Өмнөговийн говийн хөрсөн доор, Монголын эдийн засгийн ирээдүйг тодорхойлох асар том бүтээн байгуулалт өдөр шөнөгүй үргэлжилж байна. Уул уурхайн техник, технологийн цар хүрээ, үйлдвэрлэлийн хүчин чадлаараа түүхэн шинэ эргэлтийн цэг болсон Оюу толгойн гүний уурхайд нэг ээлжинд 1000 гаруй уурхайчин, 300-400 орчим техник хэрэгсэлтэйгээр олборлолт явуулж байна.
Оюу толгойн зэс, алт, мөнгө агуулсан аварга том хүдрийн биет нийт 12 км үргэлжилдэг бөгөөд нийт баялгийн 80 орчим хувь нь газрын гадаргаас 700-1800 метрийн гүнд оршдог. Чухам энэ гүнд иж бүрэн хамгаалалтын хэрэгсэлтэй, нарийн зохион байгуулалт дор ажиллах уурхайчид зангидсан гар мэт нэгдэн олборлолтыг тасралтгүй үргэлжлүүлж байна.
Гүний уурхай руу нэвтрэхээс эхлээд аюулгүй ажиллагааны хатуу дэг журам мөрдөгдөнө. Ажилтан бүр хамгаалалтын малгай, бээлий, тоосны шил, чихний бөглөөс, яаралтай үед ашиглах хүчилтөрөгчийн төхөөрөмж бүхий амьсгалын аппарат зүүнэ. 1.8 кг жинтэй энэхүү төхөөрөмжийг бүсэндээ зүүх нь хөдөлгөөнд тодорхой хэмжээнд хүндрэл учруулах ч уурхайн орчинд зайлшгүй шаардлагатай хамгаалалт болдог. Бүртгэл, гарын үсэг, аюулгүй ажиллагааны сургалт, видео зааварчилгааны дараа уурхайн гүн рүү бууна.

1300 метрийн гүнд хүргэх лифт ердөө дөрөвхөн минутын хугацаанд доошилно. Энэ хугацаанд чих дүнгэнэж, халуун бүгчим орчин мэдрэгдэж эхэлдэг. Газрын гүнд буугаад ирэхэд өндөр температур, тоосонцор, тасралтгүй дуу чимээтэй үйлдвэрлэлийн орчин угтана. Саунд орж буй мэт бүгчим энэ орчинд уурхайн амьдрал жинхэнэ утгаараа эхэлдэг.
Төөрдөг байшин мэт олон салаа хонгилтой гүний уурхайд ажиллагсдыг нэрээр нь бус пайзны дугаараар бүртгэнэ. Хүн бүр хоёр пайзтай. Нэгийг гадарга дээр, нөгөөг нь газрын гүнд орохдоо зүүж буух бөгөөд энэ нь хэн, хаана ажиллаж байгааг хянах чухал систем аж. Мөн ажилтнуудыг малгайн өнгөөр нь ялгана. Улаан малгайтай ажилтан онцгой байдлын үед тусламж үзүүлэх үүрэгтэй бол ногоон малгай нь шинэ ажилтныг илтгэж, тэд бие даан явж болохгүй гэдгийг тайлбарлаж байсан юм.
Оюу толгойн баялгийн цөм болсон “Хюго Дамметт” ордод 2023 онд анхны тэсэлгээг хийснээс хойш блокчлон олборлох технологийг ашиглан үйлдвэрлэл өрнөж байна. Энэ арга нь хүдрийг газрын татах хүчийг ашиглан доороос нь нурааж олборлодог өндөр үр ашигтай технологи юм. Өдөрт 35-40 мянган тонн хүдэр олборлон, анхдагч бутлуурт боловсруулж, улмаар хөлбөмбөгийн бөмбөгийн хэмжээтэй болтол жижиглэн, найман км урт туузан дамжуургаар газрын гадарга дахь баяжуулах үйлдвэрт хүргэдэг.

“Хюго Дамметт” ордын хүдэр нь ил уурхайгаас гурав дахин өндөр зэс, алтны агууламжтай. Зарим бүсэд бүр дөрөв дахин өндөр агууламжтай хүдэр илэрдэг. 2026 оны эхний улирлын байдлаар гүний уурхайн хүдрийн зэсийн агууламж 2.16 хувь байсан бол ил уурхайнх 0.54 хувьтай байжээ. Энэ нь гүний уурхайн үйлдвэрлэлийн стратегийн ач холбогдлыг тодорхой харуулна.

Оюутолгойн баяжуулах үйлдвэр хоногт 100 мянган тонн хүдэр боловсруулах хүчин чадалтай Монголын хамгийн том үйлдвэрлэлийн байгууламж юм.
Гүний уурхайн олборлолт нэмэгдэхтэй холбоотойгоор үйлдвэрийг шинэчилж, өндөр агууламжтай хүдэр боловсруулах боломжийг өргөжүүлжээ. Олборлосон хүдэр хэд хэдэн шат дамжлагаар тээрэмдэгдэж, хөвүүлэн баяжуулах технологиор зэс, алт, мөнгөний баяжмалыг ялган авдаг. Эцэст нь 25-30 хувийн зэсийн агууламжтай баяжмал экспортод гардаг бөгөөд экспортын өмнө лабораторийн нарийн шинжилгээнд хамруулдаг.
Оюутолгойн гүний уурхай одоогоор өдөрт 35-40 мянган тонн хүдэр олборлож байгаа ч бүрэн хүчин чадалдаа хүрэх юм бол өдөрт 95 мянган тонн хүдэр олборлох боломжтой. Энэ нь Монгол Улсыг дэлхийн зэсийн зах зээлд томоохон тоглогч болгох хэмжээний үйлдвэрлэл болно гэдгийг илтгэж буй.
Хоёр цаг үргэлжилсэн уурхайн аяллын турш агааржуулалтын систем тогтмол ажиллаж байсан ч газрын гүний халуун орчин мэдэгдэхүйц хэвээр. Хүнд нөхцөл, өндөр технологи, чанд зохион байгуулалт дор явагдах энэхүү олборлолт нь зөвхөн уурхайн төсөл бус Монголын эдийн засгийн ирээдүйн гол хөдөлгөгч хүч гэдгийг газар дээрээс нь илүү тод мэдрүүлж, ойлголт өгсөн цаг хугацаа байлаа.
Ажилчдын хувьд ажлын дараа олддог нэгээс хоёр цагийг бид хувь хүний хөгжилдөө дийлэнхдээ зарцуулдаг. Тус уурхай дээр төрөл бүрийн сургалт, дугуйлан бий. Фитнес, иога, сагс, гарбөмбөг, хөлбөмбөг гээд олон төрлийн спортоор хичээллэх спорт заал, гитар, морин хуур, жюү жицүгийн дугуйланг дурдах нь зүй. Урлаг, спортоос гадна Рио Тинтогоос зохион байгуулдаг Linkedin Learning зэрэг төрөл бүрийн онлайн сургалт, мэргэжлийн англи хэлний сургалтад хүссэн хэн бүхэн хамрагдах боломжтой гэнэ. Мөн уурхай дээр гаднын мэргэжилтнүүд олон. Эдгээр хүмүүсийн ажил үүргийн тодорхойлолтод нь монгол ажиллагсдыг сургах, чадавхжуулах гэсэн өгүүлбэр байдаг. Тийм ч болохоор гаднын мэргэжилтнүүд тэдний сурч хөгжих тал дээр онцгой анхаарал хандуулдгийг дурдахгүй өнгөрч болохгүй биз ээ.
| Сурвалжилга: Гүний уурхайд өнгөрүүлсэн хоёр цаг |
2026-05-14 12:32:03
2026-05-14 10:09:53
2026-05-14 09:25:34
2026-05-14 12:32:03
2026-05-14 11:15:02
2026-05-14 10:09:53
2026-05-14 09:37:24
2026-05-14 09:25:34
2026-05-14 09:14:49
БНXАУ-ын Хойд бүсийн хүнсний ногооны судалгааны төвд төмс, улаан лоолийн шинэ сортыг гарган авч байна
2026-05-13 17:56:32
2026-05-13 16:55:00
2026-05-13 15:41:55
Хиймэл оюунд суурилсан, эрчим хүчний хэмнэлттэй “Ногоон дата төв” байгуулна
2026-05-13 15:18:24
М.Нарантуяа-Нара: "Цалинтай ээж" тэтгэмжийг ₮100 мянга болгоё
2026-05-13 13:20:25
2026-05-13 12:33:29
2026-05-13 12:08:40
Маргааш бороотой
2026-05-13 11:52:30
2026-05-13 11:30:06
2026-05-13 10:58:04
2026-05-13 10:31:53
2026-05-13 09:52:23
2026-05-13 09:32:26
2026-05-13 09:13:25
2026-05-13 09:06:04