“Бээжин 2022” олимпын баатрууд

2022-02-21,   698

Александр Большунов.

Олимп болгон өөрийн гэсэн баатруудыг төрүүлдэг. Тэр жишгээр “Бээжин 2022” олимпын талбар дээрээс олон, олон баатрууд төрж, алдар нэрээ дуурсгалаа. Хорт хавдрыг ялан дийлснийхээ дараа сноубордын слоуп стайл төрөлд олимпын аварга цол хүртсэн Канадын тамирчин Максанс Парро, 49 настайдаа олимпын наадмын шигшээ уралдаанд хүч сорьсон Германы алдарт тэшүүрчин Клаудиа Пехштайн гээд олон, олон баатрууд төрж гарсан. Харин Чиг.мн энэ удаа хамгийн олон медаль хүртсэн тамирчдыг танилцуулж байна.

Йоханнес Бе, биатлон (Норвеги) — 4 алт, 1 хүрэл

“Пёнчан 2018” олимпоос нэг алтан медальтай харьж байсан норвеги эр энэ удаад дөрвөн алт “олборлож” олимпын таван удаагийн аварга гэж цоллуулах эрхтэй болов. Биатлоны төрөлд нэг олимпоос дөрвөн алтан медаль авсан тамирчин өмнө нь ганц Оле Эйнар Бьорндален л байлаа. Тэрээр “Солт Лейк 2002” олимпоос дөрвөн алт авсан. Гэхдээ тэр үед биатлоны төрөл зай одоогоос цөөн байсан нь үнэн юм.

Александр Большунов, гүйлтийн цана (ОХУ) — 3 алт, 1 мөнгө, 1 хүрэл

ОХУ-аас супер цаначин төрж гарсныг дэлхий нийт “Бээжин 2022” олимпоос харж, хүлээн зөвшөөрлөө. “Пёнчан 2018”-д гурван мөнгө, нэг хүрэл хүртэн хараахан аваргалж чадаагүй тэрээр “Бээжин 2022”-оос гурван алт, нэг мөнгө, нэг хүрэл авч, од болон гялалзлаа. Ингэснээр тэрээр цанын бүх 6 төрлөөр олимпын наадмаас медаль хүртсэн анхны тамирчин, нэг олимпоос хамгийн олон медаль зүүсэн цаначин, олимпоос хамгийн олон медаль хүртсэн орос цаначин болж түүхэнд үлдсэн. Олимпын наадамд есөн удаа гараанд гарч уралдаад бүгдээс нь медаль зүүнэ гэдэг аргагүй супер тамирчны үзүүлэлт мөн.

  Марта Ольсбу Ройселанн, биатлон (Норвеги) — 3 алт, 2 хүрэл

Дэлхийн 11 удаагийн аварга Марта бүсгүй олимпын наадамд түрүүлж үзээгүй байжээ. Тэрээр энэ таагүй уламжлалаа “Бээжин 2022”-т сайтар засаж, анх удаагаа олимпын аварга боллоо. Аваргалахдаа гурван ч төрөлд нэг амьсгаагаар түрүүлсний хоёр нь хувийн тэмцээнийх байв. Түүнээс өмнө эмэгтэй тамирчдаас ганц Дарья Домрачева л нэг олимпоос /Сочи 2014/ гурван алт хүртэж байв. Гэхдээ Мартагаас ялгаатай нь Дарья бүх алтаа хувийн уралдаанаас зүүсэн юм.

Ирен Схаутен, тэшүүр (Нидерланд) — 3 алт, 1 хүрэл

29 настай шаргал үстэй энэхүү үзэсгэлэнт бүсгүй тэшүүрийн холын зайг эзэгнэж гурвантаа түрүүллээ. Нидерландын баг тэшүүрийн төрлийн боломжит 14 алтын зургааг авсан. Ирен энэ зургаан алтын талыг ганцаараа авсан юм.

Тереза Йохауг, гүйлтийн цана (Норвеги), 3 алт

Тереза “Пёнчан 2018”-д допинг хэрэглэсэн хэмээн буруутгагдсан нэр хүндээ энэ олимпоор сэргээж чадлаа.

Кантен Фийон Майе, биатлон (Франц), 2 алт, 3 мөнгө

Йоханнес Бёгийн супер амжилтад дарагдчихсанаас бус франц эр энэ олимпод маш сайн уралдаж, таван медаль зүүсэн. Ингэхдээ Бёгийн нэг адил уралдсан зай бүртээ медалийн тавцанд гишгэсэн юм.  


0 0
“Бээжин 2022” олимпын баатрууд
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0