ОУОХ сэргээшийн асуудлаас болж ОХУ-ыг улсынхаа нэрээр олимпын наадамд оролцохыг хориглосон нь Бээжингийн өвлийн олимпоор дуусгавар болох ёстой байсан билээ. Гэтэл уран гулгагч Камила Валиевагийн 2021 оны арванхоёрдугаар сарын 25-ны өдөр өгсөн шинжилгээний хариуг барууны лабораториуд нуун дарагдуулж байгаад олимпын үеэр олон нийтэд зарлаж, ОУОХ тамирчныг эрс буруутгасан нь "асуудал" дуусахгүй гэдгийг харуулсан. Тэгвэл олимп дууссан өдөр буюу өчигдөр Их Британийн Ерөнхий сайд Борис Жонсон "Би Би Си" агентлагийн сэтгүүлч Софи Расвортд ярилцлага өгөхдөө "ОХУ Европт 1945 оноос хойших хамгийн том дайныг дэгдээхээр зэхэж байна" гэж мэдэгдсэн нь дэлхий нийтийг, ялангуяа оросын жирийн иргэдийг “шооконд” оруулж, дайны тухай эрхгүй санагалзахад хүргэжээ. Ерөөс сүүлийн хэдэн жилд геополитик, цэрэг дайны чиглэлээр ажилладаг судлаач эрдэмтэд хэвлэлийнхний дунд эрэлт хэрэгцээтэй болж, зарим нь сайн дураараа үзэл бодлоо илэрхийлэн цаашдын төлвийг таамаглах нь эрс нэмэгдлээ. Оросын infomaxx.ru цахим хуудсанд бичсэнээр, байдал хаашаа эргэж, юу руу явж байгааг Шинэ Зеландын гэргийн авгай ч ойлгож байгаа гэнэ. Интернэт ертөнцөд энэ талаарх хэлэлцүүлэг, яриа хөөрөө бүх хэл дээр өрнөж, санал бодол уралдсаар...
Үнэндээ ч санаа зовохгүй байхын аргагүй хэрэг гэдэг нь мэргэжилтнүүд төдийгүй улстөрчдийн ярианаас тодорхой харагдана. Сүүлийн таван жилд дэлхийн олон л улс оронд Засгийн газар нь солигдсон ч Гадаад харилцааны сайд нь байнга суудалдаа үлдэж байгаа нийтлэг байдал ажиглагдаж байна. 2018 оны ОХУ-ын Ерөнхийлөгчийн сонгууль бүхэлдээ хүнд уур амьсгалд болж өнгөрсөн. Нэр дэвшигч, ил шулуун зангаараа алдартай В.Жириновский санал хураалтын өдөр сэтгүүлчдийн асуултад өгсөн хариулт одоо эрхгүй анхаарал татаж байна. “Өнөөдөр манай улсын түүхэнд хамгийн чухал өдөр. Бид бүхэн хамгийн хурцадмал, дайны өмнөх нөхцөл байдалд сонгуулиа явуулж байна. Вашингтон-Лондон, Лондон-Берлинээс хийж буй өдөөн хатгалга улам хүчээ авч байгааг та бүхэн харж байгаа биз ээ. Бид өнөөдөр оросуудын удирдагчийг сонгох гэж байна. Хил хязгаар заахгүй. Энэ бол зөвхөн ОХУ-ын хэрэг бус...” хэмээн онцолсон тэрээр танхимыг орхих үедээ нэгэн сэтгүүлчийн амжиж асуусан “Владимир Вольфович, та дараагийн сонгуульд өрсөлдөх үү” гэсэн асуултад “Дараагийн сонгууль гэж байхгүй. Бид Брюссель явна...” гэж хариулсан билээ. Түүний үг энэ өдрүүдэд оросуудын орой руу орж байгаа бололтой.
Дэлхий нийтийн сэтгэлийг зовоож буй энэ асуудлаар хойд хөршийн мэргэжилтнүүд ямар байр суурь илэрхийлснийг Чиг.мн уншигчдадаа хүргэж байна.
1930-аад оны сүүлч=Одоо үе
Хэдэн жилийн өмнө Ойрхи дорнод, Хойд Африкт “Арабын хавар” гэж нэршсэн хувьсгал гарч, залгаад Ливи, Сирийн иргэний дайн эхэлсэн билээ. Тэр үед Дэлхийн дайны тухай сэдвийг хөндсөн хүнийг хамгийн гутранги үзэлтэнд тооцож байв. “Дэлхийн гуравдугаар дайн эхэлчихээд үргэлжилж байгааг харж байгаа биз дээ” гэж хэлсэн В.Жириновскийг ч тэдний дунд байлаа. Гурван жилийн өмнө АНУ, Их Британи тэргүүтнийг дэмжсэн 21 улс ОХУ-ын дипломатуудыг эх орноосоо хөөн гаргах тохиролцоонд хүрсний дараа хамгийн өөдрөг үзэлтнүүдэд ч таагүй мэдрэмж төрсөн болов уу.
Мэргэжилтнүүдийн харж байгаагаар, одоо дэлхийн улстөрд өрнөж буй үйл явц Дэлхийн II дайны урьдач нөхцөл байдал бий болсон 1930-аад оны сүүлчийг эрхгүй санагдуулж байгаа аж.
Түүхч Андрей Фурсов “Одоогийн нөхцөл байдал өнгөрсөн зууны 30-40-өөд оныг эрхгүй санагдуулж байна. Оросыг гол дайснаа гэдгийг ойлгосон Их Британи тэр үед Европыг хамарсан эвсэл байгуулахаар бэлтгэж эхэлсэн юм. Коммунизм ялсан 20-иод оноос Их Британид “Оросын аюул” гэдэг ойлголт үүсч, дайсагнаж эхэлсэн байдаг. Одооны нөхцөл байдлыг анхааралтай ажиглаарай. “Хүйтэн дайн”-ы үед ч ийм өдөөн хатгалга хийж байсан удаагүй. Учир нь бид тэр үед хүчирхэг байсан. Хэн ч бидэнтай байлдаж зүрхлэхээргүй байв. Гэхдээ энэ нь тэд бидэнтэй дайтах бодлоо бүрэн орхисон гэсэн үг биш.
АНУ-ын хувьд, Рональд Рейган Ерөнхийлөгч болсныхоо дараа капиталист дэглэмийн ирээдүйг 10-15 жилээр таамаглах үүрэг өгч, эрдэмтдийн гурван ч бүлгийг байгуулсан байдаг. Тэдгээр бүлгүүд бүгд “1987-1988 онд эдийн засгийн асар том хямрал болно. Барууны орнуудад үйлдвэрлэл 25 хувиар унана. ЗХУ-д уналт 15 хувьтай байна. Энэ хямралын улс төрийн үр дагавар нь Итали, Францад коммунистууд төрийн эрхэнд гарснаар илэрнэ. Харин Англид зүүний лейбористууд эрх мэдлийг авна. АНУ-д ийм зүйл болохгүй ч хар арьстнууд бослого дэгдээж, томоохон хотуудыг хамарна. 1993 онд дахин нэг хямрал болж, энэ бүхэн дуусна” гэсэн гэсэн дүгнэлт гаргасан байдаг. Р.Рейган энэ дүгнэлтийг маш нухацтай хүлээж авсан нь цаашид хийсэн ажлаас нь харагддаг. Сонирхолтой нь, бүүр 80-аад оны эхээр В.Крылов, П.Кузнецов гэсэн хоёр эрдэмтэн социалист болон капиталист дэглэмийн ирээдүйн талаар дээрхтэй яг ижил илтгэл бичиж, Юрий Андроповт танилцуулсан байдаг юм. Гэвч тэднийг хэн ч тоож сонсоогүй.
1987 онд Нью Йоркийн хөрөнгийн биржид уналт болсны дараа Холбооны нөөцийн сангийн захирал Алан Гринспен “АНУ-ыг гайхамшиг л аварна” гэж хэлж байв. Тэр гайхамшиг нь ЗХУ-ын задрал байсан юм. Задрал барууны ертөнцөд дахиад 20-25 жил санаа амар амьдрах боломж олгосон. Гэсэн ч 2008 оноос дахиад хямралд нэрвэгдсэнийг бид мэдэж байгаа. Одоо капиталист орнуудын ирээдүйн төлөө тэмцэл өрнөж байгаа. Тэнд Оросын орон зай байхгүй. Бжезинский ингээд томъёолчихсон юм. Түүний хэлснээр бол XXI зуун ОХУ-ын нуралт, ОХУ-ын хохирол, ОХУ-ын яс, цусан дээр босох ёстой. Одоо бидний эргэн тойронд өрнөж байгаа үйл явдал бол Оросын асуудлыг нэгмөсөн шийдэх цаг ирсний дохио. Учир мэдэх хүмүүс үүнийг аль эрт ойлгосон” хэмээн ярьж байна.
АНУ-ын Холбооны мөрдөх товчооны агент асан, эх оронч Хал Төрнер “Би 56 настай, ухаан орсон цагаасаа рэгн тойронд юу болж байгааг анхааралтай ажиглаж ирлээ. Энэ бол хангалттай урт хугацаа. Одоо дэлхий ертөнц дээр өрнөж байгаа бүх үйл явц дайныг нээлттэй болгоход чиглэгдэж байгааг би харж байна. Дайныг зүгээр л эхэлчихэж болдоггүй. Эхлээд асуудлыг хурцатгах, дараа нь улс орнуудын хоорондын харилцааг тасалдуулах ёстой. Одоо асуулт ойлгомжтой болсон байх. Дайн хийх гэж байна гэхээр олон хүн “Яагаад” гэж асуух байх. Хариулт нь маш амархан. Учир мэдэх хүн бол дипломатуудыг хөөж гаргасан улс орнууд бүгд барууны ертөнцөд маш их өртэй болохыг шууд ойлгоно. Хянаж чадахааргүй их өртэй болсон улсууд гэсэн үг.
Манай нэгдсэн улс л гэхэд 21 их наяд ам.долларын гадаад өртэй. Ийм их өрийг төлөх боломжгүй. Европын улсууд ч ийм байдалтай байна. Дээрээс нь хяналтаас гарсан “Дүрвэгсдийн хямрал”. Глобал шинжтэй ийм хямралаас гарах ганц гарц нь дэлхийн дайн.
Тагнуулд ажилладаг миний эх сурвалжуудын хэлснээр бол, байдлыг хурцатгаж байгаа бас нэг зүйл нь петроюань гэж байна.
Газрын тосны наймаа хэдэн арван жил дан ам.доллараар явагддаг байсан. Одоо больж юань ашигласнаар ам.доллар дүүрэн чихсэн усан онгоцууд АНУ-ын эрэгт газардах болно. Тэгээд бүхнийг сүйрүүлнэ. Гипер инфляци үүсч, эдийн засаг нурна. Тиймээс, асуудлыг шийдэх гарц нь мөн л дайн. Тэгэхээр ХЭЗЭЭ, ХААНА гэсэн хоёр л асуулт үлдэж байна.
Дэлхийн III дайны эхлэл энэ сарыг дуустал үргэлжлэх болов уу. Урьд болж байсан дайны практикаас харахад, буу тавихын өмнөх сүүлийн арга хэмжээ нь дипломатуудыг гаргах явдал байдаг. Хоёр дахь асуултын хариулт ч тодорхой. АНУ-ыг хар л даа. Нийгмийн халамжийг хэн хамгийн ихээр хүртэж байна. Хэн хоол хүсний талон авч байна. Хямд үнэтэй, түрээсийн сууц хаана баригдаж байна. Хэн байгалийн хий хэрэглэхдээ хөнгөлөлт авдаг вэ. Улс хэнд эрүүл мэндийн даатгалаар хамгийн их мөнгө төлж байна вэ. Мэдээж том хотуудын иргэдэд л шүү дээ. Тиймээс тэд л эхний цөмийн цохилтын бай болж, амьдралдаа сэтгэл дундуур байдаг хэсэг бүлэг алга болж, улс ч мөнгөний асуудлаас ангижирна” гэжээ.
Энд нэг тодруулга хийх хэрэгтэй боллоо. Infomaxx.ru цахим хуудас жилийн өмнөөс л улс төрд өрнөж буй үйл явцад дүгнэлт хийж, уншигчдынхаа дунд цуврал хэлэлцүүлэг явуулсан юм байна. Ингэхэд иргэд бараг бүгд айсуй дайнд цөмийн зэвсэг ашиглах эсэх асуудалд санаагаа чилээж байгаа нь тодорхой болсон аж. Тиймээс энэ талаар мэргэшсэн судлаач, улс төрийн бодлогочдоос тайлбар авахад “Дэлхийн дайн дэгдсэн ч глобал шинжтэй бэрхшээлүүдийг шийдэх зорилготойгоос бус хүн төрөлхтнийг устгах биш. Яг л Дэлхийн I, II дайн дэлхий нийтийн бэрхшээлийг шийдвэрлэж байсан шиг. Тиймээс цөмийн зэвсэг хэрэглэх магадлал маш бага” гэж хариулсан хэмээн уншигчдаа тайвшруулсан байв. Үнэн хэрэгтээ дайн бол дайн шүү дээ.
0 0Дэлхийн дайны өмнөх нөхцөл байдал |
|