Шингэрүүлсэн шатдаг хийг аюултай ачаа тээвэрлэх журмын шаардлагыг хангасан том, жижиг багтаамжтай ямарч автоцистернээр тээвэрлэж болно

Өнгөрсөн шөнө Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, “Их Монгол”, “Дүнжингарав” худалдааны төвийн автозамын уулзварт шингэрүүлсэн байгалийн хий (газ) тээвэрлэж явсан том оврын автомашин, суудлын автомашинтай мөргөлдсөн зам тээврийн ослын улмаас гал гарч автомашин шатаж эрдэнэт хүний амь эрсдэж, олон хүн техник хэрэгсэл, ахуй амьдралаараа хохироод байна. Тэгвэл иргэдийн дунд яагаад 60 тонн газ тээвэрлэсэн машин хотод явж байсан бэ? ингэж их хэмжээгээр нь тээвэрлэх ёстой байсан уу? гэсэн олон асуултууд гараад байгаа юм. Ялангуяа манай улсын хувьд хот нийтийн оршин суух газарт ШТС алхам тутамд байдаг гэсэн шүүмж нилээдгүй байдаг. ШТС-н болон газрын тос, газ гэх мэт тэсэрч дэлбэрэх эрсдэлтэй бодисыг ямар стандартаар тээвэрлэх горимтой талаар Техникийн ухааны доктор, Газрын тосны салбарын Зөвлөх инженер Л.Орхоноос тодрууллаа.

ШТС-н болон газрын тос, газ аюултай онцгой бүтээгдэхүүн тээвэрлэх горим буюу шатахуун, газ гэх мэт тэсэрч дэлбэрэх эрсдэлтэй бодисыг ямар стандартаар тээвэрлэдэг вэ?

Монгол улсын “Химийн хорт болон аюултай бодисын тухай” хуулийн 3.1.2. "химийн аюултай бодис" гэж тэсрэмтгий, шатамхай, идэмхий, исэлдүүлэгч, цочромтгой шинж чанартай химийн бодис, тэдгээрийн нэгдлийг хэлнэ гэж заасан. Энэхүү хуулийн химийн хорт болон аюултай бодистой холбогдох үйл ажиллагааг зохицуулахад тавих үндсэн шаардлагын 8.1. заалт “Иргэн, аж ахуйн нэгж, байгууллага химийн хорт болон аюултай бодис импортлох, үйлдвэрлэх, хадгалах, худалдах, тээвэрлэх, ашиглах, устгах явцад хүний эрүүл мэнд, байгаль орчин, мал, амьтанд үзүүлэх сөрөг нөлөөллөөс урьдчилан сэргийлэх, гарсан хор уршгийг арилгах арга хэмжээг өөрийн зардлаар авч хэрэгжүүлнэ” гэсэн үндсэн гол үүрэгтэй байдаг.

Монгол улсын “Химийн хорт болон аюултай бодисын тухай” хуулийн 12 дугаар зүйл Химийн хорт болон аюултай бодис тээвэрлэхэд тавих үндсэн шаардлага”-д зааснаар уг хуулийн 6.1.2. заалтын дагуу химийн хорт болон аюултай бодис хадгалах, ашиглах, устгах журмыг Эрүүл мэндийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв болон Онцгой байдлын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагатай хамтран баталсан.

Шингэрүүлсэн шатдаг хий нь химийн аюултай бодисын ангилалд хамаарагддаг бөгөөд Монгол улсын MNS 4978:2017 “Аюултай ачаа. Ангилал. Тээвэрлэлтэд тавих ерөнхий шаардлага” стандарт, ДБЯ-ны сайдын 2001 онд баталсан “Хийн аж ахуйн аюулгүй ажиллагааны дүрэм”, ТЭХЯ-ны сайдын 2007 онд баталсан “Даралтат савыг төхөөрөмжлөх, аюулгүй ашиглах дүрэм”, Монгол улсын Замын хөдөлгөөний дүрэмд заасан аюултай ачаа тээвэрлэх шаардлага, ДБЯ-ны сайдын баталсан “Хийн аж ахуйн техник ашиглалтын дүрэм”, ЗТЯ-ны сайдын баталсан “Аюултай ачаа тээвэрлэх журам” гээд холбогдох хууль, журам, дүрэм, стандартуудын шаардлагыг хангаж тээвэрлэлтийг гүйцэтгэх ёстой.

Жишээ нь: MNS 4978:2017 “Аюултай ачаа. Ангилал. Тээвэрлэлтэд тавих ерөнхий шаардлага” стандартад тавигдсан зарим шаардлагуудыг дурдвал:

  1. Аюултай ачаа илгээгч нь гарч болзошгүй ослын үед ажиллах төлөвлөгөө, аюулгүй ажиллагааны зааврыг батлуулж, тээвэрлэгч байгууллага, жолооч, дагалдан яваа хүмүүст танилцуулж гарын үсгээр баталгаажуулсан байх ёстой.
  2. Шингэрүүлсэн шатдаг хий тээвэрлэгч автотээврийн хэрэгслийн торх нь даралтат савны стандартыг хангаж, мэргэжлийн хяналтын байгууллагаас аюултай ачаа тээвэрлэх зөвшөөрөл авсан байх ёстой. 
  3. Шингэрүүлсэн шатдаг хий, аюултай ачаа тээвэрлэх маршрутыг аль болох замын хөдөлгөөний эрчим, бартаа саад бага байхаар сонгож, тээвэрлэх цаг хугацаа, замын хөдөлгөөнд оролцох чиглэлийг орон нутгийн Онцгой байдлын газар, Замын цагдаагийн албанд мэдэгдэж, аюулгүй тээвэрлэх зөвлөмж, даалгаврыг авсан байх ёстой.
  4. Аюултай ачаа тээвэрлэгч жолооч нь осол аюулгүй тээвэрлэх талаар мэргэжлийн сургалтад хамрагдсан, тухайн ангиллын үнэмлэхтэй, мэргэшсэн жолоочийн сертификаттай байна.  
  5. Замын цагдаагийн алба, Онцгой байдлын байгууллагаас тээвэрлэх чиглэлийг тогтоож зөвшөөрөлцсөн байна.
  6. Аюултай ачаа тээвэрлэх, онцгой ажил гүйцэтгэх бүрт аюулгүй ажиллагааны зааварчилга авсан байна.
  7. Аюултай ачааны шаардлагыг бүрэн хангаагүй, тээврийн хэрэгсэл бүрэн бус, жолоочид тавигдах шаардлага хангагдаагүй тохиолдолд тээвэрлэлт хийхийг хориглодог.

Монгол улсын ЗГ-ын 2018 онд баталсан “Замын хөдөлгөөний дүрэм”-д хүнд буюу аюултай ачаатай тээврийн хэрэгслээр замын хөдөлгөөнд оролцохдоо эрх бүхий байгууллагаас баталсан тусгай журам, стандартыг баримтална гэж заасан байдаг.

Хот дотор тээвэрлэхдээ их тонн хэмжээгээр тээвэрлэхийг хориглодог уу? 1-2 тонноор зөөвөрлөх ёстой байсан гэдэг яриа бас гараад байна? 

Газрын тосны бүтээгдэхүүн болон шингэрүүлсэн шатдаг хийг аюултай ачаа тээвэрлэх журмын шаардлагыг хангасан том, жижиг оврын их, бага багтаамжтай ямарч автоцистернээр тээвэрлэж болно. Учир нь шатахуун түгээх станцын шатахуун хадгалах нөөцийн нэг савны багтаамж 25 м3 буюу 25000 литр, нийт багтаамж 100-250 м3, шингэрүүлсэн хий түгээх станцуудын хий хадгалах нөөцийн сав 10-20 м3 буюу 10000-25000 литр шингэрүүлсэн хийг хадгалах боломжтой байхаар галын аюулгүйн норм зааж өгсөн байдаг. Иймд ийм хэмжээний нөөцийн савыг дүүргэхийн тулд хот болон хөдөөд тээврийн холын зай, рейсийн давтамж, тээвэрлэлтийн зардлаасаа хамаарч боломжит багтаамжтай машиныг сонгодог. Уул уурхай, газар тариалан гэх мэт хэрэглээ өндөртэй газар руу 45000-50000 л багтаамжтай автоцистерн явж байгаа. Замын хөдөлгөөний дүрэмд зааснаар тээврийн хэрэгслийн нэг тэнхлэг дээрх даацын нормд тохируулан тээвэрлэлтийг гүйцэтгэдэг. Зарим хүмүүс хот дотр 1000-2000 л багтаамжийн торхтой машинаар тээвэрлэх ёстой гэж мэдэмхийрсэн байна лээ. Аливаа асуудалд мэргэжлийн үүднээс хандах ёстой. Жишээ нь: нэг ШТС-ын нэг нэр төрлийн 25000 л багтаамжтай савыг 12-25 удаа зөөж дүүргэх үү? Та бүхэн мэдэж байгаа саяханы шатахууны хомсдолоор тээвэрлэлт нь саваа дүүргэж амжихгүй, борлуулалтаа гүйцэхгүй бөөн дараалал, уур бухимдал, үймээн бужигнаан боллоо шүү дээ. 

Үүссэн нөхцөл байдлаас болоод хот дотор, суурин бүсэд сургууль цэцэрлэг, орон сууцтай ойр байгаа ШТС-уудыг бас нүүлгэн шилжүүлэхийг иргэд шаардаж байна?

Барилга хот байгуулалтын яамны сайдын 2014 онд баталсан БНбД 21-07-14 “Шатахуун түгээх станц. Галын аюулгүй норм”-д зааснаар автомашинд хий түгээх станц нь шингэрүүлсэн хий хадгалах нөөцийн сав нь газар дор далд савтай бол орон сууц, олон нийтийн барилга байгууламжаас 100 м, ерөнхий сүлжээний автозамын хөвөө, захаас 50 м, хийн нөөцийн сав нь ил буюу газар дээр байрлалтай бол орон сууц, олон нийтийн барилга байгууламжаас 300 м, ерөнхий сүлжээний автозамын хөвөө, захаас 100 м зайд галын аюулгүйн зай хэмжээг тооцно гэж нормчилсон байдаг.

БХБЯ-ны сайдын баталсан БНбД 42-01-19 “Хийн хангамж” галын аюулгүйн нормд шингэрүүлсэн, шахсан хий хадгалах, цэнэглэх цэг болон хий түгээх станцын аюулгүй зай хэмжээг мөн адил нормчилж өгсөн байдаг.   

Цаашид ийм аюултай нөхцөлөөс хэрхэн сэргийлэх вэ?

Өнөөдөр УБ хотын хэмжээнд газрын тосны бүтээгдэхүүний бөөний худалдаа эрхлэгч 40 гаруй аж ахуйн нэгжийн шатахуун хадгалж буй 29 агуулах, шингэрүүлсэн шатдаг хий хадгалдаг 11 агуулах байна. Газрын тосны бүтээгдэхүүн хадгалж буй барилга байгууламж, техник, тоног төхөөрөмж нь БНбД 21-03-04 “Газрын тос, газрын тосны бүтээгдэхүүний агуулах. Галын аюулгүйн норм”, БНбД 42-01-19 “Хийн хангамж”, MNS 5746-2000 “Газрын тос, газрын тосны бүтээгдэхүүний агуулах. Технологийн байгууламж. Техникийн ерөнхий шаардлага” стандартаар тогтоосон техникийн ерөнхий шаардлагуудыг хангасан байх ёстой бөгөөд АМГТГ, Онцгой байдлын ерөнхий газар, УУХҮЯ-ны салбарын мэргэжлийн хяналтын газраас тогтмол давтамжтай үзлэг шалгалтыг хийж, агуулахын бүртгэлийн гэрчилгээ, импортын болон бөөний борлуулалтын тусгай зөвшөөрлийг УУХҮЯ олгодог.

Замын цагдаагийн алба, Онцгой байдлын ерөнхий газар, Автотээврийн үндэсний төв, мэргэжлийн хяналтын байгууллагууд болон хийн аж ахуй эрхлэгч байгууллагын дотоод хяналт шалгалтын алба нь байнга шалгаж, илэрсэн зөрчлийг арилгуулах ёстой.

Саяны ослын нөхцөл байдлыг олон нийтийн сүлжээнд тавигдсан бичлэгээс харахад авто замын төлөвлөлт нь том оврын тээврийн хэрэгсэл эргэлт хийхэд эргэлтийн радиус нь стандарт хэмжээнд хийгдсэн үү гэдэг асуудал гарна. Том оврын ачааны тээврийн хэрэгсэл эргэхэд толгой, чирэгдэгч торх хоёр нэг эгнээнд биш, мөн том машины сохор бүс буюу толинд харагдахгүй хэсэгт суудлын машин давхар эргэж орсон, шүргэлцсэн байдал харагдаж байна лээ.

Мөн тэсэрч дэлбэрэх бодис тээвэрлэх зөвшөөрөл олгох шаардлагад автомашины жолооч нь тээвэрлэлтийн батлагдсан замнал буюу маршрутыг зөрчих, батлагдаагүй замаар явах, зориулалтын бус газар зогсох, хурд хэтрүүлэх, гэнэт хурдан хөдөлгөөн хийх огцом, тоормозлох, тусгай тоноглолгүй тээврийн хэрэгслээр аюултай ачаа тээвэрлэх зэргийг хориглосон байдаг.   


Шингэрүүлсэн шатдаг хийг аюултай ачаа тээвэрлэх журмын шаардлагыг хангасан том, жижиг багтаамжтай ямарч автоцистернээр тээвэрлэж болно
Сэтгэгдэл
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд chig.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 1
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2024-01-24 17:42:51
    Аюул: Шүргэлцлийн үед шууд цайраад хий алдагдаж байгаа нь харагдаж байна, буулгах хоолой эсвэл байпас хоолойн ам, таг гэмтсэн байх, цагаарсан хий шууд алдагдаж байна. Энэ үед мэдээж том, жижиг машинууд асаалттай байсан, очноос гал гарсан, халсан хийн дэлбэрэлт үүссэн.
Шинэ мэдээ