Аврах ажиллагаанд бүх боломжоо дайчилж ажилласан

 Аврах ажиллагаанд бүх боломжоо дайчилж ажилласан
Сайн үйлсэд төдийлэн нэрийг дурддаггүй ч саар үед хамгийн ихээр чичлүүлдэг байгууллага бол Онцгой байдлын байгууллага болоод байна.
Хариуцлагагүй уул уурхайн балагаар өрөмдлөгийн цооногт 3 настай хүүхэд осолдсон харамсалтай хэрэг гарч, олон нийт Онцгой байдлын алба хаагчдыг буруутгаад байна. Тиймээс тухайн нөхцөл байдалд аврагчид хэрхэн ажилласан, албаны бэлэн байдал ямар түвшинд байсан, техник тоног төхөөрөмжийн өнөөгийн нөхцөл байдал, шинэчлэлийн талаар ОБЕГ-ын дарга, хошууч генерал Г.Ариунбуян дараах мэдээллийг өглөө.
Цооногийн аврах ажиллагаа: Дуут станцаар холбогдохыг хичээсэн ч хариу үйлдэл үзүүлээгүй
Өрөмдлөгийн 25 см-ийн голчтой, шаварлаг сул хөрстэй цооногт унасан хүүхдийн мэдээллийг авсан даруйдаа Онцгой байдлын байгууллагын бие бүрэлдэхүүн очиж, могойн камераар хэмжилт хийхэд хүүхэд 30 метрийн гүнд, баруун мөр, толгой нь шаварт дарагдсан, дээшээ харсан байрлалтай байсан. Аврагчид хүүхдийн амьсгалыг хэмжих, хүчилтөрөгчөөр хангах, биеийн температурыг барих арга хэмжээн нэн түрүүнд авч, дуут станцаар холбогдохыг хичээсэн ч хариу үйлдэл үзүүлээгүй байна.
 Аврагчид хүүхдийн биеэр нь ороогоод бугуйлдаж татах оролдлого хийхийг хичээсэн ч өрөмдлөгийн нүх нь мөргөцөгтэй, хүүхдийн толгой дээр шавар наалдсан зэргээс болоод бугуйлдах тросс орох боломжгүй байсан. Бид ойролцоох уул уурхайн компанид хандаж, өрөмдлөгийн машин авах хүсэлт тавьсан ч эвдэрсэн гэдэг хариу өгсөн. Тиймээс цаг хугацааг хэмнэж, хамгийн боломжтой аргаар хүүхдийг амьд гаргана гэдэг итгэлээр л өөрсдийн бүхий л нөөц боломжийг дайчилж ажилласан. Хөндлөн малтлага хийх бол дэлхийн практик өргөн ашигладаг арга”.
 Олон улсын жишгээр 5-7 метрийн гүнд унасан хүүхэд амьд гарах магадлал хамгийн өндөр гэж үздэг. Харин түүнээс дээш буюу 30-50 метрийн гүн бол амьд байх магадлал 3-5 хувь байдаг аж. Энэ удаагийн тохиолдол бол хөрсний нуралт үүсэх өндөр эрсдэлтэй, 25 см-ийн маш нарийхан цооног байсан гэдгийг аврагчид хэлж байна.
Хүүхдийн цогцсыг хууль хяналтын байгууллагад шилжүүлсэн учраас шүүх шинжилгээгээр ямар хугацаанд амьд байсан талаарх эцсийн дүгнэлт гарна.
Онцгой байдлын байгууллагын хангалт 63.2 хувьд хүрсэн
Онцгой байдлын байгууллагын техник, тоног төхөөрөмжийн хангамж сүүлийн 4 жилд эрчимтэй сайжирсан байна. Ковид цар тахлаас хойш  улсын төсвөөс 110 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийж, аврагч тус бүрийн хувцас, техник хэрэгслийг шинэчилсэн. Өнөөдрийн байдлаар онцгой байдлын албаны нийт хангамжийн дундаж түвшин 63.2 хувьд хүрсэн бөгөөд 22 жилийн хугацаанд хамгийн дээд түвшинд хүрсэн үзүүлэлт юм. Онцгой байдлын албанд нийт 1.2 их наяд төгрөгийн хөрөнгө оруулалтын хэрэгцээ, шаардлага байгаа учраас улсын төсвөөс гадна гадаадын буцалтгүй тусламж, хөнгөлөлттэй зээлийн хүрээнд олон төслийг хэрэгжүүлж байна.
Тухайлбал, Беларуссь, Польш улсын Засгийн газар хоорондын хөнгөлөлттэй зээлээр 42 ширхэг гал унтраах машин, 71 ширхэг аврах ажиллагааны автомашин авч, аймаг орон нутгийн Онцгой байдлын газарт нийлүүлсэн. Мөн Францын Засгийн газрын шугамаар Агаараас эрэн хайх аврах ангийг байгуулж, эхний үе шатыг амжилттай хэрэгжүүлсэн. Францын Засгийн газрын шугамаар хэрэгжсэн 43 сая еврогийн төслөөр аврах ажиллагааны 3 нисдэг тэргээс гадна сургалтын зориулалттай нисдэг тэрэг, ангар дэд бүтэц, Монголын аврах ажиллагааны залуусыг сургажээ. Төсөл хэрэгжсэнээс хойш нийт 260 иргэн, үүний дотор 60 гаруй хүүхдийг аваар осолд өртсөн байхад нь аварч, эмнэлгийн байгууллагад шилжүүлсэн байна. 
Мөн Азийн хөгжлийн банкны 100 сая долларын санхүүжилттэй “Гамшгийн сөрөн тэсвэрлэх чадавх” төслийг хэрэгжүүлэхээр УИХ, ЗГ-аар батлуулсан. Төсөл 2026-2030 онд хэрэгжиж, техник тоног төхөөрөмжийн хангалт 80 хувьд хүрнэ гэв.
Үүнээс гадна Францын төслөөр 42 метр хүртэл шаттай 12 автомашин нийлүүлэхээр гэрээлсэн байна. Эхний 4 автомашиныг Улаанбаатар хот болон аймагт  хүргүүлжээ. 42 метр гэдэг 14 давхарт хүрэх шат юм. 
Дэлхийд өнөөдөр 100-111 метр буюу 33 давхарт хүрэх шат болон өргөгч цамхаг ашиглаж байна. Манай улсын хувьд Улаанбаатар хотын зам харгуй, хот төлөвлөлт, нийтийн эзэмшлийн гудамж талбайтай уялдуулаад өндөр барилга байгууламжинд ашиглах өргөгч цамхаг бүхий  шатны машин авах тал дээр судалгаа хийсэн байна. 
“Гамшгийн сөрөн тэсвэрлэх чадавх” төслийн хүрээнд 60-70 метр сунах 2 автомашин авахаар төсөвт суулгажээ.
Онцгой байдлын албанд нэн шаардлагатай зүйл бол ой, хээрийг гал түймрийг агаараас унтраах тоног төхөөрөмж. Одоогоор ийм хангалт байхгүй ч Францын төслөөр авсан 3 нисдэг тэрэгний 800-900 литрийн багтаамжтай усны савыг ашиглах туршилтууд хийж байна.
“Бидэнд уул уурхайн бүс, ой хөвчинд гарч байгаа түймрийн үед усны хангамж, шатах тослох материалаар тасралтгүй хангах ажиллагааг давхар зохион байгуулах шаардлага бий. Тиймээс туршилтын нислэг хийж үзсэн. Цаашдаа төслийг өргөжүүлж, том оврын нисдэг тэрэг доор нь агаараас бөмбөгдөх багаж суурилуулах, агаараас гал түймэр унтраах ажлыг зохион байгуулахаар ажиллаж байна” гэв.
Онцгой байдлын байгууллага сүүлийн хоёр жилд дэлхий нийтэд нэвтэрч байгаа гал унтраах зориулалтын роботыг ч туршиж эхэлжээ.  БНХАУ-д өндөр барилгад гарсан галын үед дрон ашиглаж, туршиж байгаа. Хэдийгээр патентлагдаагүй  ч Монгол Улс ч авч туршиж эхэлсэн байна.
Онцгой байдлын алба бэлэн байдлаа хангаж, техник технологийн хувьд дэлхийн жишигт хүрэх томоохон шинэчлэлийн босгон дээр ирээд байна. Аврагчид маань бэлтгэгдсэн инженерчлэл, стандартын дагуу секундтэй уралдан ажиллаж байгаа ч иргэдийн хариуцлага, аж ахуйн нэгжийн аюулгүй ажиллагаа хамгийн чухал урьдчилан сэргийлэлт хэвээр байна.


Аврах ажиллагаанд бүх боломжоо дайчилж ажилласан
Сэтгэгдэл
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд chig.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ