МСНЭ-ийн Ерөнхийлөгчөөр сонгогдсон Л.Нинжжамц гэж хэн бэ

Монголын Сэтгүүлчдийн Нэгдсэн Эвлэл (МСНЭ)-ийн Ерөнхийлөгчийг сонгох сунгаа зургаадугаар сарын 21-ний өдөр зохион байгуулагдлаа. Энэ удаагийн сонгуульд Л.Нинжжамц, З.Боргилмаа нар нэр дэвшин өрсөлдсөнөөс санал хураалтын дүнгээр 179 төлөөлөгчийн дэмжлэгийг авч, Лувсандашийн Нинжжамц МСНЭ-ийн шинэ Ерөнхийлөгчөөр сонгогдсон билээ.

Тэгвэл мэдээллийн салбарыг тэргүүлэхээр болсон Л.Нинжжамц гэж хэн бэ?

Л.Нинжжамц нь 1972 онд Улаанбаатар хотод төрсөн. Тэрбээр МУИС-ийг философич мэргэжлээр, Отгонтэнгэр их сургуулийг эрх зүйч мэргэжлээр тус тус дүүргэсэн, Хууль зүйн шинжлэх ухааны магистр зэрэгтэй бөгөөд байгууллагын удирдлагын онол зүйгээр докторантурт суралцаж буй боловсролтой нэгэн юм.

Тэрбээр ажлын гараагаа 1996 онд Монголын анхны чөлөөт хэвлэлүүдийн нэг болох “Толь” сониноос эхлүүлж байжээ. Үүнээс хойш салбартаа тасралтгүй ажиллан, дараах хариуцлагатай албан тушаалуудыг хашиж байв.

  • 1998–2006 он: Монголын Сонины Холбооны Гүйцэтгэх захирал
  • 2011–2016 он: “Өглөөний сонин”-ы Ерөнхий эрхлэгч
  • 2016–2017 он: МҮОНРТ-ийн Дэд захирал
  • 2017–2020 он: МҮОНРТ-ийн Ерөнхий захирал

Түүнийг МҮОНРТ-ийн Ерөнхий захирлаар ажиллах хугацаандаа тус байгууллагад технологийн болон бүтцийн томоохон шинэчлэлүүдийг хийсэн гэж салбарынхан үнэлдэг. Тэрбээр үндэсний телевизийн “хальсны” технологийг халж, бүрэн HD формат руу шилжүүлсэн бөгөөд олон нийтийн хүртээл болсон MNB World, MNB Sport, MNB Гэр бүл сувгуудыг санаачлан нээж байжээ. Мөн “Цагийн хүрд” хөтөлбөрийн студийг шинэчилж, Монголын радиог “Дүрстэй радио” болгон өөрчилсөн байна.

Ажилчдын нийгмийн асуудлыг шийдвэрлэх хүрээнд тус байгууллагын дэргэд 200 ортой хүүхдийн цэцэрлэг байгуулж байснаас гадна “Хавдрын эсрэг үндэсний аян”-ыг орон даяар 9 удаа амжилттай зохион байгуулж байв.

Л.Нинжжамц нь зөвхөн хэвлэл мэдээллээс гадна төрийн өндөр албан тушаалд зөвлөх, удирдлагын чиглэлээр ажиллаж байсан туршлагатай.

Монгол Улсын Ерөнхий сайд С.Баярын үед Засгийн газрын Хэвлэл мэдээллийн албаны даргааар ажиллаж байв.

УИХ-ын дарга асан Г.Занданшатарын зөвлөх, УИХ-ын Парламентын сурталчилгаа, мэдээллийн төвийн даргаар ажиллахдаа хууль тогтоох байгууллагыг иргэдэд нээлттэй болгох “D-Парламент” цахим платформыг хэрэгжүүлсэн байна.

Мөн тэрбээр “Нинжин сэтгэл хайр сан”-г ажиллуулж, сүүлийн 10 жилийн хугацаанд “Өнөр бүл” хүүхдийн асрах төвийн болон зорилтот бүлгийн 3500 гаруй хүүхдэд хичээлийн хэрэгсэл, тусламж дэмжлэг үзүүлэх ажлыг тогтмол зохион байгуулж иржээ


МСНЭ-ийн Ерөнхийлөгчөөр сонгогдсон Л.Нинжжамц гэж хэн бэ
Сэтгэгдэл
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд chig.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ