Б.Алтанчимэг холимог тулааны анхны залуучуудын дэлхийн аварга боллоо

2025-10-02,   151

Холимог тулааны 2025 оны Залуучууд, Насанд хүрэгчдийн ДАШТ-ий шигшээ тоглолтууд үргэлжилж байна. Өнөөдөр тэмцээний Залуучуудын ангиллын аваргын төлөөх тулаанууд явагдсан бөгөөд эмэгтэйчүүдийн -65.8 кг-ийн жинд өрсөлдсөн ОУХМ Байгалмаагийн АЛТАНЧИМЭГ Ангол улсын тамирчин Надир Виеираг 2-р үед хөлийн гурвалжин боолтоор буулган авч ДЭЛХИЙН АВАРГА боллоо.

Улсын 2 удаагийн аварга, 2024 оны Залуучуудын ДАШТ-ий хүрэл медальт, Ази тивийн аваргын хүрэл медальт Б.Алтанчимэг ийнхүү Холимог тулааны спортоор Залуучуудын Дэлхийн аварга болсон Монгол улсын анхны тамирчин болж байна.

Дэлхийн 80 гаруй орны 1000 гаруй шилдэг холимог тулаанчид өрсөлдөж байгаа Тбилисийн ДАШТ 10 дугаар сарын 02-нд Насанд хүрэгчдийн финалууд явагдсанаар өндөрлөх болно. Тус тэмцээнд Монгол улсаас нийт 4 тамирчин 1 дасгалжуулагчийн бүрэлдэхүүнтэй баг оролцсон юм.

Дэлхийн аваргын дэвжээнд эх орныхоо Алтан соёмбот Төрийн далбааг мандуулж, Төрийн дууллыг эгшиглүүлсэн One Team Fighting Center-ын тамирчин Байгалмаагийн АЛТАНЧИМЭГ-тээ баяр хүргэж, дараа дараагийн тэмцээнд уралдаанд нь өндөр амжилтыг хүсэн ерөөе!

Их засаг, аюулгүй байдал хууль сахиулахын сургуулийн 326B бүлгийн оюутан Б.Алтанчимэг 2025 оны Холимог Монгол улсын аварга шалгаруулах тэмцээнд оролцон түрүүлснээр ДАШТ-д оролцох эрхээ авсан юм.


0 0
Б.Алтанчимэг холимог тулааны анхны залуучуудын дэлхийн аварга боллоо
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0