Хүүхдүүдийн эрүүл мэндийг эрсдэлд оруулан байж сонгууль зохиох хэрэг байна уу

-Цар тахлын давлагаа хүүхдүүдийг илүү нэрвэж байгаа-

Хөл хорио цуцалснаас хойш коронавирусийн батлагдсан тохиолдлын тоо өчигдөр анх удаа 1000-ын босгыг давж, өнөөдөр давтагдлаа. Өчигдөр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Шаардлагатай бол хэсэгчилсэн хол хорио тогтооно” гэж мэдэгдсэнийг хэвлэлүүд дамжуулсан. Тэгвэл манай Chig.mn цахим сонины редакцийн зүгээс Ерөнхийлөгчийн сонгуулийг хойшлуулах санал гаргаж байна.

Ийм санал гаргах хэд, хэдэн үндэслэл байна.

Нэгдүгээрт, шинжилгээ өгсөн хүний тоо, батлагдсан тоог харьцуулбал хүн амын дунд тархалт маш их газар авсан гэж хэлж болохоор байна. Дунджаар шинжилгээ өгсөн 6-7 хүний нэг нь коронавирусийн халдвар авсан нь батлагдаж байгаа.

Хоёрдугаарт, байдал ийм хэмжээнд хүрэхэд Ерөнхийлөгчийн сонгуулийн сурталчилгаа нөлөөлсөн байж болзошгүй.  Монгол Улсын Засгийн газраас Ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр коронавирусийн халдвараас сэргийлэх зорилгоор түр журмыг батлан мөрдүүлж байгаа. Энэ журамд нэр дэвшигчид хурал цуглаан зохион байгуулах байрыг урьдчилан ариутгаж цэвэрлэх, суудал хоорондын зайг 1.5 метрээс доошгүй байрлуулах, сурталчилгаа явуулах байр, танхимд орох, гарахад иргэдийн бөөгнөрөл үүсгэхгүй байхаар зохион байгуулахаас гадна хэвлэмэл материал тараах хүмүүс нэг удаагийн бээлий өмсөх, айл өрхөд тараахаар бол гэр бүлийн гишүүдтэй харьцахгүйгээр, хаалганы гадна талд үлдээнэ гэж маш тодорхой заасан. Гэвч сурталчилгаанд ажиллаж байгаа хүмүүсийн хайнга байдлаас болж айл өрхөд хэвлэмэл материал тараахдаа биечилж өгөх зөрчил гарч байна. Нэр дэвшигчид уулзалт зохион байгуулахдаа хүн амын бөөгнөрөл үүсгэж байна. Бээлийгүй байж эрсдэлт бүлгийн хүмүүстэй гар барьж байна.

Гуравдугаарт, Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга хэдэн өдөр дараалан эхчүүдэд одон шагнал гардуулж төв талбай дээр иргэдийн бөөгнөрөл үүсгэж байна. Төв талбай цэцэг, үнэсэлтэд бялуураад хэд хонолоо.   

Иргэдэдээ үлгэр дуурайл болох ёстой улстөрчид, тэр тусмаа төрийн тэргүүн, төрийн тэргүүн болох гэж байгаа хүмүүс ийм ухамсар дорой байгаа нь харамсалтай. Иргэдийнхээ аюулгүй байдлыг үл тоож байгаа ийм хүмүүс ер нь төрийн тэргүүнээр ажиллаж болох юм уу гэсэн асуудал ч эндээс урган гарч байна.

Дөрөвдүгээрт, цар тахлын сүүлийн давлагаа хүүхдүүдийг илүү нэрвэж байгаа. Монгол бол хүүхэд, залуусын орон. Гэтэл улс орны ирээдүй болсон хүүхэд, өсвөр үеийнхэн цар тахлын өмнө ямар ч хамгаалалтгүй байгаа гэдгийг бид үргэлж санах ёстой. Төр засаг ирээдүй хойчоо хайрлаж, санаа тавьж байгаа нь үнэн л бол кафе нээхээс гадна кафе нээх хүртэл амьд мэнд, эрүүл саруул байх бололцоог нь хангах учиртай. Сонгуулийг хойшлуулья. Коронавирусийн халдвар хүнийг үхэлд хүргэхгүй байлаа гэхэд заавал нэг оёг гэм үлдээж байгаа гэж яриад байгаа шүү дээ. Ирээдүй хойч, үр удам маань эрүүл байг, ерөөсөө сонгуулиа хойшлуулъя.    


Хүүхдүүдийн эрүүл мэндийг эрсдэлд оруулан байж сонгууль зохиох хэрэг байна уу
Сэтгэгдэл
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд chig.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 1
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2021-06-08 17:06:47
    аха: хойшлуулмаар л байна
Шинэ мэдээ