АТГ: 4.5 тэрбум төгрөгийн татвараас зайлсхийсэн зөрчлийг илрүүлэв

Авлигатай тэмцэх газрын хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтэс 2026 оны эхний таван сарын байдлаар авлига, ашиг сонирхлын зөрчлийн талаар иргэн, хуулийн этгээдээс 489 гомдол мэдээллийг хүлээн авч, хяналт шалгалт явуулжээ.

Хяналт шалгалтын дүнд 68 гомдол, мэдээлэлд зөрчил тогтоосон байна. Үүнээс Авлигын эсрэг хууль зөрчсөн 12, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хууль зөрчсөн 30 албан тушаалтанд сахилгын шийтгэл ногдуулжээ. Мөн зөрчил арилгах, хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангах чиглэлээр 43 байгууллага, албан тушаалтанд зөвлөмж хүргүүлсэн байна.

Хяналт шалгалтаар илэрсэн гэмт хэргийн шинжтэй 68 үйлдлийг мөрдөн шалгах хэлтэст шилжүүлжээ.

Тухайлбал, аймгийн газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын эрх бүхий албан тушаалтан нь аж ахуйн нэгжид хууль бусаар давуу байдал олгосон тухай мэдээллийг шалгах явцад татвараас зайлсхийсэн зөрчлийг тогтоож, холбогдох хяналт шалгалтыг хийлгэснээр 4.5 тэрбум төгрөгийн зөрчил илэрснээс 584.0 сая төгрөгийн нөхөн ногдуулах акт тогтоолгов.

Аймгийн Мэргэжлийн боловсролын сургуулийн захирал нь албан тушаалын байдал, албаны бүрэн эрхээ урвуулан ашиглаж, сургуулийн спорт заалыг бусдад түрээслэн, тухайн үйл ажиллагаанаас олсон орлогыг байгууллагын нярвын дансаар төвлөрүүлэн авсан боловч түүнийг буцаан бэлнээр гаргуулан авч, хувьдаа захиран зарцуулсан. Түүнчлэн багш, ажилчдаас хууль бусаар сар бүр мөнгө татан авч, зориулалт бусаар захиран зарцуулсан зэрэг нийт 37.0 сая төгрөгийн зөрчлийг хяналт шалгалтаар тогтоон мөрдөн шалгах хэлтэст шалгуулахаар шилжүүлээд байна.

Мөн аймгийн эрүүл мэндийн газрын нэр бүхий 3 албан тушаалтан нь хяналт шалгалт хийх чиг үүргийг хэрэгжүүлснийхээ хариуд сувиллын газарт өөрсдөө үнэ төлбөргүй, гэр бүлийн гишүүддээ хөнгөлөлттэй үнээр үйлчилгээ авсан гэмт хэргийн шинжтэй үйлдлийг тогтоон мөрдөн шалгах хэлтэст шилжүүлэв хэмээн Авлигатай тэмцэх газраас мэдээллээ.


АТГ: 4.5 тэрбум төгрөгийн татвараас зайлсхийсэн зөрчлийг илрүүлэв
Сэтгэгдэл
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд chig.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0