Төр засаг нь ард олноо удирдах чадваргүй болж ард олон нь төр засгаараа удирдуулах хүсэлгүй болсон үед хувьсгал болдог гэсэн сонгодог ойлголт бий. Үүнийг улс төр судлаачид бүхэлд нь системийн хямрал гэж нэрлэдэг. Тэгвэл системийн хямрал гэж юу вэ.
Биологийн шинжлэх ухаанд экосистем гэсэн ойлголт бий. Энэ нь толорхой орчинд амьд биетүүд хэрхэн бие биендээ дэм болон оршин тогтнодгийг судалдаг ухаан. Тухайлбал, чоно амьтан барихдаа аль сул дорой, өвчтэйг нь барьдаг учир идэш тэжээл болдог амьтдынхаа эрүүл орших нөхцөлийг хангаж байдгийг хүн бүр мэднэ. Тэгвэл дэлхийн хамгийн хурдан, шалмаг амьтан шонхорын барьсан амьтныг сар, адгийн муу хар хэрээ хүртэл булаагаад идчихдэгийг хүн бүр мэдэхгүй. Эндээс сар, хар хэрээг устгачихвал идэш тэжээлийн өрсөлдөгчдөөс салсан шонхор өсч арабын орнуудад олон шонхор гаргаж болох мэт төсөөлөл төрнө. Гэтэл сар, хар хэрээг устгачихвал шонхор ч устана. Учир нь шонхор өөрөө үүр засч чаддаггүй бөгөөд эдгээр шувуудын орхисон үүрийг ашигладаг юм. Амьд биетүүд энэ мэтээр бие биенийгээ дэмжсэн маш нарийн зохилдлогын дагуу оршин тогтнодог. Тэгвэл системийн хямрал гэдэг нь зөвхөн иргэд төр засгийн харилцаа төдийгүй бидний үйл ажиллагаа бие биендээ дэм үзүүлж чадахгүй болохыг хэлнэ гэсэн үг. Үүнийг ойлгох гээд үзье.
Хэдэн жилийн өмнө нийслэлийн төв гудамжаар өрөөсөн нь гял цал нөгөө нь тоостой гуталтай хүмүүс цөөнгүй харагддаг байв. Гутлаа цэвэрлүүлж байтал анх хэлсэн үнээс нь хамаагүй өндөр үнэ хэлэхээр уурлаад өрөөсөн гутлаа цэвэрлүүлэхгүй гээд явж байгаа нь тэр. Үйлчлүүлэгчээ хуурсан учир маш олон гутал цэвэрлэгчийн ажлын байр хаагдаж хотынхон тоостой гуталтай манаргах болсон. Хотын төв гудамжаар микро нэртэй бичил нийтийн тээврийнхэн явдагийг болиулахад нэг ч үйлчлүүлэгч тэднийг өмөөрч ажлын байрыг нь хамгаалсангүй. Микрогийнхон үйлчлүүлэгчээ хүндэтгэж соёлтой харьцаж тав тухыг нь хангаж үйлчилдэг байсан бол ийм олон ажлын байр хаагдахгүй байв. Үйлчлүүлэгчээ хүндэтгээгүй учир өөрсдөө хохиров. Та өглөө эрт үүр цайнгуут хотын төв гудамжинд нэг гараад үз.
Архи уудаггүй хог түүгчдээс гадна ямар олон согоо шиг охид биеэ үнэлэх ажлаасаа бууж байгааг харах болно. Ажил хйиснээс биеэ үнэлсэн нь дээр байгаа нь тэр. Та ямар нэгэн зөвшөөрөл гэлтгүй зүгээр л иргэнийхээ үнэмлэх дээр байгаа оршин суугаа хаягаа өөрчлүүлэх , өрхийнхөө гишүүдийн тоог багасгах, гадаадаас өөрт чинь явуулсан илгээмж авах эсвэл эмнэлэгт үзүүлэхэд л тантай гутал цэвэрлэгч, микрогийнхонтой яг адил харьцаж байгааг мэдрэх болно. Хэдийгээр хуультай боловч цэцэрлэгийн болон сургуулийн хүүхдийн багш нар таниас яаж ийгээд л мөнгө татна. Оюутан хүүхдийн чинь багш л гэхэд тэдэн хуудас материал гадаад хэлнээс монгол руу орчуулахгүй бол дүн тавихгүй гэж айлгана. Байгаль хамгаалах гоё гоё нэртэй ТББ-ууд өөрсдөө байгалийнхаа төлөө юу ч хийхгүй. Амьтад, байгалийн нэрээр мөнгө олохоо л бодно. Цагдаагийн дарга нар өөрсдийг нь тэжээдэг татвар төлөгчдөө буудахдаа санаа зовоогүй байж өөрсдөө шүүхийн өмнө очихоороо үхэх шахна. Сайд, дарга нар таныг удахгүй нэг их гийгүүлэх юм шиг л юм ярьцгаана. Амьдрал тань улам л дордоно. Ийм олон малтай байж кг махны үнэ 15 000 төгрөгт хүрч монголын түүхэнд байгаагүй үзэгдэл гарч монголчууд махнаас гарах болчихоод байхад хариуцах эзэн байхгүй. Ерөнхий сайд нь “Бага эрхлээрэй” ярина. Их хурлын гишүүд нь өөрсдийнхөө эрх ашигт нийцсэн хууль л гаргана. Үүнийгээ лобби гэнэ. Олон нийтийн эрх ашигт нийцсэн хуулийг бол гаргахгүй гацаана. Гаргалаа гэхэд тэр хууль нь биелэхгүй. Товчхондоо төр засаг ч тэр, ихэнх иргэд, бүр таны үйл ажиллагаа тань бусдад дэм болохгүй болчихсон байна гэсэн үг. Үүнийг л системийн хямрал гээд байгаа юм. Ийм болохоор л хувьсгал зайлшгүй гээд байгаа хэрэг. Хувьсгал гэдэг нь нийгмийн харьцааг үндсээр нь өөрчилнө гэсэн үг. Товчхондоо бидний үйл ажиллагааг бие биендээ дэм болдог л болгоно гэсэн үг. Ингэснээр иргэдийн амьдрал сайжирдаг. Тэгвэл яаж бие биендээ дэм болдог болж систем эрүүлждэг вэ. Товчхондоо манай улсын импортоор авч байгаа бараанаас экспортолж байгаа бүтээгдэхүүн нь үнийн дүнгээрээ давдаг болсон нөхцөлд л ийм боломж бүрдэнэ. Хичнээн оюун ухаан шингэсэн бүтээгдэхүүн экспортолно. Тэр хэмжээгээр баялаг бүрдэнэ. Ингэсэн цагт л монголчууд цалингаараа амьдрах бүрэн боломжтой болж хүн шиг амьдрана. Харин төр, засаг 20 000 байтугай 2 сая төгрөг тараасан ч бид хүн шиг амьдрахгүй тэжээмэл амьтан л болж хувирна. Тэгээд нэг наргүй өдөр турж үхэцгээнэ. Учир нь ийм мөнгөнд таны оюун ухаан шингээгүй байдаг. Хүний оюун ухаан шингээгүй мөнгө баялаг биш бөгөөд зөвхөн түр зуурын үзэгдэл юм. Үүний нотолгоо хүн төрөлхтөний түүхэнд хэтэрхий олон бий.
Эцэст нь хэлэхэд монголчууд үнэхээр оюуны гайхамшигтай чадавхитай хүмүүс. Жишээ нь, миний системийн хямрал хэмээн олон үг дэлгээд байгаа энэ зүйлийг “Хэн ч гарсан иднэ” гэж маш товчоор тодорхойлчихсон байгаа юм. Өөрөөр хэлбэл “Хэн ч гарсан иддэггүй” байх тийм систем хэрхэн бий болгох гэж байгааг нь харж байж л сонгогчид хувьсгалчдад санал өгөх өгөхгүйгээ шийднэ гэсэн үг. Өнөөдөр бүх намын гишүүд бүгдээрээ нийлээд ч нам бус сонгогчдын тооны хаана нь ч хүрэхгүй. Энэ нь монголчуудын ихэнхи нь шударга хөдөлмөрөөр, оюун ухаанаараа амьдрах сонирхолтой байгаагийн том баталгаа билээ. Тэгэхээр Монголын ирээдүйд жаахан ч гэсэн гэрэл, гэгээ байна гэсэн үг.
Хувьсгал |
2025-05-21 14:10:31
2025-05-21 13:48:52
2025-05-21 13:44:06
2025-05-21 17:29:09
2025-05-21 17:04:02
2025-05-21 15:41:37
2025-05-21 15:34:59
2025-05-21 15:28:38
2025-05-21 15:05:09
2025-05-21 15:01:20
2025-05-21 14:44:22
2025-05-21 14:34:08
2025-05-21 14:10:31
2025-05-21 13:48:52
2025-05-21 13:44:06
2025-05-21 12:09:50
2025-05-21 12:07:34
2025-05-21 12:01:33
2025-05-21 11:28:45
2025-05-21 11:10:29
2025-05-21 11:01:16
2025-05-21 11:01:10
2025-05-21 10:22:45
2025-05-21 10:08:09
2025-05-21 10:00:26
2025-05-21 09:59:55
2025-05-21 09:53:38
2025-05-21 09:42:42