ХҮН: Төсвийн зардлыг таван их наядаар нэмж, 2024 оны сонгуульд бэлдэж байна

Төсвийн төсөл өргөн барьсантай холбоотойгоор ХҮН намын дэргэдэх Бодлогын судалгааны хүрээлэн бөгөөд Монголын эдийн засагчдын клубээс төсөвт хийсэн шинжилгээний үр дүнгээс танилцуулаа.  

Эдийн засагч Б.Отгонтөгс: Жилийн төсвийн төсөлд шинжилгээ хийж хэд хэдэн дүгнэлтийг гаргалаа. Нэгд, Засгийн газраас 2024 оны төсвийг өргөн барихдаа төсвийн зарлагыг өмнөх оныхоос 5.1 их наяд төгрөгөөр эрс нэмэгдүүлж  27.1 их наяд төгрөгөөр тооцсон нь судлаачдын зүгээс сонгуульд зориулж бэлдсэн төсөв гэж үзэж байна. Хоёрт, энэ төсөв нь УИХ-аас 2023 оны тавдугаар сарын 31-ний өдөр баталсан 2024 оны төсөв ямар байх ёстойг заасан төсвийн хүрээний мэдэгдэлд огт нийцээгүй буюу төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн хэд хэдэн заалтыг зөрчсөн. Тухайлбал, тус хуулийн 3.7-д төсвийн төсөл боловсруулах, батлах, батлуулсан төсөвт нэмэлт өөрчлөлт оруулахдаа дунд хугацааны мэдэгдэлд нийцүүлнэ гэсэн заалт байдаг. Тэгэхээр төсвийн хүрээний мэдэгдэлд заахдаа Монгол Улсын нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн орлогын хэмжээг 21.1 их наяд, нийт зарлагын хэмжээг 22.1 их наяд төгрөг байхаар тусгасан байдаг. Гэтэл сая өргөн барьсан төсвийн төсөлд тэнцвэржүүлсэн орлогын хэмжээг 25.2 их наяд төгрөг буюу 19.5 хувиар нэмэгдүүлж орж ирсэн. Харин нийт зарлагын хэмжээг 27.1 их наяд төгрөг буюу 19 хувиар эрс нэмэгдүүлсэн. Энэ нь төсвийн сахилга бат тун муу байгааг дахин илэрхийлж байна. Гуравт, ДНБ-ний хэмжээг 2024 онд 74 их наяд төгрөг байхаар тооцож зарлага, орлого, гадаад өрийн хэмжээг тооцож оруулж ирсэн байна. Тэгэхээр Монголбанкны мөнгөний бодлогын үндсэн чиглэлд тусгасан хэмжээнээс гурван их наяд төгрөгөөр их хэмжээтэй буюу зөрүүтэй гэж үзэж байна. Монголбанк инфляцын түвшинг 2024 онд зургаа дээр +-хоёр буюу найман хувьд барихаар тооцож байгаа. Ийм зорилт тавьж байхад Засгийн газрын төсөв нь түүнээс  даруй их хэмжээтэй буюу гурван их наядаар их зарлагатай орж ирэх нь Монголбанкнаас хэрэгжүүлэх бодлогын орон зайг үлдээхгүй байна гэж эдийн засагчид үзэж байна.

Дөрөвт, 2024 оны төсвийн зардалд төрийн албан хаагчдын цалин, тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээг ирэх оны дөрөвдүгээр сараас 10 хувиар нэмэхээр оруулсан байгаа. Энэ нь сонгуульд зориулсан арга хэмжээ гэж эдийн засагчид бодож байна. Учир нь, сонгууль болохоос хоёр сарын өмнө нэмэхээс гадна 2024, 2025, 2026 он гээд дунд, урт хугацаанд төсвийн урсгал зардлын дарамтыг нэмж байна. Мөн энэ нь нийт иргэдийн худалдан авах чадварыг таван хувиар бууруулна гэж үзэж байна.

Тавд, ирэх оны төсвийн хөрөнгө оруулалтыг 3.89 их наяд төгрөгөөр төсөвлөсөн байгаа. Энэ нь 2023 оны төсөвтэй харьцуулбал 20 хувиар нэмэгдсэн. Харин 2022 оны төсвийн хөрөнгө оруулалтын хэмжээтэй харьцуулбал 2.3 дахин их байна. Зөвхөн сонгуулийн жилд зориулж ийм хэмжээний төсвийн хөрөнгөөр хөрөнгө оруулалт хийх нь эцэстээ гадаад өрийн хэмжээг нэмнэ" гэлээ.


ХҮН: Төсвийн зардлыг таван их наядаар нэмж, 2024 оны сонгуульд бэлдэж байна
Сэтгэгдэл
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд chig.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ