УИХ-ын хаврын чуулган нээлтээ хийхтэй зэрэгцэн улс төрийн салхи Монголд сэвэлзэж эхэллээ. Хууль зүйн сайд Б.Энхбаярын хэлсэнчлэн энэ хаврын халуухан улстөр УИХ-ын дарга Н.Учралын чуулганы танхим дахь ганцаардал, Улаанбаатарт ажил нь эхэлсэн Туулын хурдны замын төсөл хоёр байх нь. Чухамдаа Туулын хурдны зам төслийн гол автор нь болсон Х.Нямбаатараас Хотын намын хороог авах гэсэн МАН-ын аль нэг фракцын санаархал уу, “Ривер гарден” хотхон орчмын оршин суугчдын эрх ашиг хөндөгдсөн үү, эсвэл үнэхээр Туул голд хайртай хүмүүсийн зүрх зөв цагаа олж цохилсон уу мэдэхгүй, юутай ч Туулын хурдны замын төслийг эсэргүүцэгчдийн хөдөлгөөн ойрын хоногуудад эрчимжиж эхлэв. Аль нь ч байлаа гэсэн эхлээд бид интернэтэд бэлээхэн байгаа 2025 онд хийгдсэн
“Туулын хурдны зам төслийн Байгаль орчны төлөв байдлын үнэлгээний тайлан”-г олоод уншчих хэрэгтэй байгаа юм. Бэлэн ийм тайлан байсаар байтал УИХ-ын зарим гишүүд нь энэ тайланг олж өг гэж Байгаль орчны яам руу, Байнгын хорооны дарга руугаа бичиг шидэн тэрийгээ өөрийнхөө сошиал хаягаар постлох нь бас л марзан. Яахав манай улстөрчдийн байгаа царай нь л тэр.
Аливаа төслийг хэрэгжүүлэхээс өмнө төсөл хэрэгжих нутаг дэвсгэрийн байгаль орчны төлөв байдлыг судлан, төслийг хэрэгжүүлэхдээ анхаарч авч үзэх байгалийн онцлог нөхцөлийг тодорхойлж, төслийг байгаль орчинд аль болох сөрөг нөлөөлөл багатай хэрэгжүүлэх үүднээс Байгаль орчны төлөв байдлын үнэлгээг хуулиараа заавал хийлгэдэг.Тухайн үнэлгээгээр байгаль орчинд ямар сөрөг нөлөө үзүүлэх үү, түүнийг хэрхэн бууруулах вэ гэдэг арга замыг шинжлэх ухааны үндэслэлтэй тооцон, төсөл хэрэгжүүлэгчийг биелүүлж ажиллахыг үүрэгддэг. Туулын хурдны замын төсөл ч энэ үе шатыг алгасаагүй ба тэрхүүүнэлгээг мэргэжлийн байгууллагаар хийлгэн тайланг нь Х.Нямбаатар “сейфэндээ хадгалаагүй” бидний өмнө ил тавьсан байна лээ.
Гэр ба бургас
Туулын хурдны зам төсөл уг нь аль 2013 оноос яригдаж эхэлсэн ч яг бодит ажил болж байгаа нь 2026 он юм. Цаасан дээрхи төслийг бодит ажил болгоно гэдэг үнэндээ ямар их нерв, хичээл зүтгэл, хөлс, хүч хөдөлмөр, хөрөнгө санхүү ордгийг “бүтээж” үзээгүй нэгэн бол ойлгохгүй. Харамсалтай сүүлийн жилүүдэд манайд бүтээгчид нь бус шүүмжлэгчид нь илүү амьдрахад хялбар болчихлоо л доо. Угтаа 2013 онд Улаанбаатар хотын автомашины тоо 325 мянга, Улаанбаатарчууд автозамын түгжрэл, тэг зогсолт гэх юмтай харьцангуй бага нүүр тулсан тэр үед энэ төслийг хэрэгжүүлэх тухай анх яригдаж байж. Яригдаж эхлэх яг тэрхугацаанд уг төсөл нь одоо эсэргүүцээд байгаа хүмүүсийн яриад байгаа шиг байгаль орчинд нөхөж баршгүй их хохирол учруулахаар байсан бол яригдаж эхэлсэн яг тэр цаг мөчдөө зогсох байсан нь зайлшгүй.
Гэтэл өнөөдөр зөвхөн Улаанбаатар хотод бүртгэлтэй автомашины тоо 700 мянга хол давчихсан, хотын иргэдийн номер 1 тулгамдсан асуудал нь замын түгжрэл болчихсон,Улаанбаатар хотын 1 иргэн амьдралынхаа 5-ны 1-тэй тэнцэх хугацааг зам дээр өнгөрүүлж байгаа нь судалгаагаар тогтоогдчихсон, нийгмийн маш том зовлонтой хүүхэд, хөгшидгүй бүгдээрээ нүүр тулж буй энэ цаг үед түгжрэлийг бууруулах уг төслийг зогсоох ёстой гээд байгаа хүмүүс 2013 онд ч энэ хотод амьдарч л байсан нь бодит факт. Урин цаг ирж утааг мартдаг шигээ эдгээр хүмүүс дүн өвлийн хүйтэнд ажлаасаа тараад 2 цаг, 3 цаг, 4 цаг түгжрэн зам дээр зогсох үедээ гэртээ харих уу? бургасаа хайрлах уу? гэж өөрсдөөсөө харин шударгаар нэг асуучихмаар байгаа юм.
Туулын хурдны замын Туулд үзүүлэх нөлөө
Туул голын нийт урт нь 888 км, туулын хурдны зам дайрч буй хэсэг нь 32 км буюу голын нийт уртын 3.6 хувийг эзэлж байна. Голын дагуу баригдах хурдны замын зурвас замын тэнхлэгээсээ 50 метр буюу 494.094 га талбайг хамрах аж. Үүнээс 40.817 га талбай нь бургасан ой, 13057 га талбай нь улиас бургас байгаа нь нийт замын трассын талбайтай харьцуулахад бургасан ойн хамрах талбай 10.1 хувь. Өөрөөр хэлбэл нийт талбайн 10 орчим хувьд л бургас огтлох, шилжүүлэх ажиллагаа явагдах бөгөөд төслийг эсэргүүцэгсдийн хэлээд байгаа шиг туулын хар шугуйг тэр чигт нь хядах зүйл байхгүй гэдгийг тоо өөрөө хэлж байна. Энэ 10.1 хувьд ногдох талбайд буй бургасан ойн хохирлын үнэлгээг мэргэжлийн байгууллага ойролцоогоор 1.5 тэрбум төгрөг болно гэж тооцсон бөгөөд энэ мөнгөөр ойг нөхөн сэргээх, шилжүүлэх, шимт хөрсийг буцаан суулгах зэрэг ажлуудыг гүйцэтгэгч тал харин хийх ёстой.
Мэдээж би үүгээрээ уг төслийг байгаль орчинд огт хор хохиролгүй төсөл гэж хэлэх гээгүй, харин Улаанбаатар хотын иргэдийн амьдралын чанарт хүртэл муугаар нөлөөлж эхэлсэн замын түгжрэлийн асуудлыг шийдэх нь төслийн байгаль орчинд үзүүлэх сөрөг нөлөөллөөс хэд дахин илүү нийгмийн ач холбогдолтой юм шүү гэдгийг л хэлэх гэсэн юм.
Ус ба зам
Туулын хурдны зам төсөл хэрэгжснээр Улаанбаатарчууд бид уух усгүй болно гэж эсэргүүцэгчид бас дуугарна лээ. “Улаанбаатар хотын усны эргэлтийг хангах эдйин засгийн үр ашигтай шийдлүүдэд хийсэн усны эдийн засгийн шинжилгээ”-ний тайланд дурьдсанаар өнөөдрийг хүртэл хотын бидний ундны усны хэрэгцээг газрын доорх гүний усаар л хангаж байна. Ус цэвэршүүлэх зардал өндөр, түгээлтийн систем дутагдалтайн улмаас Туул голын гадаргын усны нөөцийг өнөөг хүртэл ашиглаагүй байна. Улаанбаатар хотын усны 1 жилийн нөөц 120 сая м3 байдаг бол үүний 104,86%-ийг газрын доорх гүний уснаас, үлдсэн 16.14%-ийг гадаргын уснаас бүрдүүлж байна гэж тайланд бичжээ. Тэгэхээр Улаанбаатарчууд бид өнөөдөртөө Туул голынхоо усыг хэрэглээнд оруулаагүй, зуны цагт шумбах, эрэг дээр нь очиж мах шарахдаа ашиглаж байгаа юм байналээ шүү. Нэг үгээр Улаанбаатарчуудын уух усанд уг төсөл нэг их хүртээлгүй гэж хэлж болох юм.
Трасс судлаачид
Туулын хурдны зам төсөл эхлэхтэй зэрэгцээд бид нийтээрээ л ЗАМЫН ТРАСС СУДЛААЧ нар болж байх шиг байна. Зарим нь Улаанбаатар хотын MAP дээр улаан балаар зураас татан түгжрэлийн асуудлыг шийдэж байгаа бол зарим нь AI-аас Туул гол дээр замб арьж байгаа зураг гаргуулж аваад түүгээрээ хүмүүс айлгах, дагагчаа нэмэх ажлаа давхарх ийж байгаа харагдана лээ.Гэхдээ эдгээр шүүмж дундаас олон хүн хурдны зам явах ёстой, хотын арын гэр хороолол дундуур явуулах, эсвэл Богд уулын урдуур тавих, бүр зарим нь одоо явж Улаанбаатар төмөр замын трассаар тавьж, төмөр замыг хотоос гаргая гэх мэт ажил хэрэгч аргумент дэвшүүлж байгаа нь талархууштай.Тэгэхээр Улаанбаатар хотын араар гэр хороолол дундуур явах 1-р тойрог хурдны замын ажил 4 сард тендер нь зарлагдана, улмаар Туулын хурдны замтай огтолцоно гэсэн Хотын даргын мэдэгдэл нь Туулын хурдны замын хотоос авах замын ачааллыг хуваалцана гэсэн үндсэн санаа, гаргалгаа нь юм. Өөрөөр хэлбэл Улаанбаатар хотын түгжрэлийн нэг гол шалтгаан нь зүүн-баруун чиглэлийн урсгал хотын төвөөр шахагдаж ордогт байдаг. Туулын хурдны зам баригдвал энэ урсгал хотын төв рүү орохгүйгээр урд талаараа шууд гарах боломжтой болно. Дараагийн алхам нь хотын хойд талаар тавигдах тойрог хурдны зам нь үндсэндээ Улаанбаатар хотыг урд, хойд хоёр транзит коридортой болгосноор түгжрэлийн асуудал дор хаяж 40-50 хувь буюу үндсэндээ шийдэгдэнэ.Бас нэг бодит жишээ гэвэл Баянзүрх дүүрэгт амьдарч байгаа миний бие, 1-р хороололд байгаа аавынх руугаа очихдоо Маршалын гүүр орчмын гарцнаас Хурдны зам руу ороод ТЭЦ 4,Сонсголон орчмын гарцаар хурдны замаас буугаад аавындаа очиход 15-20 минут, харин уламжлалт буюу одоо байгаа нөхцлийнхөө хүрээнд төв замаар түгжрээд, гэрлэн дохионы хүлээлгэн дээр саатсаар очиход дор хаяж 90-120 минут зарцуулна. Мэдээж би эхнийхийг сонгоно. Амьдрал дээр энэ төсөл ингэж л бууж ирэх юм. Харин уг хурдны замын төслийг Богд уулын урдуур явуулья гэсэн санаа бол энэ замыг бариад ч хэрэггүй гэсэнтэй агаар нэг юм. Хэрвээ уг зам Богд уулын урдуур явбал хотын замын ачааллаас огт авахгүй зүгээр л хөдөө цемент аваачаад булснаас ялгаагүй
тийм л үр ашиггүй төсөл болно. Одоо байгаа Чойрын замаас Төв аймаг руу салдаг хоёр эгнээ зам нь жилийн аль ч улиралд ачаалал багатай байж л байна шүү дээ.Хурдны замаа одоо байгаа төмөр замын трассыг дагуулж хийлгэх, УБТЗ-ыг хотоос гаргах гэдэг дээр бол Оросуудаас зөвшөөрөл авна, оросуудын өгөх хариу нь тодорхой. NO.
That is all.
Эцэст нь “Туулын хурдны зам төсөл нь техникийн хувьд хэрэгжих нөхцөл бүрдсэн, нийгэм-эдийн засгийн талаас ач холбогдол бүхий эерэг нөлөөлөлтөй, байгаль орчинд сөрөг нөлөөлөл багатайгаар хэрэгжүүлэх боломжтой төсөл” гэж дүгнэсэн мэргэжлийн байгууллагын дүгнэлтээр энэ сэдвээ өндөрлүүлье.
Жич. Үнэндээ Х.Нямбаатарын хэн байх нь 100 дугаар асуудал юм. Харин хувь хүнийх нь зүтгүүртэй, нэг ажлын ард гарч байж салдаг зан чанартай дээр нь энэ төсөл явчихаасай гэж түгжрэлээс түгшдэг хотын оршин суугчийн хувьд чин сэтгэлээсээ хүсч байна.
Жичийн жич: Үүнийг бичигч би бээр Х.Нямбаатар гэдэг хүнийг танихгүй, холоос ч харж байгаагүй гэдгээ бас хэлье.
Нийтлэлч Б.Олзвой
| Хурдны замын хувь тавилан хаашаа эргэх вэ? |
Үс шинээр үргээлгэх буюу засуулахад бие эрхтний хүч сайжирна
2026-03-22 01:21:04
“Байгалийн шинжлэх ухааны үндэсний музей”-н шинэ бүтээн байгуулалт үргэлжилж байна
2026-03-21 13:50:09
Өдөртөө ялимгүй хур тунадас орно
2026-03-20 21:54:27
Хурдны замын хувь тавилан хаашаа эргэх вэ?
2026-03-22 13:49:07
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баян-Өлгий аймагт ажиллаж байна
2026-03-22 12:51:40
Үс шинээр үргээлгэх буюу засуулахад бие эрхтний хүч сайжирна
2026-03-22 01:21:04
“Байгалийн шинжлэх ухааны үндэсний музей”-н шинэ бүтээн байгуулалт үргэлжилж байна
2026-03-21 13:50:09