“Улаанбаатар орон сууцжуулалт” ХХК газар хөдлөлт, гамшгийн эрсдэлээс урьдчилан сэргийлэх сургалт явууллаа

Барилга, хот байгуулалтын сайдын 2016 оны 126 дугаар тушаалаар баталсан “Ашиглалтын шаардлага хангахгүй нийтийн зориулалттай орон сууцны барилгыг буулган шинээр барих үйл ажиллагааны журам”-ын хэрэгжилтийг хангах, олон нийтэд таниулах хүрээнд Нийслэлийн Онцгой байдлын ерөнхий газартай хамтран “Ашиглалтын шаардлага хангахгүй, газар хөдлөлтөд тэсвэргүй нийтийн зориулалттай орон сууцны ашиглалтын эрсдэл” сэдэвт сургалтыг өнөөдөр /2026.04.23/ зохион байгууллаа.

Сургалтад холбогдох байгууллагын алба хаагчид, сууц өмчлөгчдийн холбоодын төлөөлөл хамрагдаж, ашиглалтын шаардлага хангахгүй орон сууцанд оршин суухтай холбоотой болзошгүй эрсдэл, тэр дундаа газар хөдлөлт, гамшиг осол, галын аюулаас урьдчилан сэргийлэх мэдлэг, ойлголтоо нэмэгдүүллээ. Мөн “Улаанбаатар орон сууцжуулалт” ХХК-ийн газрын дарга Б.Пүрэвсүрэн “Улаанбаатар хотын ашиглалтын шаардлага хангахгүй нийтийн зориулалттай орон сууцыг дахин төлөвлөх хууль, эрх зүйн орчин” сэдвээр илтгэл тавив.

Түүнчлэн мэргэжлийн байгууллагын дүгнэлтээр ашиглалтын шаардлага хангахгүйд тооцогдсон боловч дахин төлөвлөлтөд оруулах Нийслэлийн Засаг даргын захирамж хараахан гараагүй барилгуудын оршин суугчид “Улаанбаатар орон сууцжуулалт” ХХК-д хүсэлт гаргаж дахин төлөвлөлтийн үйл явц, үе шат, эрх зүйн дарааллын талаар дэлгэрэнгүй зөвлөгөө, мэдээлэл авах боломжтойг онцлон дурдлаа.


“Улаанбаатар орон сууцжуулалт” ХХК газар хөдлөлт, гамшгийн эрсдэлээс урьдчилан сэргийлэх сургалт явууллаа
Сэтгэгдэл
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд chig.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0