Орхон аймаг цэнгэлдэх хүрээлэнгийнхээ амьд зүлгийг ₮3.3 тэрбумын хиймэл зүлгээр сольж байна

Орхон аймаг ирэх долоодугаар сард түүхт 50 жилийн ойгоо тэмдэглэнэ. Ойн баяр угтсан бүтээн байгуулалтын ажлын хүрээнд тус аймгийн төв цэнгэлдэх хүрээлэнгийн байгалийн ногоон зүлгийг хуулж, олон улсын стандартад нийцсэн хиймэл зүлгээр солих ажил эхэлжээ.

Уг ажлын гүйцэтгэгчээр "Вокомконстракшн" ХХК шалгарсан бөгөөд гэрээт 40 хоногийн хугацаанд багтаан дараах ажлуудыг хийж гүйцэтгэхээр төлөвлөн, талбайн ажлаа эхлүүлээд байгаа аж. Одоогийн байгалийн зүлэг, хөрсийг хуулах, ус зайлуулах шугам хоолой (дренаж)-ийн системийг суурилуулах, стандартын хиймэл зүлэг дэвсэх гэсэн дараалалтай хийх юм байна. 

Уг төслийн нийт төсөвт өртөг нь 3.3 тэрбум төгрөг бөгөөд орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалтаар санхүүжиж байгаа аж.

Орхон аймгийн Засаг дарга Б.Зоригтбаяр энэхүү шийдвэрийн талаар өгсөн тайлбартаа:

"Байгалийн ногоон зүлгийг хиймэл зүлгээр солих үндсэн шалтгаан нь аймгийнхаа цэнгэлдэх хүрээлэнг зөвхөн наадмаар биш, жилийн дөрвөн улиралд байнгын үйл ажиллагаатай болгох зорилготой. Ингэснээр стандартад нийцсэн хөлбөмбөг, хөнгөн атлетикийн талбайтай болж, хүүхэд залуучууд тогтмол хичээллэх, тэмцээн уралдаан зохион байгуулах боломж бүрдэнэ" хэмээн тодотгосон байна.

Цэнгэлдэх хүрээлэнгийн амьд зүлгийг хуулж, хиймэл зүлэг дэвсэж буй явдал орон нутгийн иргэд, олон нийтийн сүлжээнд багагүй шүүмжлэл дагуулаад байна. Иргэдийн зүгээс зуны улиралд хотыг чимдэг байсан амьд байгалиа устгаж, цементэн суурьтай синтетик материал дэвсэж байгаад харамсаж буйгаа илэрхийлжээ. Мөн дэлхий нийтээрээ хиймэл зүлэгнээс татгалзах хандлагатай байгаа үед 3.3 тэрбум төгрөгийг үр ашиггүй зүйлд зарцуулж байна хэмээн бухимдлаа илэрхийлсээр байна.


Орхон аймаг цэнгэлдэх хүрээлэнгийнхээ амьд зүлгийг ₮3.3 тэрбумын хиймэл зүлгээр сольж байна
Сэтгэгдэл
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд chig.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ