Д.Нацагдорж: Эмэгтэй хүнийг ойлгож, дээдэлж, “Ачааны хүндийг үүрдэг шүү дээ” гэж бодож залбирч явбал буян хураана

-Миний анзаарснаар бурхны шашинд эмэгтэй хүний байр суурь нэлээд доогуур байдаг юм уу гэж санагддаг. Харин таны хувьд эмэгтэй хүний талаар ямар бодолтой байдаг вэ?

-Би санал нийлэхгүй байна. Хүмүүс тэгж боддог байж болно. Гэхдээ тийм үзэл бодол, тийм буруутгах шалтгаан бурхны номд байхгүй л дээ. Харин ч бурхны ном эх болсон зургаан зүйлийн хамаг амьтныг эн тэнцүүхэн авч үзэх үндсэн үзэл бодол дээр хөгжиж явдаг. Замбуулинд заларсан бурхан ч гэсэн эхээс л төрсөн. Хутагт хувилгаад, бодисадва нар, хүн болгон эхээс төрж байгаа учраас бид эх гэдэг талаас нь хүндэлж, харин ч эх болсон зургаан зүйлийн хамаг амьтан гэж хүндэтгэж авч үздэг. Нөгөө талаар эмэгтэй дүртэй олон бурхан, бодисадва нар бий. Тэднийг ч гэсэн бясалгаж бодож залбирдаг хүмүүс шүү дээ. Тийм учраас нийгэмд тийм буруу ойлголт байдаг юм байна гэж харин ойлгож авлаа.

Орчлонд арга, билгийн ухаан оршин байдаг. Аливаа юмс арга билигтэй шүтэн барилдлагатай. Аргынх нь тал бол эцгийн тал, билгийн тал нь эхийн тал байдаг. Тийм учраас энэ бүхнийг арга билгийн үүднээс авч үзэхээр хэр аугаа болох нь ойлгомжтой болно. Тэгээд ч хүн төрөлхүйтний төрж, өсөж өндийж, хүн болохын эх үндэс нь эх хүн байдаг. Бид эхийн хэвлийд бүрэлдэн тогтож хүний төрлийг олж байгаа. Ер нь эх хүнийг магтан сайшаасан, эх хүний нинж асралын сэтгэлийг магтан дуулсан олон ном бий л дээ. Ганц хүүтэй эх хүний үрээ энхрийлдэг сэтгэл шиг сэтгэлийг гаргаж байгаарай гэж бичсэн ном олон бий.

Эмэгтэй хүмүүсийн эрдэм, гэм байх талаар бичсэн ном ч бий.

Гэхдээ бурхны номд эмэгтэй хүний асар олон эрдэмлэг, сайн мөн чанаруудын тухай зөндөө бичсэн байдаг. Тухайлбал, одоо эмэгтэй хүн бол гурван хорын муу сэтгэлээс ангид байх, атаа жөтөө, хорслын сэтгэлгүй байх, хармын сэтгэлгүй байх, аав ээж, хөгшин залуу гэлтгүй эн тэнцүү хүндэлж авч үздэг байх, эр нөхөр, хань ижлээ энэрч асардаг байх, үр хүүхдэдээ энэрэл асралтай байх, буруу үзэл бодол, буруу зүйлд тачаахгүй байх, муу үйл явдалд орохоос сэрэмжилдэг, өөрийнхөө сэтгэлийг тэвчээртэй байлгах, мөн аливаа муу юмыг хорьж чаддаг сэтгэлтэй байх зэрэг нь ерөөсөө л эмэгтэй хүний үзэсгэлэн гоо, мөн чанар шүү дээ гээд л авч үздэг. Тэгэхээр эмэгтэй хүнийг хэдий чинээ ойлгож, дээдэлж, “Ачааны хүндийг үүрдэг шүү дээ” гэдэг талаас нь л бодож залбирч явбал буян хураана. Ийм л байна.

Эх сурвалж: "Мамба дацан" хийдийн хамба лам Д.Нацагдоржийн ярилцлагаас “Зиндаа” сэтгүүл. №17/517


Д.Нацагдорж: Эмэгтэй хүнийг ойлгож, дээдэлж, “Ачааны хүндийг үүрдэг шүү дээ” гэж бодож залбирч явбал буян хураана
Сэтгэгдэл
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд chig.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ