Т.Ариунсан: Механик цехийн өргөтгөлийн ажил энэ онд эхэлнэ

“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын 2025 оны үйлдвэрлэл, эдийн засаг, үйл ажиллагааны тайлангийн хурал энэ сарын 3, 4-ний өдрүүдэд болж өндөрлөж байна. Үйлдвэрлэлийн үндсэн цехүүдийн нэг болох Засвар, механикийн завод өнгөрсөн онд 133.6 тэрбум төгрөгийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж, дөрвөн тэрбум төгрөгийн эдийн засгийн хэмнэлттэй ажиллажээ. Тодруулбал, цутгамал бүтээгдэхүүн 4854 тонн, механик боловсруулалттай эд анги 2484 тонн, металл хийц ба стандарт бус тоног төхөөрөмж 815 тонн, резинэн эдлэл 172 тонныг үйлдвэрлэсэн нь төлөвлөгөөг 100.2-120 хувиар биелүүлсэн амжилттай ажилласан байна. Үйлдвэрийн газрын балансын комиссын гишүүд тус цехийн үйлдвэрлэл, үйл ажиллагааг “Хангалттай сайн” гэж дүгнэв.

Тайлангийн хурлын дараа Засвар, механикийн заводын дарга Т.Ариунсантай уулзаж, өргөтгөл шинэчлэлийн ажлын явцын талаар тодрууллаа.

-2025 оны тайлангаа амжилттай хамгаалсан танай хамт олонд баяр хүргэе.

-Баярлалаа. Өнгөрсөн он Завсар, механикийн заводын хувьд өргөтгөл шинэчлэлийн ажлаа үргэлжлүүлсэн, үйлдвэрлэлийн төлөвлөгөөнүүд зохих түвшинд биелсэн, ажил ихтэй жил байлаа.

-Өргөтгөл шинэчлэлийн ажлынхаа явцаас танилцуулбал?

-Цутгуурын цехийн өргөтгөлийн барилгын ажил бүрэн дуусаж, Улсын комисст хүлээлгэн өгсөн. Одоогоор тоног төхөөрөмжүүдийн угсралт, суурилуулалт, тохируулгын ажил ид явагдаж байна. Бид долоодугаар сарын 1-нд багтаан ашиглалтад оруулах төлөвлөгөөтэй. Барилга засварын цех, Засвар, угсралтын цех болон манай заводын мэргэжилтнүүд хамтран эрчимтэй ажиллаж байна.

- Илчийн боловсруулалтын тасгийн өргөтгөл ашиглалтад орсноор ямар үр дүн гарах вэ?

-Цутгамал бүтээгдэхүүний үйлдвэрлэл 1000–1500 тонноор нэмэгдэх боломж бүрдэнэ. Ингэснээр нийт 7000 тонн цутгамал бүтээгдэхүүн үйлдвэрлэх хүчин чадалтай болно. Эрдэнэт үйлдвэрийн цутгамал бүтээгдэхүүний жилийн хэрэглээ дунджаар 5000 орчим тонн байдаг. Тиймээс бусад байгууллагуудаас 1500–2000 тонн цутгамал бүтээгдэхүүний захиалга авч, үйлдвэрлэх боломж нээгдэнэ. Цаашид хөрөнгө оруулалт үргэлжилбэл шинэ Цутгуурын цех барих зорилттой. ТЭЗҮ нь боловсруулагдаж, нарийвчилсан зураг төслийн тендер явагдаж байна. Засгийн газрын тогтоол, Эрдэнэт үйлдвэрийг 2017–2031 он хүртэл хөгжүүлэх үндсэн чиглэлд Засвар, механикийн заводыг Монгол Улсын машин үйлдвэрлэлийн төв болгон хөгжүүлэх зорилт тусгагдсан. Шинэ цутгуурын цех ашиглалтад орвол цутгамал бүтээгдэхүүний үйлдвэрлэл 14 мянган тоннд хүрнэ.

-Механик цехийн өргөтгөлийн ажил хэзээнээс эхлэх вэ?

-Барилга байгууламж, дэд бүтцийн ажлыг гүйцэтгэх компани шалгарсан. Хавраас ажил эхэлнэ. Бид дэд ажлын хэсэг байгуулж, бэлтгэл хангах, зам талбай чөлөөлөх ажлуудыг эхлүүлээд байна. Ойрын хоёр жилд Механик цехийн өргөтгөлийг үндсэндээ дуусгах төлөвлөгөөтэй. Энэхүү өргөтгөл ашиглалтад орсноор механик боловсруулалттай эд анги, резинэн эдлэл, металл хийц, стандарт бус тоног төхөөрөмжийн үйлдвэрлэл мэдэгдэхүйц нэмэгдэнэ.

-Тендерийн тухай хуулийн өөрчлөлт заводын үйлдвэрлэлд нөлөөлж байна уу?

-Нөлөөлж байна. Төрийн өмчит компаниуд хоорондоо ажил, үйлчилгээ, бараа бүтээгдэхүүн борлуулахыг хуулиар хориглосноор ТЭЦ-3, ТЭЦ-4, Дарханы төмөрлөг, Хөтөлийн цемент шохой, Эрдэнэс Тавантолгой зэрэг байгууллагын захиалга нам зогссон. Ерөнхий захирлын өгсөн үүрэг чиглэлийн дагуу тендерийн хууль үйлчилдэггүй аж ахуйн нэгжүүдтэй хамтран ажиллах боломжийг эрэлхийлж байна. Тухайлбал, өнгөрсөн оны 11 дүгээр сард манай Заводын найман хүний бүрэлдэхүүнтэй баг Оюутолгой компанид очиж, үйл ажиллагаагаа танилцуулсан. Өмнөх хамтын ажиллагааг сэргээж, илүү өргөн хүрээнд хамтран ажиллахыг зорьж байна.

-2025 оны үйлдвэрлэлийн төлөвлөгөөт даалгавраа амжилттай биелүүлсэн хамт олондоо юу хэлэх сэн бол?

-Манай хамт олон мэргэшсэн, чадварлаг, технологийн дэвшил, техник тоног төхөөрөмжийг бүрэн эзэмшсэн баг. Сүүлийн жилүүдэд бүрэн автомат, тоон болон компьютерын удирдлагатай суурь машин, тоног төхөөрөмжүүд үйлдвэрлэлд нэвтэрч, ажилтнуудаас илүү өндөр мэдлэг, ур чадвар шаардах болсон. Өнгөрсөн онд Засвар, механикийн заводын 626 ажилтан бүр хөдөлмөрийн сахилга баттай, хичээл зүтгэлтэй ажилласан. Та бүхэндээ чин сэтгэлийн талархал илэрхийлж, ажилд нь амжилт, амьдралд сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.


Т.Ариунсан: Механик цехийн өргөтгөлийн ажил энэ онд эхэлнэ
Сэтгэгдэл
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд chig.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ