-МАН УИХ-ын гишүүний суудлыг үе удам дамжуулдаг уламжлалыг бэхжүүлэн хамгаалагч болжээ-
Эцэг эхийнхээ эзэмшиж байсан хэргэм зэргийг үр хүүхэд нь үе залгамжилдаг бурангуй ёс ардчилсан Монгол Улсад бий болжээ. Шударга бус, бурангуй энэ ёсыг эрх баригч МАН хөхиүлэн дэмжиж, уламжлал болгож буйд туйлаас харамсалтай байна. Одоогийн Ерөнхийлөгч У.Хүрэлсүх намын генсек байх үед буюу 2011 онд болсон намын онц их хурлаар баахан залуучуудыг Бага хурлын гишүүнээр сонгосноор энэ уламжлал МАН-д хүчээ авсан юм. Тэр үед “Эрдэнэт” УБҮ-ийн захирал Ш.Отгонбилэг агсны хүү О.Содбилэг, МАК-ийн Н.Нямтайширын хүү Н.Номтойбаяр, “Монгол ньюс”-ийн Б.Балдорж агсны хүү Б.Баттүшиг, Сү.Батболдын хүү Б.Баттүшиг, Эрдэнэт ҮБҮ-ийн захирал асан Ч.Ганзоригийн хүү Г.Тэмүүлэн зэрэг залуус Бага хурлын гишүүн болж орж ирж байв. “Их засаг”-ийн гэгдэх Н.Ням-Осорын хүү Н.Учралыг ч энд бичиж болно. Эцэг эхийн буянаар дэлхийн боловсролыг эзэмшсэн эдгээр залуусыг улс орондоо ихийг хийж бүтээнэ гэж сонгосон нь магад ч “Бага хуралд хандивын анги нээлээ” гэсэн шүүмжлэл гарч л байв. Энэ нь ч илүү үнэний хувьтай болохыг Н.Номтойбаяр үг, үйлдлээрээ харуулж байлаа. Гэсэн ч тухайн үед монголчууд ууч сэтгэлээр хандсан л юм даг. Өөрсдийгөө цагаан морь унасан ханхүүгийн зэрэгт бодож, улс орныг хөгжүүлэхийг унтаж байгаа гүнжийг ганц үнсээд л сэрээчих чинээ санаж яваа тэдний насыг нь буруутгахгүй бол өөр юуг буруутгах билээ. Гэхдээ одоо тэр цагаас хойш даруй 10 жил өнгөрч, залуус итгэл найдвар дааж чадсан эсэхийг дэнслэх боломж бүрджээ. Үе залгамжлан УИХ-д суусан “ханхүү”-нүүд бусдаасаа ялгарсангүй. Монгол Улс хөгжсөнгүй. Харин ч өрөндөө баригдаж, өтөнд идэгдээд хэзээ мөдгүй дампуурлаа зарлахад бэлэн сууж байна. Тэр үед бид анхнаасаа уг, үндсийг нь бодох байж. Энэ өр, энэ ядуурал гуйланчлал, цөөнхид ээлтэй тогтолцоог хэн бий болгосон бэ, эдний эцэг, эхчүүд, урьдны сайд дарга нар бүрдүүлсэн. Тэгэхээр эцэг эхийнхээ бий болгосон зүйлийг үр хүүхэд нь нураах уу. Эцэг, эх нь “Авлигын загалмайлсан эцэг” хочтой, хуудуу ихтэй хүмүүс байлаа гэхэд хүү нь тогтолцоог өөрчилж, нийгмээ цэвэр тунгалаг болгон буруутнуудад хариуцлага тооцож чадах уу. Чадахгүй шүү дээ. Өнгөрсөн 30 жилийн хамаг лай ланчгийг бий болгосон этгээдүүд үр хүүхдүүдээрээ дамжин өөрсдийгөө хамгаалах үйл явц Монголд ил тод өрнөж байгаа бөгөөд энэ үйл явцыг гардан хэрэгжүүлэгч нь эрх баригч МАН болж байна. Монголыг 30 жил “Буруу замаар будаа тээлгэсэн” улс төрийн гол хүчин нь аль нь вэ гэдэг нь ч эндээс харагдаж байна.
Монголчууд хүний уг гарвалд их ач холбогдол өгдөг. Төрийн өндөр албан тушаал хашиж байсан л бол сайн хүн гэж ойлгодог, нүдээ аниад сонгодог сонгогчдод энэ үгсийг зориулж байгаа юм шүү, одоо ийм гэнэн байхаа больё. Уг хүн нь ямар чанартай вэ гэдгийг илүү харж итгэлээ өгье. Н.Энхбаяр бол хүүгээ сайхан амьдруулахын тулд МАХН-ыг чин сэтгэлээсээ дэмждэг 30 000 гишүүнийхээ итгэл сэтгэлийг худалдаж орхисон л хүн шүү дээ. Баталгаатай муу сонголт хийснээс итгэл үнэмшилдээ найдаж азаа үзсэн нь дээр байдаг. Энэтхэг улс кастын тогтолцоотой, жорлон ухагчийн гэрт төрвөл насаараа жорлон л ухдаг, улстөрчийн гэр бүлд төрвөл улс төр хийж ямагт дээд зиндаанд байдаг юм билээ. Ил биш л болохоос Монгол Энэтхэг шиг болж, баячуудын хүүхдүүд Их хуралд сууж, борчуудын хүүхдүүдээр зугаагаа гаргаж амьдарч байгааг бид харж байна шүү дээ. Аз болж одоохондоо сонгох эрх нь бидэнд байна. Өв залгамжилсан хунтайжуудыг бид өөрсдөө л бий болгосон, цаашид гаргаж ирэхгүгээр алдаагаа засаж бас болно. Монголын төрд өв залгамжлал хэрэггүй.
Монголын төрд өв залгамжлах ёс хэрэггүй |
2025-02-05 16:01:03
2025-02-05 15:14:48
2025-02-05 09:57:29
2025-02-06 08:05:00
2025-02-06 08:00:00
2025-02-05 19:28:23
2025-02-05 17:42:50
2025-02-05 17:13:43
2025-02-05 16:57:38
2025-02-05 16:30:46
2025-02-05 16:29:55
2025-02-05 16:01:03
2025-02-05 15:49:26
2025-02-05 15:37:16
2025-02-05 15:26:54
2025-02-05 15:14:48
2025-02-05 14:56:03
2025-02-05 14:51:35
2025-02-05 13:42:30
2025-02-05 13:37:43
2025-02-05 12:57:01
2025-02-05 12:52:28
2025-02-05 12:32:14
2025-02-05 12:12:41
2025-02-05 11:56:44
2025-02-05 11:55:38
2025-02-05 11:50:47
2025-02-05 11:47:59
2025-02-05 11:28:10
2025-02-05 11:16:30
2025-02-05 11:13:20
2025-02-05 10:39:25
2025-02-05 10:24:35
2025-02-05 10:02:31
2025-02-05 09:57:29
2025-02-05 09:53:09
2025-02-05 09:48:05
2025-02-05 09:32:19
2025-02-05 09:10:39
2025-02-05 08:20:16
2025-02-05 08:02:26
2025-02-05 07:59:57