-Тэрээр суллагдсан даруйдаа Турк рүү ниссэн байна-
Ливийн удирдагч асан Муаммар Каддафийн хүү аль Саади Каддафи шоронгоос суллагджээ. Тэрээр суллагдсан даруйдаа Трипоолиос онгоцонд суун Турк рүү ниссэн байна. Ливийн албаны эх сурвалжаас авсан мэдээллийн дагуу “France 24” энэ талаар мэдээллээ.
Сади Каддафи 2000, 20001 онд Ливийн аль Ахли /Триполь/ багт 24 тоглож гурван гоол оруулсан. Энд тоглож байхдаа Ливийн цомын тэмцээн, Лигийн цомын тэмцээнд түрүүлжээ. 2001-2003 онд Триполийн өөр нэг баг “Аль-Иттихад”-д 74 тоглож, 20 гоол оруулсан байна.
Энд байхдаа улсынхаа аваргаар хоёр удаа, Супер цомын аваргаар нэг удаа шалгарч, УАШТ-ий шилдэг довтлогч болж байв. Хөлбөмбөгчин байхад нь автомат буутай 5-6 хамгаалагч байнга дагаж явдаг байсан гэдэг. Харин хөлбөмбөгчийн ур чадварын хувьд тийм ч сайнгүй, тодруулбал, удаан байжээ. Гэсэн ч багийн бүх л 11 м-ийн торгуулийн цохилт, хаалттай цохилтуудыг ямар ч маргаангүйгээр түүнд өгдөг байв. Мөн өөрөө зөвшөөрөхгүй л бол сэлгээнд суулгадаггүй байжээ. Гэсэн ч бүгд түүнийг хүндэлж, нэг ч хүнд гомдол төрдөггүй байж. Баг нь хожсоны дараа Саади хувцас солих өрөөнд ороод багийнхандаа бэлэн мөнгө, машин бэлэглэдэг байж. Орон сууц, дэлгүүр бэлэглэсэн удаа ч цөөнгүй гардаг байж. Дараа нь Саади Италийн хөлбөмбөгт хөрөнгө оруулж, “Ювентус”-т хувь эзэмшин, Италид амьдрах болсон байна. Өөрөө ч үндсэн ажлаа хийж, 2003-2004 онд “Перужа” багт тогложээ.
А.Дель Пьеро, Саади Каддафи.
Гэхдээ энэ хооронд нэг л удаа талбайд гарсан байна. Дараа нь 2005-2006 онд “Удинезе”, 2006-2007 онд “Сампдори” багт орсон. “Удинезе” түүнийг нэг удаа талбайд гаргасан бол “Сампдори” ч нэг ч удаа тоглуулаагүй байдаг. Тэрээр “Перужа”-д байхдаа хар тамхи хэрэглэсэн хэргээр талбайд гарах эрхээ гурван сараар хасуулж байжээ. Ливийн шигшээ багт 2001, 2003 онд тус бүр нэг тоглосон.
2011 онд, Муаммар Каддафи засгийн эрхнээс түлхэгдэн унасны дараа Саади Каддафи Ливийг орхин зугтсан юм. Гэтэл 2014 онд Нигери улс түүнийг Ливид шилжүүлж өгсөн тул шүүхээс ял сонсож, шоронд хоригдож байв. Шүүхээс түүнийг 2005 онд Ливийн хөлбөмбөгийн дасгалжуулагч Башир аль Раяниг хөнөөсөн, 2011 оны төрийн эсрэг хөдөлгөөнийг дарахад оролцсон хэмээн буруутгасан байдаг. Гэхдээ 2018 онд хүний амины хэргийг нь хэрэгсэхгүй болгож байжээ.
Аль Саади Каддафи 1973 онд төрсөн, мэргэжлмийн хөлбөмбөгч байсан бөгөөд Сирийн багуудад тоглож байсан. Италийн Сери А-д хоёр тоглолтод орж байв.
Дашрамд дурдахад, Ливийн Прокуророос М.Каддафи агсны бас нэг хүү Сейф аль Исламыг баривчлах шийдвэрийг өнгөрсөн сарын 5-ны өдөр гаргасан байна.
0 0М.Каддаффийн хөлбөмбөгч хүү шоронгоос суллагджээ |
|