Чиг.мн цахим сонин “Шинэ танил” булангийнхаа анхны зочноор боксын спортын ОУХМ Энхзоригтын Сүхбатыг урьж, уншигчидтайгаа уулзуулж байна. Ур чадвар, авьяасаараа нас, насныхаа ангилалд үеийнхнээсээ онцгойрч ирсэн энэ хүү өнгөрсөн жилээс насанд хүрэгчдийн ангилалд тоглож, өдгөө жингийнхээ гол өрсөлдөгч болоод буй. Э.Сүхбат энэ жил Польшийн Кельце хотноо болсон боксын залуучуудын ДАШТ-ээс хүрэл медаль хүртэн, 2004 оноос хойш тасраад байсан медалийн буухиаг үргэлжлүүлсэн юм.
-Булангийн маань нэр “Шинэ танил”. Тиймээс хоёулаа уншигчдад өөрийгөө танилцуулахаас ярилцлагаа эхлүүлье.
-Намайг Энхзоригт овогтой Сүхбат гэдэг. 2002 онд төрсөн, энэ жил 19 настай. Монголын үндэсний их сургуулийн оюутан. Баянзүрх дүүргийн 102 дугаар сургуулийг төгссөн.
-Боксын спортоор хэдийнээс хичээллэж эхлэв. Энэ спортын яг юу нь сайхан санагдсан бэ?
-Би бокс руу орохоосоо өмнө жүдо бөхөөр хичээллэж үзэж байсан. Гэсэн ч надад арай илүү тохиромжтой санагдсан учир сүүлд өвөөдөө хэлж, боксоор хичээллэх болсон юм. Тэгэхээр намайг боксын спорт руу орох шийдвэрийг гаргасан хүн бол манай өвөө. Кагжаа гэж спортод элэгтэй, боксын үнэнч хорхойтон хүн байсан юм. Залуудаа чөлөөт бөхөөр барилдаж байсан гэдэг. Ер нь өвөө маань намайг бүр бага байхаас л энд тэндэхийн сургалт, секц дугуйланд оруулдаг байсан л даа. Би математикийн хичээлдээ гайгүй сайн байсан. Бокс хөөгөөд жаахан хөндийрснөөс биш. Тийм болохоор ч юм уу, СТО-д хичээллэдэг байсан шатрын дугуйланд хүртэл оруулж байсан удаатай. Дагуулаад л явдаг байлаа. Сүүлд Ядамсүрэн гэдэг ахтайгаа ярилцаж байгаад хамтдаа жүдо бөхөөр хичээллэсэн юм.
-Тэгээд хэзээнээс бокс руу шилжив?
-Би ер нь ахтайгаа хамт хичээллэе гэж л орсон болохоос барилдах гэхээсээ илүү зодолдох сонирхолтой. Жаахан байхдаа энд, тэнд хүүхдүүдтэй зодолдчихдог байсан юм. Ээж минь нэг удаа “Энд тэнд зодоон хийж явлаа” гэж зэмлэхийг сонсоод өвөө маань “Ер нь наадхаа жүдо энэ, тэр гэж байснаас боксоор явуул” гэж хэлснээр миний боксын спортод орох асуудал шийдэгдсэн түүхтэй. Ээжийгээ дагаад “Ширэн бээлий” клуб дээр очиж Түндэвийн Ганзориг багштайгаа уулзан шавь нь болж болсон. Анхны багштайгаа одоо ч хамт байна.
Таван жилийн өмнөх зураг /2017/.
-Анх боксын зааланд ороход ямар сэтгэгдэл төрж байсан бэ?
-Нэлээд сандарч байсан.
-Жүдо, боксын бэлтгэлийн ялгаа ямар байсан бэ?
-Боксынх нь илүү хүнд санагдсан. Яагаад гэвэл тэсрэлтийн бэлтгэл их хийдэг. Хүнийг унагаая гэвэл аль болох хурдан, хүчтэй цохих хэрэгтэй шүү дээ. Харин хурд, хүч тэсрэлтээс гардаг. Гэхдээ бэлтгэл хүнд гээд шантарч байгаагүй. Өөрөө дуртай болохоор харин ч хөгжилтэй, дурлаж хийдэг байсан. Хүн, хүнийг тулалдья, тулалдъя гээд л явдаг байв.
-“Ихэр бээлий” клуб өөрийн гэсэн дүрэмтэй, дор хаяж нэг жил бэлтгэл хийсэн хүүхдэд тулалдах эрх өгдөг гэж багш тань ярьж байсан?
-Би тийм их удаагүй. Найм хоноод л тулалдсан шүү дээ. Намайг бокс сонирхоход хамгийн ихээр нөлөөлсөн хоёр тамирчин байдаг. Нэг нь Төгсөө ах /МУГТ Н.Төгсцогт/, нөгөө нь Украины Васил Ломанченко гээд тамирчин бий. “Лондон 2012” олимпын наадмын үеэр энэ хүний тулалдахыг үзээд боксчин болохыг хүсч, гэртээ бичлэгийг нь үзэж давтдаг байсан юм. Бас жүдогоор хичээллэж байсан болохоор эвсэлтэй байсан байх. Клубынхаа нэг ахтай тулалдаж үзээд “Чадах юм байна” гэж урам авч байсан.
-Залуучуудын ДАШТ-ий мөнгөн медалийн төлөө ОХУ-ын боксчинтой хийсэн тулаан тань нэлээд шуугиан тарьсан. Ютюб суваг дээр тавигдсан бичлэгийг үзсэн хүмүүс “Монгол ялсан байна” гэж их бичсэн байсан. Энэ том тэмцээнд оролцсон тухай жаахан ярья. Их туршлага болсон байх?
-Бокс өндөр хөгжсөн улсуудад үе чацуутнуудын ур чадвар ямар байгааг мэдэрлээ. Эхний даваанаас эхлээд л таарсан өрсөлдөгчид бүгд сайн байсан. ОХУ-ын тамирчинтай хийсэн тулааны тухайд, эхний үед анализ хийж, хоёрдугаар үеэс довтолж эхэлсэн. Багшийнхаа зөвлөснөөр, өрсөлдөгчөө хуурч, хоёр талд нь гарч ажиллахыг хичээсэн. Гуравдугаар үед бол бараг зодсон доо. Хүнд, хүнд цохилтууд оруулсан болохоор “Хожчихлоо” гэж бодсон ч шүүгч нар эхний хоёр үед орост, сүүлийн үед надад ялалт өгч, 0:5-аар ялагдчихсан.
-Орос аваргын төлөө узбект хожигдсон байсан. Сайн тамирчин байна лээ. Оросыг ялаад түүнтэй тоглосон бол яах байсан бол?
-Дажгүй узбек байна лээ. Бид хоёр дараа тэмцээн дээр хоорондоо таарах байх аа. Таарахыг хичээнэ.
-Боксоос гадна өөр юу сонирхдог вэ. Орчин үеийн залуу хүн өөрийгөө байнга хөгжүүлж байх ёстой шүү дээ?
-Хувь хүний хөгжлийн тухай номууд цуглуулж уншдаг. Өмнө нь би ном төдий л уншдаггүй байсан юм. Нэг удаа шигшээ багаараа Найрамдалд цугларалтад гарахад манай найз Тулга бид хоёр Б.Чинзориг, Б.Мишээлт, н.Давааням ах нартай нэг өрөөнд хамт орсон. Тэр үед ах нар маань намайг номонд оруулсан байхгүй юу. Өмнө нь би ном уншдаггүй, чөлөө гарвал гар утсаараа тоглож, сайндаа найзуудтайгаа сагс тоглодог байсан. Ах нарынхаа зөвлөсөн ёсоор ном уншиж эхэлсэн. Одоо бол байнга ном уншдаг. Хувь хүний хөгжил, эдийн засаг, бизнесийн чиглэлийн ном унших сонирхолтой. Яг одоо “Өглөөний гайхамшигт саятан” гэдэг ном уншиж байна. Түүний өмнө “Цойлогсод” гэдэг ном уншсан. Би бизнест их сонирхолтой, яваандаа бизнест хүч үзнэ гэж боддог.
Ээжтэйгээ хамт.
-Бизнес хийдэг үү?
-Ээжтэйгээ хамтраад жижигхэн бизнес эхлүүлсэн байгаа. Найрамдалд цугларалтад гарахдаа Б.Чинзориг, Б.Мишээлт, Б.Давааням ах нартай нэг өрөөнд орсондоо баярладаг. Ах нартайгаа хамт нэг өрөөнд ороогүй бол энэ бизнесийнхээ санааг олоо ч үү, үгүй ч үү.
-Өмнөх үеийн тамирчдыг хараад байхад их спортод бүхнээ зориулсан ч амжилт гаргаж чадахгүй бол юу ч үгүй хоцордог шиг санагддаг. Миний дүү тэгвэл энэ алдааг давтахгүйг хичээж яваа юм байна, тийм үү?
-Ер нь хүн хэчнээн өндөр түвшний тамирчин байлаа ч боловсролоо орхигдуулж болохгүй гэж боддог. Хоёр багш маань ч /Т.Ганзориг, Д.Ганзориг/ байнга хэлдэг. Д.Ганзориг багш маань нэг удаа “Сургуулиа битгий хая. Спортод байдгаа зориулаад боловсролоо орхигдуулж болохгүй” гэж захиж байсан.
-Үлгэр жишээ болгож бахархаж явдаг хүн байгаа юу?
-Дөрвөн хүн байгаа. Эхнийх нь миний анхны багш Түндэвийн Ганзориг. Намайг анх шавиар авснаасаа хойш л аавын оронд аав, ээжийн оронд ээж болж яваа. Боксын спортын А үсэг зааж анхны суурийг тавьж өгсөн. Олон, олон өөр клуб хэсүүлж, тулаан, тэмцээнд оруулан нүүр хагаруулж, алдааг минь засаад явдаг байсан. 10 жилээ төгсөөд их сургуульд ороход хүртэл ярилцаад, сургууль сонгож өгөөд, оруулаад, орсон хойно ч санаа тавиад явдаг. Хоёр дахь хүн нь өвөө. Намайг сая өсвөрийн ДАШТ-д явахаас гурав хоногийн өмнө бурхан болчихсон юм. Их сийрэг толгойтой, ухаалаг хүн байсан. Өвөөгөөсөө одоо ч үлгэр дуурайл авдаг. Гурав дахь хүн нь ээж. Манай ээжийг Эрдэнэ-Оюун гэдэг. Энэ ярилцлагаараа дамжулаад "Хүү нь тандаа маш их хайртай шүү" гэж хэлье. Дөрөв дэх нь Гааний буюу Дашзэвэгийн Ганзориг багш маань. Маш оновчтой, надад яг хэрэгцээтэй үед, зөв зүйл дээр цагийг нь олж дуугардаг. Алдаа байвал засаад, буруу байвал загнаад явчихдаг юм. Тэмцээнд ороход, дэвжээн дээр тулааны тактик гаргахдаа маш мундаг. Өрсөлдөгч тамирчныг эхний нэг үе хараад л “Одоо ингэнэ шүү, тэгнэ шүү” гээд хэлээд өгчихдөг. Зөвлөгөөгөөр нь тоглоход яг л үр дүн гардаг болохоор би их хүндэлдэг. Бахархмаар хүн бий. Надад тусалж дэмждэг, ойлгож хайрладаг бүх хүмүүсийн ачийг зөв хүн, мундаг тамирчин болж, өндөр амжилт гаргаж хариулна гэдгээ амлаж байна.
Багш Т.Ганзоригийн хамт.
0 0
Э.Сүхбат: Өндөр түвшний тамирчин болно гээд боловсролоо орхигдуулж болохгүй |
|