Д.Гантулга: Солонгосын талыг БНСУ-ын ЭСЯ-аар дамжуулан прокурорын байгууллагад нь шалгуулах болсноо мэдэгдье

ХҮН намын гишүүд өнөөдөр Төрийн ордонд УИХ-ын намрын чуулган болон нийтийн тээврийн асуудалтай холбоотойгоор мэдээлэл хийлээ.

УИХ-ын гишүүн Т.Доржханд "Энэ удаагийн УИХ-ын намрын отгон чуулган өнөөдөр нээлтээ хийлээ. Уг чуулганаар маш олон чухал асуудлыг хэлэлцэнэ. Нийгэмд тулгамдаад байгаа буюу нүүрсний хулгайн нээлттэй сонсголыг аравдугаар сард багтан хийх болов уу.

Мөн төсвийн асуудал. Сонгуулийн жил төсөв яаж тэлдэг билээ. Үүнд ХҮН намын эдийн засагч нар байр сууриа илэрхийлээд явна. 

Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөгдсөн, дүрэм өөр болсон. Үр дүнд нь өнөөдөр бид анхны намрын чуулганаа хийх гэж байна. Энэ бол маш "халуун" чуулган байх болно. ХҮН нам зөв бодлогыг дэмжинэ, бурууг нь эрс шүүмжилнэ. Иргэдтэйгээ цуг байна гэдгээ хэлье.

"Цавчаа ногоон" буюу нийтийн тээврийн автобусны худалдан авалттай холбоотой асуудал байна. Ямар ч үндэслэл байхгүйгээр нууцлалд оруулчихдаг. Нууцын шийдвэр нь Засгийн газар дээр гараагүй байна, буцаачихсан юм байна. Гэтэл нууцад хамааруулах нь зүйтэй гэдэг зөвлөмж дээр үндэслээд нууцаар худалдан авалт хийчихсэн энэ тохиолдол Монголд газар авлаа. Байшин барих, нүүрс зарахдаа, төмөр зам барихдаа ч нууцад оруулчихдаг. 18 их наяд төгрөгийн долоон оффтейк гэрээг нууцалчихсан. Одоо болтол тэр нь ил болоогүй. Ийм байдлаар нууцалж явсаар байгаад иргэд нь ч мэддэггүй, УИХ нь ч мэддэггүй. Одоо хангалттай" хэмээлээ.

Түүнчлэн Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал дахь тус намын бүлгээс нийтийн тээврийн үйлчилгээнд явуулахаар худалдан авсан гэх "Ногоон автобус"-ны талаар дараах мэдээллийг өгөв.

НИТХ-ын төлөөлөгч Д.Гантулга "НИТХ дахь ХҮН намын бүлгээс Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд шаардлага хүргүүлж байгаа. "Zyle Daewoo" гэх компанийн дэд ерөнхийлөгч Ким хэмээх хүн өчигдөр хэвлэлийн хурал хийсэн. Ингэхдээ энэ бол цоо шинэ автобус бөгөөд шинэ автобус нь хуучин мэт харагдсанд уучлаарай гэлээ. Үргэлжлүүлээд хуучин гэж яриад байгаа монголчуудыг, арлынх нь дугаарыг шалгахаар 1993 он гэж гарч ирээд байна гэж мэдээлсэн хүмүүсийг шүүхэд өгнө гэв. 

Тэгэхээр энэ асуудал бол бид бүхний харж байгаагаар хил дамнасан, мөнгө угаах гэмт хэргийн шинжтэй үйлдэл байж болзошгүй байна. Иймд шалгуулна. Тодруулбал Хотын дарга Д.Сумъяабазар, сайд Ж.Сүхбаатар нарыг шалгуулахаар Авлигатай Тэмцэх Газар(АТГ), Тагнуулын Ерөнхий Газар(ТЕГ)-т хандаад байна. 

Мөн солонгосын талыг ч шалгуулна. БНСУ-ын Элчин сайдын яамаар дамжуулж, Солонгосын прокурорын газарт шалгуулах болсноо мэдэгдэж байна" гэлээ. 

Хууль хяналтын байгууллагууд нь шалгаад, эдгээр автобус талбай дээр иргэд очиж харсан шиг хуучин байна уу, дарга нар хууль зөрчсөн байна уу гэдгийг тогтоох учиртайг хурлын үеэр тэрбээр онцолж байв. Түүнчлэн нийслэлд хийгдэж буй худалдан авалтуудыг ХҮН намынхан бүгдийг нь шалгаж, иргэдэд мэдээлнэ хэмээлээ.


Д.Гантулга: Солонгосын талыг БНСУ-ын ЭСЯ-аар дамжуулан прокурорын байгууллагад нь шалгуулах болсноо мэдэгдье
Сэтгэгдэл
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд chig.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ