Ховд аймагт бүртгэгдсэн тарваган тахлын тохиолдол булчирхайн хэлбэр болох нь тогтоогджээ

Ховд аймгийн Жаргалант суманд энэ оны долоодугаар сарын 20-нд бүртгэгдсэн тарваган тахлын сэжигтэй тохиолдол хүний тарваган тахлын халдвар болох нь өмнө нь батлагдсан. Харин нян судлалын эцсийн шинжилгээгээр уг өвчлөл тарваган тахлын булчирхайн хэлбэр болохыг тогтоожээ.

Энэ талаар Ховд аймгийн Зооноз өвчин судлалын төвийн дарга Б.Баяржаргал "Булчирхайн хэлбэрийн тарваган тахлын үед олон нийтийг хамарсан хөл хорио тогтоох шаардлагагүй. Тарваган тахал нь булчирхайн, уушгины, үжлийн, гэдэсний болон хавсарсан гэсэн эмнэл зүйн таван хэлбэртэй бөгөөд эдгээрээс хамгийн түгээмэл нь булчирхайн хэлбэр. Энэ нь ихэвчлэн өвчилсөн тарвагыг арьслах, мах эвдэх үед арьсны шарх, зүсэлтээр дамжин халдварладаг" гэв.

Өвчний эхэн үед халдвар орсон хэсгийн тунгалгийн булчирхай томорч, цаашлаад цавь, суга, хүзүүний булчирхай хавдах, өвдөх, үрэвсэх, буглах шинж илэрдэг байна. Үүний зэрэгцээ гэнэт өндөр халуурах, толгой болон үе мөчөөр хүчтэй өвдөх зэрэг ерөнхий хордлогын шинж тэмдэг илэрдэг аж

Тарваган тахал нь хүний амь насанд аюултай халдварт өвчин бөгөөд дараах үндсэн замуудаар халдварладаг.

  • Шууд хавьтлын замаар-Өвчтэй тарвага агнах, арьс өвчих, мах эвдэх үед болон өвчтэй хүнийг хамгаалах хэрэгсэлгүй асарч, халдвартай эд зүйлстэй хүрэлцэхэд халдвар авна.

  • Дам халдварын замаар-Халдвартай мэрэгч амьтдын бөөс, бүүрэг, хачигт хазуулснаар халдварлана.

  • Агаар дуслын замаар-Тарваган тахлын уушгины хэлбэрээр өвчилсөн хүнээс бусдад амьсгалын замаар халдвар дамжина.

  • Хоол хүнсний замаар-Өвчилсөн тарваганы түүхий эд, дутуу болгосон мах, махан бүтээгдэхүүн хэрэглэснээр халдвар авах эрсдэлтэй гэдгийг Зоонозын өвчин судлалын үндэсний төвөөс мэдээллээ.


Ховд аймагт бүртгэгдсэн тарваган тахлын тохиолдол булчирхайн хэлбэр болох нь тогтоогджээ
Сэтгэгдэл
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд chig.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0