"Рио Тинто"-д үзүүлж буй хөнгөлөлтүүдийг мөнгөн дүнгээр илэрхийлж, нийтэд мэдээлдэг болоё

-Хулгайн мөнгөөр суварга бүтээх нь буян биш-


Монгол Улсын Засгийн газар "Рио Тинто"-той хийх хэлэлцээрээ эрчимжүүлж байгаа учир энэ мэт асуудлыг хөндөж тавих цаг болсон гэж үзэн ийнхүү цувралаар бичиж байгаа гэдгээ эхлээд хэлье. Оюутолгойн уурхай ашиглалтад орсноор Монгол Улсын эдийн засагт ямар их үр өгөөж өгч байгаа талаар “Рио Тинто” байсхийгээд л дэлхий нийтэд тайлагнадаг. “Оюутолгой” ХХК-ийн албан ёсны цахим хуудсанд монгол хэл дээр /монголчуудад зориулсан/ тавигдсан тайлангуудад ч “Бид л өгдөг” гэсэн агуулга нэвт шингээстэй. Жишээлбэл, 2018 оны тайланд “Оюутолгой компанийн Монгол Улсад оруулсан хөрөнгө 8.7 тэрбум ам.долларт хүрэв. “Оюу толгой” 2018 онд татвар, хураамж, бусад төлбөрт 322 сая ам.доллар, үндэсний худалдан авалтад 439 сая ам.доллар зарцууллаа” гэжээ.  
2019 оны тайланд 1 166 сая ам.долларын орлого олсон гээд “Гүний уурхайн төсөлтэй холбоотой гарсан нийт зардал 3.5 тэрбум ам.долларт хүрээд байна”, “Засгийн газарт татвар, шимтгэл болон бусад төлбөрт төлсөн дүн 2018 оныхоос 9 сая ам.доллараар давлаа”, “Монголд үйлдвэрлэв” хөтөлбөр нь 2019 онд орон нутагт үйлдвэрлэсэн хүнсний бүтээгдэхүүн болон дотоодод үйлдвэрлэгдсэн ган төмөрлөг болон төрөл бүрийн цахилгаан бүтээгдэхүүнээр хүрээгээ тэллээ”, “Жилдээ 9 сая ам.долларын өртөг бүхий гэрээ хийснээр 200 гаруй ажлын байрыг бий болгов” гэх мэтээр бичсэн байна.  Аль болох их тоо хэлэх гээд яддаг юм шиг байгаа юм, өсөн нэмэгдсэн дүнг байнга зарлана. “ 2010-2020 оны хооронд үндэсний худалдан авалтад нийт ... ам.доллар зарцуулаад байна” гэх мэтээр төсөл эхэлсэн цагаас хойших цент бүрээ дээр, дээр нь нэмж тооцон сануулна. Үнэн хэрэгтээ жилд төлөх татварын хэмжээ буурч байгаа гэдэг нь 2020 оны тайланд буй "...зөвхөн 2020 онд л гэхэд татвар, хураамж болон бусад төлбөрт 826 тэрбум төгрөг* төлжээ. (294 сая ам.доллар)..." гэсэн өгүүлбэрээс харагдана.
Уг нь бол, тухайн жилд хийсэн хөрөнгө оруулалтаа бичээд, араас нь нийт дүнг тавих нь агуулгын хувьд зөв баймаар. Гэтэл Оюутолгой тайлангууддаа нийт оруулсан хөрөнгөө эхэлж бичээд араас нь тухайн жилд төлсөн татвар төлбөрүүдээ бичдэг аж. Зүйрлэвэл “Би энэ жил тэдэн төгрөгийн хөрөнгө орууллаа. 
Урьд жилүүдийнхтэй нийлээд нийт тэдэн төгрөгийн хөрөнгө оруулсан байна” гэхийн оронд “Би нийтдээ төдөн төгрөг өгсөн шүү. Энэ жил төдийг өгсөн” гэж байгаа нь яах аргагүй дарамталсан өнгө аястай.

За яах вэ, өгсөн нь үнэн юм бол хэлэх эрх нь байгаа гэж бодоё. Гэхдээ цахим хуудсаараа дамжуулан  “Рио Тинто” л зөвхөн өгөөд, төр аваад явдаг гэсэн ойлголтыг олон нийтэд төрүүлэх нь зохисгүй. Монголын төр ч хангалттай “эрхлүүлж” байгаа  гэдгийг олон нийтэд таниулах цаг нь болсон. 
Энэ бол их энгийн. “Оюутолгой”, “Рио Тинто” тийм их хөрөнгийг Монгол Улсад шингээдэг, төрд өгдөг юм бол Тогтвортой байдлын гэрээний дагуу эдэлж буй хөнгөлөлтүүдээ ч давхар зарлан олон нийтэд хүргэдэг байх ёстой гэсэн санаа юм. Оюутолгойн санхүүгийн талаар манай улс тодорхой, бүрэн гүйцэт мэдээлэл олж авч чадахгүй нөхцөл байгаа нь үнэн шүү дээ. Борлуулалтын орлого нь гадны банкуудаар дамжиж, Монголд маш ойлгомжгүй, ашиггүй нөхцөл байдал үүсэж байгаа талаар бид өмнө нь "Рио Тинто"-д Оюутолгойн борлуулалтын орлогыг Монголын банкинд байршуулах шаардлага тавья" нийтлэлдээ тодорхой бичсэн. Гэвч одоохондоо байгаа мэдээлэл дээрээ тулгуурлаад тооцоо хийж болно. Ямар ч байсан Монголын талаас үзүүлж байгаа хөнгөлөлтүүдээс зөвхөн нууж хаасан, шүүх дээр маргаантай байгаа хөрөнгөөр л Монгол Улсын иргэн бүрт 300 000 төгрөг тарааж болж байна. Иргэн та үүнийг сайн бодоорой. “Рио Тинто“ буян үйлдэгч биш, хамтран ажиллагч, “Оюутолгой” ХХК Монголын аж ахуйн нэгж гэдгийг ойлгуулахад чухал ач холбогдолтой. Ингэж байж зэс боловсруулах үйлдвэр, цахилгаан станц зэрэг хамтарч ажиллах бусад төслүүдийг ажил хэрэг болгоход нэмэр болно. Хөрөнгө оруулалтын гэрээ “Рио Тинто”-д ашигтай юу, Монголд ашигтай юу гэдэг асуултын хариуг иргэдэд бага  атугай тодорхой болгох юм. Асар их татвараас чөлөөлөгдөж, тэр мөнгөнийхөө нэг хэсгээр нийгмийн хариуцлага хэрэгжүүлчихээд буян үйлдэгчийн дүр эсгэх ёсгүй. Хулгайн мөнгөөр суварга бүтээх нь буян биш.


"Рио Тинто"-д үзүүлж буй хөнгөлөлтүүдийг мөнгөн дүнгээр илэрхийлж, нийтэд мэдээлдэг болоё
Сэтгэгдэл
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд chig.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 2
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2021-09-28 08:27:56
    Зочин: Зөв сэдэв Ийм мэдээлэл, сэдвээ эргэн хөнддөг байх хэрэгтэй байна даа.
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2021-09-06 20:36:35
    иргэн: хүрээний бузрыг ухвал далай, далай гэдэг шиг оюу толгой, рио тинтогийн луйврыг ухвал олон хүн шоронд орно оо
Шинэ мэдээ