Төрөх тасгийн эрхлэгч төлбөртэй өрөөний мөнгийг хувьдаа завшжээ

Прокурорын байгууллага 2026 оны тавдугаар сарын 15-ны өдрийн байдлаар Эрүүгийн хуулийн 22 дугаар бүлэгт хамаарах авлигын гэмт хэрэгтэй холбоотой яллах дүгнэлт үйлдсэн 94 хэргийг шүүхээр шийдвэрлүүлсэн талаар мэдээллээ. Тухайлбал, өнгөрсөн долоо хоногт нийслэл болон Өвөрхангай, Увс аймгийн прокурорын газраас долоон хүнд холбогдох зургаан хэргийг анхан шатны шүүхээр хэлэлцүүлж, шүүхээс нэр бүхий долоон хүнийг авлигын гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцон эрүүгийн хариуцлага оногдуулсан байна. Тухайлбал, Эрүүл мэндийн үндэсний төвийн тасгийн эрхлэгчээр ажиллаж байсан Ц.Б нь албан тушаал, бүрэн эрхээ урвуулан ашиглаж, төрсний дараах тасгийн төлбөртэй өрөөнөөс төвлөрсөн мөнгийг зориулалтын бусаар зарцуулсан хэрэгт холбогджээ.

Тодруулбал, тэрбээр 2022 оны туршид төрсний дараах тасгийн төлбөртэй өрөөнд хэвтэн эмчлүүлсэн 785 иргэнээс төвлөрсөн 44.2 сая төгрөгөөс 11.4 сая төгрөгийг Төрийн сангийн дансанд төвлөрүүлсэн боловч үлдсэн мөнгийг байгууллагын касс, дансанд бүрэн тушаалгүй зарцуулсан байна. Үүнээс 10.2 сая төгрөгийг тасгийн өрөө тохижуулах болон байгууллагын үйл ажиллагаанд хэрэглэсэн бол 22.4 сая төгрөгийг хувийн хэрэгцээндээ зарцуулж, өөртөө эдийн давуу байдал бий болгосон гэж үзжээ.

Улмаар уг үйлдлийн улмаас эрүүл мэндийн байгууллагад 22.4 сая төгрөгийн хохирол учруулсан хэргийг прокуророос Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйл буюу эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан үндэслэлээр шүүхэд шилжүүлсэн байна.

Шүүхээс Ц.Б-г гэм буруутайд тооцож, нийтийн албанд ажиллах эрхийг хоёр жилийн хугацаагаар хасаж, найман сая төгрөгөөр торгох ял оногдуулжээ. Мөн түүнээс 12.6 сая төгрөг гаргуулж, Эрүүл мэндийн үндэсний төвд олгохоор шийдвэрлэсэн байна.


Төрөх тасгийн эрхлэгч төлбөртэй өрөөний мөнгийг хувьдаа завшжээ
Сэтгэгдэл
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд chig.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ