Венесуэлд 40 секундын зайтай хоёр удаа хүчтэй газар хөдөлт болов

Венесуэл улсын хойд эргийн дагуу Лхагва гарагт маш хүчтэй дараалсан газар хөдлөлт боллоо. АНУ-ын Геологийн албаны мэдээлснээр Сан Пелипе бүсийн ойролцоо 7.2 магнитудын хүчтэй газар хөдлөлт бүртгэгдсэнээс ердөө 40 хүрэхгүй секундын дараа Юмаре хотоос зүүн өмнө зүгт 7.5 магнитудын илүү хүчтэй чичирхийлэл дахин болжээ.

Энэхүү байгалийн гамшиг нь тус улсын түүхэнд сүүлийн 125 гаруй жилд тохиолдоогүй хамгийн хүчтэй газар хөдлөлтөд тооцогдож байна.

Газар хөдлөлтийн голомтоос 300 орчим километрийн зайтай орших нийслэл Каракас хотод барилга байгууламжууд нурж, замууд цуурч хагарсан байна. Одоогоор дараах нөхцөл байдал үүсээд байна:

  • Каракас хотын зүүн дүүрэг болох Алтамира талбайн орчимд дор хаяж гурван барилга хэсэгчлэн нурсан байна. Түүнчлэн олон тооны барилгын фасад нурж, гудамж талбай тоос шороонд дарагджээ.

  • Хүчтэй чичирхийллийн улмаас айж сандарсан оршин суугчид гэр бүл, тэжээвэр амьтдаа дагуулан барилгуудаас яаран гарч, гудамжинд цугларсан байна. Мөн олон улсын нисэх онгоцны буудалд байсан зорчигчид сандралдан гүйж буй бичлэгүүд цахим сүлжээнд нийтлэгджээ.

  •  Газар хөдлөлтийн хүчтэй чичирхийлэл хөрш Колумб улсын нутаг дэвсгэрт, голомтоос хэдэн зуун километрийн зайд хүртэл маш тодорхой мэдрэгдсэн байна.

АНУ-ын цунамигийн аюулаас сэрэмжлүүлэх төвөөс эхний ээлжинд газар хөдлөлтийн голомтоос 300 км-ийн радиуст орших эрэг орчмын бүсүүдэд аюултай цунамигийн давалгаа үүсэж болзошгүйг анхааруулсан юм. Харин Пуэрто Рико болон Виржинийн арлуудад зарлаад байсан цунамигийн сэрэмжлүүлгийг цуцалсан байна.

Венесуэлийн Дотоод хэргийн сайд Диосдадо Кабелло болон Чакао дүүргийн цагдаагийн байгууллагаас мэдээлснээр, одоогоор гамшгийн бүсэд эрэн хайх, аврах ажиллагаа болон хохирлын хэмжээг тогтоох ажил үргэлжилж байгаа тул амь үрэгдсэн болон бэртэж гэмтсэн хүмүүсийн нарийн тоог албан ёсоор зарлахад эрт байна гэлээ. USGS-ийн зүгээс олон хүний амь нас эрсдэх, өргөн хүрээний эвдрэл сүйрэл гарах магадлал өндөр байгааг дахин сануулж байна.


Венесуэлд 40 секундын зайтай хоёр удаа хүчтэй газар хөдөлт болов
Сэтгэгдэл
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд chig.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ