Одоогийн байдлаар хамгийн ихээр хохирч байгаа нь Испани байна. Тус багийн ахмад тоглогч Серхио Бускетсээс илэрсэн тул Литватай хийх нөхөрсөг тоглолтод багаараа оролцож чадахааргүй болж, залуучуудын шигшээгээ тоглуулсан. Тэгвэл энэ сарын 9-ний өдөр хамгаалагч Диего Льорентегээс илэрсэн тул дасгалжуулагчдын штаб “Б” төлөвлөгөө хэрэгжүүлж, 17 тоглогчоос бүрдсэн өөр шигшээ багийг нэгэн зэрэг бүрдүүлсэн аж. Багт Кепа багтсан ч Аспас зэрэг шилдгүүд байхгүй аж. Энэхүү баг нь тоглолт болох газарт очих ч үндсэн багтай огт хавьтахгүй тусдаа байх гэнэ.
-ОХУ-ын шигшээ багийн хагас хамгаалагч Андрей Мостовойн хариу эерэг гарсан тул Евро-д оролцож чадахааргүй болжээ. Түүний оронд өргөтгөсөн бэлтгэлээс хасагдсан Роман Евгеньевийг дуудна.
-Хагас хамгаалагч Жон Флекийн шинжилгээний хариу эерэг гарсны улмаас Шотландын шигшээ багийн зургаан тоглогч Нидерландтай хийсэн бэлтгэлийн тоглолтод оролцсонгүй.
-Швдийн шигшээ багийн Деян Калусевски, Маттиас Сванберг нарын хариу эерэг гарсан.
Одоогийн байдлаар дээрх тохиолдлууд бүртгэгдээд байгаа байгаа бөгөөд цаашид халдвар үргэлжлэн гарсаар байвал тоглолтуудыг хойшлуулах, бүр цуцлах ч арга хэмжээ авч болзошгүй байна. Цар тахлын үед болж байгаа гэдэг утгаар нь Европын хөлбөмбөгийн холбоо урьдчилсан арга хэмжээ авч, багуудыг 23 биш, 26 тоглогчтой байх зохицуулалтыг хийсэн. Түүгээр ч зогсохгүй тоглогчдын нэрсийг тэмцээн эхэлсний дараа ч өөрчлөх боломжийг олгожээ. Тиймээс аль ч улсын, шигшээ багт багтах горьдлоготой тоглогчид тэмцээн дуустал утсаа унтраахгүй хүлээх боломжтой юм.
Багаараа тусгаарлагдвал яах вэ?
Дүрэмд бичсэнээр бол тухайн багт 13 тоглогч, түүний дотор нэг хаалгач байхад л тоглолтдоо оролцож болно. Тэр 13 тоглогч нь урьдчилан мэдүүлсэн 26 тоглогчид багтаагүй байсан ч болно гэж байгаа. Тиймээс онолын хувьд, одоо байгаа багаас тэр өөр бүрэлдэхүүн Еврод түрүүлж үзүүрлэх боломжтой. Жишээ нь, Испанийн шигшээд халдвар гарлаа гэхэд 26-д багтаагүй Кепа, Родриго, Пабло Форнальс, Карлос Солер, Браис Мендес, Рауль Альбиоль нарыг дуудаж, тэднээр тэмцээнээ үргэлжлүүлэх боломжтой гэсэн үг.
Ер нь аль ч улс ингэж болох бөгөөд Испаниас эхлээд улсууд нөөц баг бүрдүүлж байна. Тоглогчийг хольж солихдоо халдвар авч хасагдсан тоглогчийг буцааж дуудахгүй гэсэн ганц л дүрэм барих ёстой юм.
Үлдсэн тоглогч нь 13 хүрэхгүй бол яах вэ?
ЕХХ Тоглогчдын тоо, солих боломжид уян хатан хандсан шигээ тоглолтын хуваарьт ч уян хатан хандсан. Цар тахлын улмаас ямар нэгэн таамаглаагүй байдал үүсч тоглолтод орж чадахааргүй бол 48 хүртэлх цагаар хойшлуулж болно. Тэгээд ч тоглож чадахгүй бол 0:3-аар техникийн ялагдал өгөх юм.
Халдвар авснаа нууцалбал яана?
Халдвар авснаа нууж болохгүй. Угаас шинжилгээг ЕХХ-ноос зохион байгуулалттайгаар авч, хариуг гаргаж байх болно. Хүлээж авч байгаа улс нэмэлт байдлаар шинжилгээ өгөхийг шаардаж болох ч үүнийгээ тоглолт эхлэхээс дор хаяж нэг хоногийн өмнө л хийх боломжтой. Баг тамирчдын байр, тусгаарлалтын дэглэмийг тухайн хүлээж авч байгаа улсын ЭМЯ хариуцах учир нөхцөл байдал баг бүрт харилцан адилгүй байна.
Хөгжөөн дэмжигчдэд хамаатай өөр дүрэм журам бий юу?
Байгаа. Нэгдүгээрт, цэнгэлдэхийн дүүргэлт. 100 хувийн дүүргэлттэй байх цэнгэлдэх ганц будапештэд л байгаа бол Мюнхенийх 22% (14500), Амстердамынх 25% (12000), Лондоных 25% (22500), Глазгийнх 25% (12 000), Рома 25% (20 000), Бухарест 25% (14 000), Севильягийнх 30% (18000), Копенгагеных 30% (12 000), Санкт Петербургийнх 50% (30 000 гаруй), Бакугийнх 50% (35 000) дүүргэлттэй байна. Гэхдээ энэ нь одоогийн л нөхцөл байдал бөгөөд цаашид тухайн бүс нутагт цар тахлын нөхцөл байдал өөрчлөгдвөл дагаад өөрчилж болно.
Хоёрдугаарт, хөгжөөн дэмжигчдийн шилжилт хөдөлгөөнд тодорхой хязгаарлалтууд байгаа. Тухайлбал, ОХУ-аас Дани руу нэвтэрч болохгүй, Азербайжан, Унгар шинжилгээний хариу нь сөрөг гарсан хүмүүст хилээ нээсэн бол ОХУ-д Их Британиас ирсэн иргэдийг 14 хоног тусгаарлах журам мөрдөгдөж байгаа гэх мэт. Британиас Германд очсон хүмүүс мөн 10 хоног тусгаарлалтад байх ёстой. Шинжилгээний хариу нь сөрөг бол тав болгож багасгана. Гэхдээ энэ дүрэм журам ч одоо цагтаа л хүчинтэй, нөхцөл байдал хүндрэх, эсвэл сайжрах үед чангатгаж султгана гэдгийг уншигч авхай ойлгосон биз ээ.
0 0“Евро 2020”: Шигшээ багууд дахь цар тахлын нөхцөл байдал, дүрэм журмын талаар мэдвэл зохих зүйлс |
|