ОУХХ, ЕХХ ОХУ-ыг бүх тэмцээнээсээ хаслаа

2022-03-01,   453

ОХУ-ын шигшээ баг Олон улсын хөлбөмбөгийн холбоо, Европын хөлбөмбөгийн холбооноос зохион байгуулдаг бүх тэмцээнээс хасагдлаа. Өөрөөр хэлбэл, “Катар 2022” ДАШТ-ий сорилго болон бусад бүх тэмцээнд орох боломжгүй болсон байна. Шигшээ баг төдийгүй багууд ч Европын тэмцээнүүдэд тоглох эрхгүй болжээ. Эмэгтэйчүүдийн шигшээ баг нь мөн адил шийтгүүлсэн. Тэд ирэх дөрөвдүгээр сарын 7-нд ДАШТ-ий сорилго тэмцээнд тоглох байсан нь цуцлагджээ.

ОУХХ, ЕХХ шийдвэрээ даваа гаригийн орой буюу Монголын цагаар өнгөрсөн шөнө гаргасан байна. Шийтгэлд хугацаа байхгүй бөгөөд нөхцөл байдал өөрчлөгдтөл хэвээр үргэлжилнэ. Шийдвэр нь ОХУ Украинд цэргийн ажиллагаа явуулж байгаатай холбоотой бөгөөд хоёр байгууллагын ерөнхийлөгч нар байдал намжиж, энх тайван байдал ирээсэй хэмээн чин сэтгэлээсээ хүсч байгаагаа мэдэгдэлдээ дурджээ. Үүнээс гадна Европын хөлбөмбөгийн холбоо “Газпром”-оос ивээн тэтгэлгийн гэрээгээ цуцалсан байна.

Шийдвэр гарснаас нэг цаг орчмын дараа ОХУ-ын хөлбөмбөгийн холбоо хариу мэдэгдэл гаргасан. Мэдэгдэлдээ дээрх шийдвэр нь олон улсын хэм хэмжээг зөрчсөн, спортын агуулгыг эвдсэн шийдвэр байлаа. Спортоор хичээллэгч, спортыг дэмжигч, спортод амьдралаа зориулсан асар олон хүн хохирч байна. Тэдний эрх ашгийг уг нь олон улын холбоод хамгаалах учиртай байсныг онцолжээ. Мөн шийдвэрийг эсэргүүцэж заргалдана гэсэн байна.     


0 0
ОУХХ, ЕХХ ОХУ-ыг бүх тэмцээнээсээ хаслаа
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0