Мэргэжлийн боксын WBC холбооны хүнд жингийн дэлхийн аварга Английн Тайсон Фьюри бүс хамгаалах тоглолтоо өнөөдөр АНУ-ын Деонтей Уайлдертай хийж 11 дүгээр үед хүнд цохилтоор буулгаж авлаа. Ингэснээр америкчуудын хувьд мэргэжлийн хүнд жингийн дэлхийн аваргагүй хар дарсан он жилүүд цааш үргэлжлэх нь тодорхой боллоо.
Мэргэжлийн боксын ноён оргил болсон тамирчид голдуу хүнд жингийн дэлхийн аваргууд байдаг. Хүнд жинд дэлхийн үнэмлэхүй аварга болсон хүн жингийн ангилал хамаарахгүй чансааг ямар ч эргэлзээгүйгээр тэргүүлдэг бичигдээгүй хуультай. Одоогийн байдлаар мэргэжлийн гол гурван холбооны хоёрынх нь бүс Украины Александр Усикт хадгалагдаж байгаа бол WBC холбооны бүс Английн Тайсон Фьюрид байна. Хэрвээ өнөөдөр Деонтей Уайлдер Тайсон Фьюриг ялж, дэлхийн аварга болчихсон бол америкчууд ямар ч эргэлзээгүйгээр хамгийн шилдэг гэж нэрлэх байв. Учир нь Александр Усик хэдий Энтони Жошуаг ялж гавьяа байгуулсан ч хагас дунд жингээс дээшээ өгссөн юм.
Одоо Тайсон Фьюрид Александр Усикийг ялж, мэргэжлийн боксын бүх холбооны бүсийг нэгтгэх сайхан боломж гараад байна. Уг нь тэрээр энэ түүхэн тулааныг өнгөрсөн долдугаар сарын 24-нд “Уэмбли”-д хийх гэж байсан ч Деонтей Уайлдер шүүхэднэ гэж сүрдүүлсээр саяны тулааныг хийсэн юм. Энэ зуурт Энтони Жошуа нь формоо алдахгүйн тулд хагас дунд жингийн үнэмлэхүй аварга Александр Усикийг дуудаж гарын чилээгээ гаргах гээд өөрөө ялагдаж орхисон. Тэгэхээр ойрын үед Тайсон Фьюри-Александр Усик, дараа нь Тайсон Фьюри-Энтони Жошуа гэсэн тулаанууд гарах магадлал өндөр болж байна.
Яг одоо бол Александр Усик WBA, WBO, IBF, Тайсон Фьюри WBC холбооны аваргын бүсийг эзэмшиж байна.
Нэр дурьдагдсан энэ хэдээсээ Тайсон Фьюри үнэхээр сонирхолтой намтартай нэгэн. Мэргэжлийн бокст хаанчлалаа тогтоогоод 10 гаруй жилийн нүүр үзсэн ах, дүү Кличкогийн ноёрхлыг 2015 оны арваннэгдүгээр сарын 28-ны бямба гаригт Дюссельдорфын спортын ордонд төгсгөл болгосон хүн бол тэр. Энэ тоглолтын дараа мэргэжилтнүүд “Мэргэжлийн бокст шинэ эрин эхэллээ” хэмээн нэгэн дуугаар дүгнэсэн нь В.Кличкогийн арын боксчид төвшин ижил байсантай холбоотой юм. Өөрөөр хэлбэл, өрсөлдөөн ширүүсч, тэр хэрээр сонирхолтой болно гэсэн санаа.
Мөн хүнд жинг өөрсдийнхөө өмч гэж үздэг америкчууд Владимир, Виталий хоёр бусдаасаа тасарсны дараа хүнд жингийн тулаанд их мөнгө гаргахаа больсон. Урьд нь хамгийн их шагналтай байсан хүнд жин нэр хүндээ Сауль Альварез Ф.Мэйвейзер, М.Пакъяо зэрэг тэнцүү өрсөлдөгчид бүхий дунд жинд алдсаныг бүгд мэднэ.
Уг нь ах, дүү Кличког унасны дараа байдал өөрчлөгдөж, хүнд жингийн гол тулаанууд Герман, Англиас буцаад АНУ руу шилжинэ, дахин их мөнгө даллан дуудах нь дамжиггүй гэцгээж байлаа. Тиймээс америкчууд Тайсон Фьюриг Деонтей Уайлдертай тулалдуулж, аваргын бүсээ буцааж авах найдлага тээсэн. Гэтэл Тайсон Фьюри түүнийг гурван ч удаа хожин аваргаа хамгаалчихлаа. Тэрээр В.Кличког ялсныхаа дараа гурван жил нэг ч тулаан хийгээгүй. Нас ахиж яваа хүний хувьд энэ бол алдагдал байсан. Гэсэн ч залуу өрсөлдөгчөө 2020 оны хоёрдугаар сард нокаутаар ялж чадсан юм. Энэ хооронд жин нэмж, түүнийгээ хаяж, тамирчин хүний тэсвэр хатуужлыг ч харуулаад авсан гэж байгаа.
Америкчуудын санаархал бусад холбоодод ч бүтэлгүйтэж Энтони Жошуа хэмээх аварга ноёрхох нь тэр ээ. “Чиг” цахим сонин нас ахисан үедээ ах, дүү Кличкогийн ноёрхлыг унагааж, одоо ч залуусыг “дарж” яваа Тайсон Фьюригийн намтрыг уншигчдадаа амралтын өдрийн хачир болгон сонирхуулж байна.
Тайсон Фьюри гэж хэн бэ
Тайсон Люк Фьюри 1988 оны зургадугаар сарын 12-нд Британийн Чешир гүнлэгийн Уимслоу хотод төрсөн. Ирланд гаралтай. Хугацаанаасаа долоон долоо хоногийн өмнө мэндэлсэн учир эхээс ердөө 450-хан грамм жинтэй төрсөн гэдэг. Эмч нар түүнийг “Амьд үлдэхгүй” гэж байсан ч эцэг Жон Фьюри нь хүүгээ амьдарна, амьдраад зогсохгүй дайчин эр болно гэж мэдэж байсан гэлтэй. Цагтаа “Цыган” хочтой мэргэжлийн боксчин явсан тэрбээр хүүдээ өөрийн шүтээн Майк Тайсоны нэрийг өгч, боксын спортоор хичээлүүлж эхэлсэн юм. Хүү нь өдгөө эцгийнхээ хочийг /”Цыгануудын хаан”/ тоглолтын хувцас дээрээ бичүүлэн тулалддаг.
Тайсон мэргэжлийн бокс дахь анхны тулаанаа 2008 онд Бел Дьендешигийн эсрэг хийж байв. Гэхдээ тэрбээр өрсөлдөгч бүрээ нам цохисоор өнөөгийн өндөрлөгт гараагүй. Дөрвөн удаа ялагдал хүлээж, “Дээд түвшинд тоглох болоогүй байна” хэмээн чичлүүлж явсан үе түүнд бий. Түүний баг мэргэжлийн боксын IBF, WBA, WBO, IBO холбооны аварга цол эзэмшигч В.Кличкотой тоглолт хийхээр тохирч байх үед ч ээлжит ялагдлаа амсана гэж үзэгсэд олон байсан юм. Владимирын талаар “Аварга цолоо удаан хадгалахын тулд сулхан өрсөлдөгч сонгодог” гэсэн шүүмжлэл газар авчихсан байсан үе болохоор арга ч үгүй. Харин одоо бодоход, Т.Фьюри В.Кличкод тохирсон хамгийн шилдэг өрсөлдөгч байжээ. Хүнд жингийн бүхэл бүтэн үеийг ах, дүүсийн сүүдрээс гаргаснаараа тэрээр хүнд жингийнхний аврагч гэж дуудуулсан үе ч бий. Одоо түүнд доод жингээс орж ирж зарим бүсэнд эзэн суусан Александр Усикийг ялж хүнд жингийнхний нэр хүндийг аврах, улмаар доод үеийнхээ хамгийн шилдэг нь болох Энтони Жошуатай түүхэн тулаан хийх зам хүлээж байна. Энэ хоёр тулаанд ялбал тэрээр гарцаагүй, боксын түүхэн дэх агуу боксчдын нэг хэмээн тооцогдох юм.
0 0Америкчуудын мөрөөдлийг хоёр дахиа талаар болгосон "Цыган хаан" |
|