Спортын арбитрын шүүх уран гулгагч Камила Валиевагийн эсрэг мэдүүлсэн ОУОХ-ны гомдлыг авч хэлэлцэхгүй гэдгээ өнөөдөр зарласан билээ. Ингэснээр К.Валиева маргааш эхлэх эмэгтэй ганцаарчилсан төрөлд оролцохоор болсон юм. Тэгвэл уг шийдвэр гарсны дараа ОУОХ “К.Валиева эмэгтэй ганцаарчилсан төрөлд эхний гуравт орвол медаль гардуулах ёслол хийхгүй” хэмээн албан ёсны цахим хуудсаараа дамжуулан мэдэгдлээ. Мөн түүнийг шигшээ үзүүлбэрт гулгах 24 тамирчны нэг болсон тохиолдолд нэг тамирчин нэмж 25 тамирчин оролцуулахыг Олон улсын тэшүүрийн холбооноос шаардсан байна. ОУОХ түүнчлэн тодорхойгүй хугацаагаар хойшлогдоод байсан багийн шагнал гардуулах ёслолыг хийхгүй байх шийдвэрийг гаргасан юм. Багийн тэмцээнд К.Валиева ОХУ-ын шигшээ багтайгаа хамт түрүүлсэн билээ. Дээрх үйлдлүүдээс нь харахад ОУОХ К.Валиевагийн хэрэгт эрс хатуу байр суурь баримталж байгаа нь тодорхой байгаа ч арванхоёрдугаар сарын 25-нд авсан шинжилгээний хариуг 20 хоногийн дотор зарлах ёстой байсныг зөрчин олимп эхэлтэл дарагдуулсан асуудалд тодорхой байр суурь илэрхийлээгүй хэвээр байгаа юм.
0 0ОУОХ: К.Валиева эмэгтэй ганцаарчилсан төрөлд эхний гуравт орвол медаль гардуулах ёслол хийхгүй |
|