Улстөрчдийн толхилцооноос болж Монгол Улс эрчим хүчний “гуйлгачин” боллоо

Монгол Улс жилийн жилд л өвөл хэрэглэх эрчим хүчнийхээ тодорхой хэсгийг ОХУ-аас худалдаж авдаг байсан. Харин уул уурхай хөгжихийн хэрээр байдал улам дордож, эрчим хүчний гуйлгачин улс болж хувирч байна. Улс мөнгөө бодоод Өмнөговь болон бусад аймгуудад нээгдэж байгаа уурхайнуудад эрчим хүчээ нийлүүлж, орон сууцны хорооллуудын эрчим хүчийг хязгаарлах бодлого бариад удлаа.

“Монголчууд өөрсдөө Оюутолгойг эрчим хүчээр хангана” гэж зүтгэж Хөрөнгө оруулалтын гэрээнд оруулсныхаа шанг чангахан авч хэдэн жил зальдуулж цаг алдсан нь үүнд улам нэрмээс болж байна. Тэгвэл энэ бүхэн зөвхөн эхлэл нь, цаашид хүнд байдлаас нэг хэсэгтээ гарахгүй гэх болгоомжлол байна.

2009 оноос эхлэлтэй V цахилгаан станцыг барьж байгуулах төслийг Засгийн газар бүхэлд нь хүчингүй болгосон нь ингэж дүгнэхэд хүргэв. 2011 онд эхэлсэн энэ төслийг хэрэгжих бүх боломжийг бүрдүүлсэн тогтоолыг Засгийн газраас 2012 онд гаргасан ч ажил нь ахицтай явалгүй сонгуульт хугацаагаа дуусгасан юм. Энэ хооронд Дөрөвдүгээр цахилгаан станцыг өртгөтгөх маягаар “аргалж” ирсэн байдаг. 2017 онд ашиглалтад орох байсан станц хугацаандаа баригдах нь өнгөрсөн ч “Би явж байна, Бээжин сууж байна” гэгчийн үлгэрээр бага, багаар урагшилж байсан юм. Тухайлбал, Хөлийн голын хөндийд 43 га газар эзэмшиж, хувь эзэмшигчид болох ЭНЖИЕ /30 хувь/ СОЖИЦҮ  КОРПОРАЦИ /30 хувь/, ПОСКО /30 хувь/, НЬЮКОМ ХХК /10 хувь/ Монгол Улсын Засгийн газрыг  төлөөлж буй Диспетчерийн үндэсний төв ХХК, Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ ТӨХК-тай ДЦС-5 (Дулааны тавдугаар цахилгаан станц) төслийн Цахилгаан худалдах, худалдан авах гэрээг байгуулсан байдаг. Харамсалтай нь, энэ салбарыг удирдсан сүүлийн хоёр сайд станцыг барих тал дээр хүчин чармайлт гаргасангүй. Харин ч зогсоосон. Ингэхдээ Ц.Даваасүрэн “Төсөлд оролцож байсан консорциум задарч хөрөнгө оруулагчгүй болсон” гэсэн бол Н.Тавинбэх “Станц бариулахаар зааж өгсөн газар нь цэвдэгтэй байсан” гэж нэмсэн билээ.

За яах вэ, хөрөнгө оруулагчгүй болсон юм байж. Тэгвэл одоогийн Засгийн газар төслийг барих гэж байгаа юм шиг мөртлөө удаашруулсаар гацаасан өмнөх Засгийн газруудаас яг юугаараа ялгаатай юм бэ. Одоо харахад л үнэхээр царцаж, удааширсан нь ойлгомжтой болж байгаа тэр цаг үед ч Засгийн газар энэ асуудлаар хуралдаж, зураг төслийн ажил явж, “Дулааны V цахилгаан станцын төсөл дахиж царцахгүй” гэх зэрэг мэдээлэл хэвлэлээр гардаг байсан юм шүү дээ.        

Венесуэлийн Ерөнхийлөгч Уго Чавес эрчим хүч, усаа хэмнэхийн тулд “Венесуэльчүүд ээ. Усанд орохдоо дуулахаа болье” гэж уриалж байсан. Одоо болох Ерөнхийлөгчийн сонгуульд ялах хүн удахгүй нэг иймэрхүү уриалга хэлээд зогсож байх вий.  

Ийм байдалд хүргэсэн буруутан нь хойд хөршийн ил, далд явуулга гэдэг ч үнэндээ тэдний гар хөл болсон улстөрчид, намуудын  увайгүй үйл ажиллагаа гэдэг нь тодорхой юм. Нэгнийхээ шийдвэрийг үгүйсгэдэг, зөв зүйтэй ажил санаачилсан ч хамжилцдаггүй муу зан АН, МАН аль алинд нь байна.

Ирээдүйд улс орны хөгжилд хувь нэмэр оруулах том ажлыг өрсөлдөгч намын өнгөн дээр хэрэгжчих вий гэж санаа зовдог юм шиг байгаа юм. “Хүүхдийн мөнгө”, “Монголын төмөр зам” гээд олон жишээ бий. Харин хамгийн сүүлийн жишээ нь Тавдугаар цахилгаан станц болчихлоо.

Сая хүчингүй болдог, 2011 оноос эхлэлтэй төсөл эхлэхийн өмнө бас нэг төсөл хэрэгжих гэж байсан бөгөөд тэр нь III цахилгаан станцыг түшиглэн байгуулна гэж байсан юм. Анх саналаа ирүүлсэн 30 гаруй компани нь цөөрсөөр зургаа болж, сүүлд тунаж үлдсэн компаниуд нь III цахилгаан станцыг түшиглэж барих тооцоо хийсэн байсан. Гэсэн ч 14 аж ахуйн нэгж зөвшөөрлөөр ашигладаг, газар чөлөөлөхөд 55 тэрбум төгрөг шаардлагатай,  хотын төвд цахилгаан станц баригдах нь зохимжгүй гэсээр болиулсан түүхтэй.

Гэтэл Н.Тавинбэх сайд шинээр баригдах V цахилгаан станцыг III цахилгаан станцыг түшиглэн байгуулахаа өнгөрсөн сард Засгийн газрын өргөтгөсөн хуралдааны үеэр мэдэгдсэнийг урагшилсан гэх үү, ухарсан гэх үү.  


Улстөрчдийн толхилцооноос болж Монгол Улс эрчим хүчний “гуйлгачин” боллоо
Сэтгэгдэл
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд chig.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ