Мухамед Али Рашван-Африкаас төрсөн агуу аварга, хүн чанарын туйл

2021-09-09,   678

Африк тивийн жүдочид олимпын наадмаас анхны алтан медалиа тэртээх 1984 онд авчихаж болох байлаа. Египетийн үнэмлэхүй жингийн жүдоч Мухамед Али Рашванд энэ боломж нь байсан юм. Гэхдээ тэр ашиглаагүй. Японы Ясухиро Ямашитад дийлдэн мөнгөн медаль хүртчихээд өрсөлдөгчийнхөө амжилтаар бахархаж зогссон байдаг. Спортын оноо дансанд хэн, ямар медаль авсныг л бичдэг болохоос яаж авсныг бичих нь ховор. Тэр үед дэвжээн дээр гарсан хоёрын нэг нь хөлдөө хүнд бэртэл авсан байжээ. Хүсвэл Мухамед Али Раүван өрсөлдөгчийнхөө гэмтсэн баруун хөл рүү өшиглөхөд л олимпын аварга болох байв. Гэвч хүн чанартай тэрээр өрсөлдөгчийнхөө муу хөлд хүрэлгүй байсаар ялагдаж, мөнгөн медаль зүүсэн байдаг. Түүний хүн чанарыг үнэлж Спортын шударга өрсөлдөөний хорооноос /Fairplay Committee/ фэйр плэй шагналаа хүртээжээ. Өөрөөр хэлбэл, домогт Ясухиро Ямашитаг олимпын цорын ганц алтан медалиа хүртэж,  “Гурван Я-гийн домог” хэмээх түүх бичигдэхэд Мухамед Али Рашваны хүн чанар нөлөөлсөн гэсэн үг. Ираны Голам Реза Тахтитай нэгэн адилаар, хүн чанараараа спортын түүхэнд бичигдсэн энэ эрхэм 1985, 1987 оны ДАШТ-ээс мөнгөн медаль хүртэж, тивийнхээ АШТ-д 1981, 1982 онд дараалан түрүүлсэн, яах аргагүй "Хар тив"-ийн жүдогийн ноён оргил нь билээ.

 


0 0
Мухамед Али Рашван-Африкаас төрсөн агуу аварга, хүн чанарын туйл
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0