Испани-Шведийн тоглолтын үеэр ТВ зураглаачид алаг бөмбөр барьсан хижээл насны эр дээр дуран авайгаа нэг бус удаа тогтоосныг үзэгчид ажигласан ч байж магад. Тэр эр бол Маноло дель Бомбо гэгч бөгөөд өдгөө таних тэмдэг нь болсон том бөмбөрөө үүрэн шигшээ багаа 40 жилийн турш даган дэмжиж буй, дэлхийн хамгийн алдартай хөгжөөн дэмжигчдийн нэг юм.
Мануэль Касерас Артесеро /бөмбөрчний жинхэнэ нэр/ шигшээ багаа даган хөгжөөн дэмжих их аяллаа 1979 оноос эхлүүлжээ. Түүнээс хойш 42 жилийн дотор 400 гаруй тоглолтод хамт байсан байна. Энэ хооронд тэрээр үнэхээр хүндэтгэх шалтгаанаар цөөн хэдхэн тоглолт л алгассан гэyt. Жишээлбэл, “ӨАБНУ 2010” ДАШТ-ий дунд шөвгийн тоглолтод /Испани-Парагвай/ тэрээр байгаагүй. Хүнд хэлбэрийн ханиадаар өвдсөн тул нутаг буцсан байв. Гэхдээ өвчнөө гялс эмчлээд ӨАБНУ-д буцан ирж, хагас шигшээгийн тоглолтод /Германтай тоглосон/ багаа дэмжсэн гэдэг.
Хөлбөмбөг, шигшээ багт өгсөн хайр нь түүний гэр бүлийн амьдралд муугаар нөлөөлсөн. Бөмбөрчин эрийн байнгын аялал, хөлбөмбөгт бүхнээ зориулж байгаа байдлаас болоод эхнэр нь 1987 онд хүүхдүүдээ аваад түүнээс салж оджээ. Энэ цагаас Манологийн цагаа зарцуулдаг ганц юм нь хөлбөмбөг болсон байна.
Шигшээ багаа даган дэлхийн өнцөг булан бүрт аялахад хөрөнгө мөнгө их зарцуулагдах нь ойлгомжтой. Санхүү муутай хүн бол энэ ачааллыг даах ч үгүй. Манологийн орлогын эх үүсвэр нь Валенсид байдаг алдартай уушийн газар юм. Гэвч өнгөрсөн жилжингээ үргэлжилсэн хөл хорионоос болоод бараг ажиллаагүй аж.
Түүнд 800 еврогийн тэтгэвэр тогтоож өгсний 400 нь ипотекийн зээлийн эргэн төлөлтөд явж, үлдсэн нь хаана ч хүрэхгүй нь ойлгомжтой. Яг ийм хэцүү үед нь нэг нөхөр түүнээс бөмбөрөө зарахыг гуйж, багагүй мөнгө санал болгосон гэнэ. Гэхдээ тэрээр бөмбөрөө зараагүй ажээ. Одоо бэрхшээл өнгөрч, Маноло Севильяд, бөмбөр нь түүнтэй хамт байна.
Цар тахлын нөхцөл байдал бага багаар сайжирч, Маноло ч өөртөө менежмент хийж эхэлж байна. Тэрээр Deliveroo хоол хүргэлтийн үйлчилгээтэй сурталчилгааны гэрээ байгуулсан бөгөөд “Евро 2020”-ын шилдэг 11 хөгжөөн дэмжигчийг шалгаруулахад шүүгчээр ажиллах юм.
“Жинхэнэ хөгжөөн дэмжигч өрсөлдөгчөө ч адилхан хүндэлж, амаа нэг секунд ч хамхих ёсгүй. Учир нь бага секунд бүрт дэмжлэг мэдэрч байх ёстой” гэж Маноло ярьж байна.
Одоо тэрээр шигшээ багтайгаа хамт байгаа бөгөөд долдугаар сараас нааш гэртээ харихгүй гэж эргэн тойрныхондоо итгүүлж яваа аж. Хэдий хүнд хэцүү үе олон тохиолдсон ч энэ бүхний дараа өөдрөг сэтгэлээ алдаагүй байгаа нь яамай.
0 0Шигшээ багаа 40 жил даган дэмжиж буй агуу Маноло |
|