ТҮЦ-үүдийг энэ чигт нь орхих уу

Шинэ хотын дарга аа, ТҮЦ үеэ өнгөрөөсөн. Улаанбаатар хотын дарга асан Х.Нямбаатар албан тушаалаа хашиж байхдаа нийслэлийн өнгө үзэмжийг гутааж, явган хүний зам хаасан ТҮЦ-үүдийг албадан нүүлгэх шийдвэрийг тууштай хэрэгжүүлсэн. Тухайн үед ТҮЦ эрхлэгчид ачлагын машины дугуйн доогуур орж эсэргүүцсэн ч хотын захиргаа шийдвэрээсээ ухраагүй. Гэвч цагаан сарын дараагаас эхлэн ганц нэгээрээ үзэгдэж байсан ТҮЦ-үүд Х.Нямбаатарыг огцрохтой зэрэгцэн хотын гудамжинд хаа сайгүй дахин “амилж” эхэлсэн гэхэд хэлсдэхгүй.

Өнөөдөр "Газар чөлөөлөх санаачилга"-ыг далимдуулан зөвшөөрөлгүй ТҮЦ-үүд явган хүний замыг дур мэдэн хааж, орчин тойрноо бохирдуулан, баталгаагүй хүнсээр иргэдэд үйлчилсээр байна. Төрийн бодлого нэг гараараа буулгаж, нөгөө гараараа буцаан тавьдаг туйлбаргүй байж таарахгүй. Иргэд ТҮЦ-ийн хавтгайрсан замбараагүй байдалд туйлаас дургүйцэж байгаа нь цахим орчин дахь шүүмжлэлээс тодорхой харагддаг. Олон нийтийн эсэргүүцэл хүчтэй болох үед галыг унтраах төдийхөн албадан буулгалт хийдэг ч, хэсэг хугацааны дараа тэд хөрсөн дээр буцаад л цэцэг шиг ургаад гараад ирдэг нь нууц биш.

Нийслэлээс ямар нэгэн зохицуулалт хийх гэж оролддог ч иргэд нь түүнийг сөрж, эцэстээ бүр дөжрөх шатандаа хүрчээ. Түрхэн зуур шуугиад л буцаад хуучин хэвэндээ ордог энэ тогтолцоо цаашид ч үргэлжилсээр байх уу.

Нийслэл хотоо өнгөтэй, өөдтэй болгох нь хүн бүрийн үүрэг. Түүнчлэн ариун цэвэр, эрүүл ахуйн наад захын шаардлага хангадаггүй, хэзээ, ямар махаар хийсэн нь мэдэгдэхгүй хүнс зардаг ТҮЦ-үүд хэдийнэ үеэ өнгөрөөсөн. Нэн ялангуяа, +35 градусын аагим халуунд өдөржин лангуун дээр халсан ороомог, мантуун бууз, хуушуурыг хүүхдүүд авч идэж байгаа нь эрүүл мэндийн маш том эрсдэл юм. Тиймээс шинэ хотын даргыг бодлогын залгамж чанараа хадгалж, энэ байдлыг цаашид үргэлжлүүлэлгүй, арга хэмжээ авахыг л хүлээх үлдлээ


ТҮЦ-үүдийг энэ чигт нь орхих уу
Сэтгэгдэл
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд chig.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ