БНСУ-д үйл ажиллагаа явуулдаг Монголчуудад зориулсан хууль бус мөрийтэй тоглоомын сайтыг илрүүлжээ

БНСУ-ын Жэжүгийн цагдаагийн байгууллага Монгол иргэдийг онилсон хууль бус онлайн мөрийтэй тоглоомын сүлжээг илрүүлж, холбогдох этгээдүүдийг баривчилсан талаар Өмнөд Солонгосын томоохон хэвлэл болох  Maeil Business Newspaper мэдээллээ.

Тус хэвлэлд мэдээлснээр Солонгосын гурван иргэн, Монголын дөрвөн иргэн хамтран Жэжү арал дахь түрээсийн орон сууцнуудад онлайн мөрийтэй тоглоомын төв байгуулан ажиллуулж байсан аж. Тэд Монгол хэрэглэгчдийг татахын тулд сошиал сүлжээ болон чат платформуудаар сайтаа сурталчилдаг байжээ.

Мөрдөн шалгалтын явцад уг сайтад 8 мянга орчим Монгол иргэн нэвтэрсэн байж болзошгүй бөгөөд нийт 18 тэрбум воны бооцоо эргэлдсэн гэж цагдаагийн байгууллага үзэж байгаа талаар мэдээлсэн байна. Мөн хууль бус орлогыг олон улсын дансаар дамжуулан угаасан байж болзошгүй нөхцөл байдал тогтоогджээ.

Хэргийг шалгах үеэр нэг сэжигтэн гадаад улс руу оргон зайлсан тул Интерполоор эрэн сурвалжилж эхэлсэн байна. Харин баривчлагдсан Монгол иргэдийн зарим нь хууль бус оршин суугч байсан талаар Жэжүгийн цагдаагийн байгууллага мэдэгджээ.

БНСУ сүүлийн жилүүдэд хууль бус онлайн мөрийтэй тоглоомын эсрэг хяналтаа чангатгаж байгаа бөгөөд гадаадын иргэдийг онилсон цахим мөрийтэй тоглоомын бүлэглэлүүдийг илрүүлэх ажиллагааг эрчимжүүлж буйг тус улсын хэвлэлүүд онцолж байна.


БНСУ-д үйл ажиллагаа явуулдаг Монголчуудад зориулсан хууль бус мөрийтэй тоглоомын сайтыг илрүүлжээ
Сэтгэгдэл
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд chig.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0