Мэргэжлийн боксын ертөнцийн энэ оны хамгийн дуулиантай тулаан өчигдөр орой /Монголын цагаар өнөө орой/ болж, Украины Александр Усик Британийн тамирчин мэргэжлийн боксын дөрвөн холбооны /WBA Super, WBO, IBF, IBO/ аваргын бүсийг эзэмшигч Энтони Жошуаг шүүгчдийн саналаар ялан бүснүүдийг нь булаан авлаа. Дэвжээн дээр А.Усик өрсөлдөгчөөсөө илүү идэвхитэй, олон талт арга барилыг харуулан тулалдсан бол Энтони Жошуа тийм байж чадсангүй. Өрсөлдөгчөөсөө бүх талаар хоцорч, тоглолтын төгсгөлд хөл дээрээ арайхийн тогтож үлджээ. Тоглолт дууссаныг зарласан хонх дуугараагүй бол тэрээр гарцаагүй нокаутад орж унах байв.
Александр Усик ингэснээр Э.Жошуагийн эзэмшиж байсан дөрвөн холбооны бүсийг эзэмшиж, Тайсон Фьюри, Деонтей Уйлдер нарын гурамсан тулааны ялагчтай бүс нэгтгэх тулаан хийх нь бараг тодорхой болов.
Тулааны эхний үед Энтони Жошуа өрсөлдөгчөөсөө хурдаар нэг их дутаагүй ч тэсрэлттэй цөөн цохилт хийсний зарим нь оновчгүй болж байсан юм. Харин А.Усик хэмнэлийг тогтмол өндөр хэмжээнд барьж, өөрөө огт ядраагүй нь өрсөлдөгчөө дарамтад оруулж, улмаар ядарч сульдахад хүргэсэн юм. Ерөөс энэ тулаан хоёр тамирчны бэлтгэлжилтийн төвшнийг шалгасан тулаан болж өндөрлөв. Тоглолтын дунд хэрд А.Усикийн хэмнэл бага зэрэг саарсан. Энтони чухам энэ үед ажиллах ёстой байсан ч чадаагүй. Тоглолтын төгсгөлийн үед украин боксчны давамгайлал улам ихэсч, дахиад 30 секунд байсан бол гарцаагүй хүнд цохилтоор ялахаар байв. Шүүгчид санал нэгтэйгээр /117-112, 116-112, 115-113/ А.Усикт ялалт өглөө.
Хагас дунд жинд гурван холбооны бүсийг нэгтгэж байсан Александр Усик ийнхүү дээд жингийнхээ лидерийг түлхэн дөрвөн холбооны бүсийг нэгтгэлээ. Одоо түүнд Тайсон Фьюриг ялж WBC холбооны бүсийг авах л дутуу байна.
Тоглолт дууссаны дараа Александр Усик дэвжээн дээр сөхрөн унаж, аваргын бүсийг авахдаа тэсэлгүй нулимс асгаруулсан. Гэсэн ч уламжлал ёсоор Украин ардын бүжиг хийхээ мартаагүй юм.
“Миний хувьд энэ ялалт маш чухал байсан. Тулаан яг миний төлөвлөж байснаар явагдсан. Даагаа нэхэх тоглолт хийх үү гэж үү? Би одоо зүгээр л гэртээ харимаар байна. Өнгөрсөн нэгдүгээр сараас эрчимтэй бэлтгэл хийгээд гэр бүлтэйгээ бараг уулзсангүй. Хүүхдүүдээ их санаж байна. Очиж үймүүлж, хашгичихыг нь хармаар байна” гэж тэрээр тоглолтын дараах хэвлэлийн хурал дээр өгүүлжээ.
0 0
Александр Усик Энтони Жошуаг ялж, дөрвөн холбооны бүсийг нэгтгэлээ |
|