Баригдаж дуусаагүй барилгад албан татвар ногдуулахгүй

Баянзүрх дүүргийн Татварын хэлтсээс 2024 оны Үл хөдлөх эд хөрөнгийн албан татвар төлүүлэхээр татварын нэхэмжлэхийг 2024 оны 07 дугаар сарын 02-ны өдөр “Ө***” ХХК-д үүсгэж, нийт 53,600,000 төгрөгийн албан татвар төлөхийг нэхэмжилжээ.

“Ө***” ХХК-аас татварын нэхэмжлэхүүдийг эс зөвшөөрч, шүүхэд хандаж “Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн гэрчилгээтэй боловч 73 хувийн гүйцэтгэлтэй, бүрэн ашиглалтад ороогүй, зориулалтаар ашиглаж өмчлөх боломжгүй хөрөнгө байсан тул үл хөдлөх эд хөрөнгийн албан татвар ногдуулсан нь үндэслэлгүй, ... татварын холбогдох хууль тогтоомжийн зорилго нь бүрэн ашиглалтад орсон эд хөрөнгөд үл хөдлөх эд хөрөнгийн албан татвар ногдуулах агуулгатай байна, дуусаагүй барилгыг Иргэний хуулийн 84 дүгээр зүйлийн 84.3-т заасан үл хөдлөх эд хөрөнгө гэж тодорхойлох боломжгүй, дуусаагүй барилгад татвар ногдуулсан нь үндэслэлгүй, мөн татварын хууль тогтоомжид татвар тодорхой байх ёстой зарчимтай” гэж тайлбарлан маргажээ.

Харин хариуцагчаас “тухайн үл хөдлөх эд хөрөнгө нь хэдэн хувийн гүйцэтгэлтэй эсэхээс үл хамааран улсын бүртгэлд үл хөдлөх эд хөрөнгө гэж бүртгэгдсэн өдрөөсөө эхлэн албан татвар ногдуулах зохицуулалттай, барилгын гүйцэтгэлийн хувь хэмжээгээр татвараас чөлөөлөгдөх зохицуулалт байхгүй” гэх тайлбарыг гаргасан. Анхан шатны шүүх “хэдэн хувийн гүйцэтгэлтэй эсэхээс үл хамааран тухайн үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр бүртгүүлсэн бол тус үл хөдлөх эд хөрөнгөд татвар ногдуулах үндэслэлтэй” гэж дүгнэн, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон.

Давж заалдах шатны шүүх “73 хувь болон 100 хувийн гүйцэтгэлтэй буюу татвар ногдуулах үнэлгээ ялгаатай хугацааг хамруулан татвар ногдуулахдаа адил дүнгээр татвар ногдуулж байгаа нь ойлгомжгүй байна. ... тухайн барилгад ногдуулсан татварыг байршлын бүсчлэлээс хамааруулан тооцсон эсэх, өөрөөр хэлбэл ямар бүсийн тариф, коэффициентыг үндэслэн ногдуулсан болох нь тодорхойгүй байна” гэж үзэн, дахин шинэ акт гаргах хүртэл маргаан бүхий захиргааны актыг гурван сар хүртэл хугацаагаар түдгэлзүүлж шийдвэрлэсэн.

Улсын дээд шүүх хэргийг хянаад дараах агуулгаар магадлалыг хүчингүй болгож, шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулсан.

1.Татварын ерөнхий хуульд зааснаар татварыг тогтоох, өөрчлөх, хөнгөлөх, чөлөөлөх буюу буцаан олгох бүрэн эрх нь зөвхөн Улсын Их Хуралд хадгалагдах бөгөөд татварын хууль тогтоомжуудад татварын төрөл, хувь хэмжээ, татвараас чөлөөлөх үндэслэл, татварыг ногдуулах, тайлагнах, төлөх хугацаа, татвар тооцох аргачлал, журам зэрэг нь татвар төлөгчид ойлгомжтой, тодорхой тусгагдсан байх шаардлагатай.

2.Хууль тогтоогчоос 2000 онд Үл хөдлөх эд хөрөнгийн албан татварын тухай хуулийг хэлэлцэн батлах явцад баригдаж дуусаагүй буюу ашиглалтад ороогүй, зориулалтын дагуу ашиглах боломжгүй барилгад татвар ногдуулах асуудлыг тусгайлан зохицуулах талаар хэлэлцэж батлаагүй, дуусаагүй барилгад үл хөдлөх эд хөрөнгийн албан татвар ногдуулах хууль тогтоогчийн хүсэл зориг илэрхийлэгдээгүй байна.

3.Өөрөөр хэлбэл, баригдаж буй барилгад үл хөдлөх эд хөрөнгийн албан татвар ногдуулах агуулгагүй байтал энэ үндэслэлээр татвар ногдуулсан нэхэмжлэхийг “илт хууль бус” гэж үзнэ.

4.Хариуцагч татварын байгууллага “73 хувийн гүйцэтгэлтэй барьж дуусаагүй барилгад үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн гэрчилгээ олгогдсон тул Иргэний хуулийн 84 дүгээр зүйлийн 84.3, Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.10 дахь хэсэгт заасныг үндэслэн үл хөдлөх эд хөрөнгийн албан татвар төлөх үүрэг нэхэмжлэгчид үүссэн ...” гэж тайлбарласан нь дээр дурдсан татварын эрх зүйн үндсэн зарчимтай нийцэхгүйн зэрэгцээ Иргэний хуулийн 84 дүгээр зүйлийн 84.3 дахь хэсэг нь үл хөдлөх эд хөрөнгийн эрх зүйн ангилал, ойлголтыг ерөнхий байдлаар тодорхойлсон суурь зохицуулалт болохоос татвар ногдох үл хөдлөх эд хөрөнгийн ойлголтын хүрээг тогтоох агуулгагүй. Мөн Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.10 дахь хэсэг нь баригдаж дуусаагүй үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг улсын бүртгэлд бүртгэх журмыг зохицуулсан шинжтэй буюу татварын эрх зүйн харилцаанд шууд хэрэглэх, татвар тогтоохыг тодорхойлсон зохицуулалт биш юм.

5.Анхан шатны шүүх хууль тогтоогчийн хүсэл зориг, татварын объектын мөн чанарыг анхаараагүй, хуулийг шууд утга (үгчлэн тайлбарлах арга)-аар тайлбарласан нь буруу. Мөн маргааны гол асуудал нь баригдаж дуусаагүй барилгад үл хөдлөх эд хөрөнгийн албан татвар ногдуулах эрх зүйн үндэслэл байгаа эсэх талаарх хууль хэрэглээний маргаан байхад давж заалдах шатны шүүхээс талуудын хооронд маргаагүй үйл баримтын хүрээнд дүгнэлт хийж, уг нөхцөл байдлыг цаашид тодруулах шаардлагатай, нэмж тодруулах зүйлийн цар хүрээ шүүхийн шинжлэн судлах боломжоос хэтэрсэн гэж үзэн дахин шинэ акт гаргах хүртэл маргаан бүхий захиргааны актыг гурван сар хүртэл хугацаагаар түдгэлзүүлсэн нь үндэслэлгүй болсон.

6.Харин барилга 100 хувийн гүйцэтгэлтэй болж, ашиглалтад орсон буюу зориулалтын дагуу ашиглах боломжтой болсон өдрөөс Үл хөдлөх эд хөрөнгийн албан татварын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1-д заасан татвар ногдох үндэслэл бүрдэнэ.


Баригдаж дуусаагүй барилгад албан татвар ногдуулахгүй
Сэтгэгдэл
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд chig.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ