК-ийн захиалгат (чартер) нислэгт үзүүлэх зарим төлбөртэй үйлчилгээг үе шаттайгаар хязгаарлах болсноо мэдэгдлээ.

Тус компани 2026 оны зургаадугаар сарын 30-нд дээрх гурван агаарын тээвэрлэгчийн өр төлбөрийн асуудал шийдэгдээгүй тохиолдолд нисэх буудлын зарим төлбөртэй үйлчилгээнд хязгаарлалт тогтоож болзошгүй талаар олон нийтэд мэдээлж байсан юм. Гэвч өнөөдрийг хүртэл эдгээр компани үйлчилгээний гэрээгээр хүлээсэн төлбөрийн үүргээ бүрэн биелүүлээгүй, өр төлбөрөө барагдуулах чиглэлээр бодит үр дүнд хүрээгүй тул Монгол Улсын хууль тогтоомж болон байгуулсан гэрээний дагуу дараах арга хэмжээг хэрэгжүүлэхээр болжээ.

Тодруулбал,

  • 2026 оны долоодугаар сарын 29-нөөс "Хүннү Эйр", "Аэромонголиа", "Изинис Эйрвэйз" компанийн орон нутгийн захиалгат (чартер) нислэгт нисэх буудлын зарим төлбөртэй үйлчилгээг үзүүлэхгүй.
  • 2026 оны наймдугаар сарын 3-наас эхлэн дээрх компаниудын олон улсын захиалгат (чартер) нислэгт мөн адил зарим төлбөртэй үйлчилгээг хязгаарлана.

Харин Иргэний нисэхийн тухай хууль тогтоомж болон нислэгийн аюулгүй ажиллагааны шаардлагыг хангах үүднээс буулт, хөөрөлт, хөөрч буух зурвасын үйлчилгээ, хуваарьт орон нутгийн болон олон улсын нислэгүүд, түүнчлэн аюулгүй ажиллагаатай холбоотой үйлчилгээнд ямар нэгэн хязгаарлалт тогтоохгүй гэдгийг НУБИЭ онцолсон байна.

Энэхүү арга хэмжээ нь зөвхөн нэр бүхий гурван агаарын тээвэрлэгчийн захиалгат нислэгийн үйл ажиллагаатай холбоотой төлбөртэй үйлчилгээнд хамаарах бөгөөд бусад агаарын тээвэрлэгч болон тэдгээрийн нислэгийн үйл ажиллагаанд нөлөөлөхгүй юм.

Мөн холбогдох компаниуд өр төлбөрөө бүрэн барагдуулж, шаардлагатай нөхцөлийг хангасан тохиолдолд үйлчилгээний хязгаарлалтыг цуцална гэдгийг НУБИЭ мэдэгдэлдээ дурджээ.


"Хүннү Эйр", "Аэромонголиа", "Изинис Эйрвэйз" компанийн чартер нислэгийн зарим үйлчилгээг хязгаарлана
Сэтгэгдэл
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд chig.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ