Цэрэг зодож амиа хорлоход хүргэсэн гэх ахлагчийн хэргийг хэрэгсэхгүй болголоо

М.М нь хилийн цэргийн .. дугаар ангийн .. дугаар салбарт малын суурийн ахлагчаар ажиллаж байхдаа албан тушаалын байдлаа ашиглан эрхшээлдээ байгаа хугацаат цэргийн алба хааж байсан байлдагч Б.С-г 2022 оны 7 дугаар сард зодож, айлган сүрдүүлсний улмаас байлдагч Б.С нь Хилийн цэргийн салбарын малын суурингийн үхрийг 2022 оны 9 дүгээр сарын 28-ны өдөр хайж яваад амиа хорлох нөхцөл байдалд хүргэсэн, хугацаат цэргийн алба хааж байсан байлдагч Б.С, Б.Б, П.Ч, Л.Б нартай цэргийн дүрмийн бус харьцаж зодож, хүч хэрэглэсэн. Мөн тус хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явагдаж, М.М нь яллагдагчаар татагдсан байхдаа хохирогч Л.Б, Б.Б, П.Ч, гэрч Б.Ж нарыг мэдүүлгээ өөрчлөхийг ятгасан, хохирогч Л.Б, Б.Б, П.Ч, гэрч Б.Ж нарыг худал мэдүүлэг өгөхийг ятгаж, хүсэлт бичүүлж авсан гэмт хэрэгт тус тус холбогдон прокурор яллах дүгнэлт үйлдэн хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Анхан шатны шүүх хэргийг хэлэлцээд шүүгдэгч М.М-г Албан тушаалын байдлын улмаас эрхшээлдээ байгаа хүнийг байнга зодсон, айлган сүрдүүлсний улмаас амиа хорлоход гарцаагүй хүргэсэн гэмт хэрэг үйлдсэн, Цэргийн дүрмийн бус байдлаар харьцаж дарга, захирагч нь захирагдагчаа зодсон гэмт хэрэг үйлдсэн, Гэрч, хохирогчийг зориуд худал мэдүүлэг өгүүлэх зорилгоор ятгасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, хорих ялыг 5 жилийн хугацаагаар тогтоож, 1 жил зорчих эрх хязгаарлах ялыг тусад нь эдлүүлэхээр тогтоож, Иргэний хариуцагч Хил хамгаалах ерөнхий газраас 7,1 сая төгрөг гаргуулж хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Б-д олгуулахаар шийдвэрлэсэн

Давж заалдах шатны шүүх хэргийг хэлэлцээд Хүнийг амиа хорлох нөхцөл байдалд хүргэх гэмт хэргийн объектив шинж нь байнга хүчирхийлсэн, доромжилсон, зодсон, тамлан зовоосон, айлган сүрдүүлсэн идэвхтэй үйлдлээр, давтамжтай шинжтэй хийсэн байхыг шаардах бөгөөд гэм буруутай этгээдийн үйлдэл ба үр дагаврын хооронд шалтгаант холбоо байх ёстой. Хэргийн хувьд прокурор болон анхан шатны шүүх шүүгдэгч М.М-н амь хохирогч Б.С-г 2022 оны 7 дугаар сард удаа дараа зодсон гэмт үйлдлийн улмаас хоёр сарын дараа буюу 2022 оны 9 дүгээр сарын 28-ны өдөр амь хохирогч Б.С-г амиа хорлож нас барсан үр дагаварт хүргэсэн гэж үзсэн нь үндэслэлгүй гэх агуулгатай дүгнэлтийг хийж шүүгдэгчийг Албан тушаалын байдлын улмаас эрхшээлдээ байгаа хүнийг байнга зодсон, айлган сүрдүүлсний улмаас амиа хорлоход гарцаагүй хүргэсэн хэргийг гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, шийтгэх тогтоолын бусад заалтыг хэвээр үлдээж шийдвэрлэсэн.

Хяналтын шатны шүүх хэргийг хэлэлцээд шүүгдэгч нь байлдагч нартай цэргийн дүрмийн бус харьцаж, зодож хүч хэрэглэсэн, мөн эрүүгийн хэрэгт яллагдагчаар татагдан шалгагдаж байхдаа хохирогч гэрч нарыг худал мэдүүлэг өгүүлэхээр ятгасан гэмт хэрэг үйлдсэн талаар хоёр шатны шүүх зөрүүгүй дүгнэж, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн. Харин албан тушаалын байдлын улмаас эрхшээлдээ байгаа хүнийг байнга зодсон, айлган сүрдүүлсний улмаас амиа хорлоход гарцаагүй хүргэсэн хэргийг гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгосон давж заалдах шатны шүүхийн магадлал үндэслэлтэй, шүүгдэгч М.М нь захирагдагч нараа зодож, хүч хэрэглэж байсан нь нотлогдсон боловч амь хохирогч Б.С-г урьд нь зодож байсан үйлдлүүд нь түүнийг амиа хорлоход гарцаагүй хүргэсэн гэж үзэхгүй гэх агуулгатай дүгнэлт хийж магадлалыг хэвээр үлдээж, прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.


Цэрэг зодож амиа хорлоход хүргэсэн гэх ахлагчийн хэргийг хэрэгсэхгүй болголоо
Сэтгэгдэл
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд chig.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0