Бид бол Хачиг

Хачиг бол хүн, амьтны цус сорж амьдардаг шимэгч хорхой. Монголын төр, төрийн өмчит байгууллагууд, намуудад хачиг үүрлэсэн. Хачиг томорч, хувалз болвол улс сүйрнэ. Тиймээс хачиг томрохоос өмнө бусдыг мөлжин сорж амьдрагсдаасаа салах ёстой.

“Хачиг гэж жижигхэн амьтан буянт малын маань өл, шим шүүсийг хэрхэн сорж үхжүүлдэгийг монголчууд андахгүй. Харин улстөрчдийн алдаа бүхэнд намууд нь ёс зүйн хариуцлага тооцохгүй, иргэд нь ахин дахин сонгож ирсэнээс төрд хачиг үүрлээд удаж байна.”

Нийтийн эрх ашгийг умартаж, нийтээрээ сул мөнгө рүү давшилсан дарга ангийг бүтцээр нь өөрчлөх цаг болсон тухай олон нийт шуугиж байна. Жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжих бага хүүтэй зээл, Хөгжлийн банкны зээл, сангууд, тендер гээд сул мөнгөтэй газар бүхэнд гараа дүрдэг, бусдын боломжийг хулгайлаад ойр тойрныхноороо хамаж мөлжсөөр улсаа ядууруулсан хүмүүсд эхний үйлдэл дээр нь л ёс зүйн хариуцлага хүлээлгэж огцруулаад үргэлжлүүлэн шалгаж шийдээгүйгээс бид төрд хачиг тэжээсэн улс болж. Үг үйлдэлдээ хариуцлага хүлээдэггүй байдал даамжирсаар улсаа тоносон бүхэл бүтэн анги давхарга үүсээд байна. Монгол Улс хөгжлийн том зорилго тавьж, томоохон төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэх гэж байна. Эдгээрийг дагаад жижиг, дунд үйлдвэрлэл үйлчилгээ хөгжиж, ажлын байр нэмэгдэн эдийн засаг тэлэх ёстой. Гэхдээ засаглалыг шударга, ёс зүйтэй, зарчимтай болгохгүйгээр тэр бүхэн хулгайлагдана. Яг өнөөдөр АТГ-ын мөрдөн шалгах ажиллагаанд 807 хэрэг шалгагдаж байна. Зөвхөн дарга, нийтийн албан тушаалтан холбогдсон хэрэг нь 807. Хэрэг бүрд нэг хүн гэж бодвол 45 хүний суудалтай 18 том автобус дүүрэн албан тушаалтан гээд бод доо. 2022 онд шалгагдсан авлигын гэмт хэргийн улмаас 5 их наяд 24 тэрбум 895 сая төгрөгийн хохирол учирсан. Энэ бол аймшигтай их тоо. 2023 оны төсвийн хуулиар 21 аймагт хувиарласан, төсвөөс санхүүжүүлэх татаас 217 тэрбум. Тэгвэл өнгөрсөн жил 21 аймгийн 23 жилийн төсвийн татаастай тэнцэх мөнгийг авлигачид залгисныг илрүүлж. Энэ бүгд ерөөсөө л Монгол Улс дарга ангидаа залгиулсаан л гэсэн үг. Байгаа байдлаа сайжруулъя гээд “5Ш ажиллагаа” зарлаж мэдээллүүдийг ил болгож байна. Харамсалтай нь, ардчилсан нэртэй сайхан лоозонгийн яриатай монгол дарга нар татвар төлөгчдийн хэдэн тэрбум төгрөгөөр 30 жил гадаадад томилолтоор явж, ардчилал судлаад юу ч сурсангүй, юу ч нэвтрүүлсэнгүй. Ёс зүйн алдаа гаргасан, гэмт хэрэгт холбогдсон ганц нэгхэн хүнийг огцруулсан, намаасаа хөөсөн жишээгээрээ түмний амыг таглаж суугаагийн цаана төрийн хулгайгаа цэцэглүүлсэн байна. Ниргэсний араас хашхирлаа. Гэхдээ “бай”-гаа олж эрчтэй шүүрдэхгүй бол төрийн толгойд хачиг үржсээр, томорсоор байна.


Бид бол Хачиг
Сэтгэгдэл
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд chig.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0