“... Миний охин том болохоороо өөрөө мэднэ ээ ...” гэдэг үгийг та эрхэм нандин охиндоо хэр их хэлдэг вэ? Бүсгүй хүний амьдралын, нөхөн үржихүйн болон сэтгэцийн эрүүл мэндийн нэгэн чухал үе болох сарын тэмдгийн мөчлөгийн үеийн талаар, цаашлаад охидын нөхөн үржихүйн эрүүл мэндийн асуудал нь хэний анхаарал хандуулах ёстой сэдэв бэ? Өөрсдөө олж мэд гээд орхисоор байх уу?
ДЭМБ-аас 10-19 насны хүүхдийг өсвөр насныхан гэж үздэг. Энэ л насанд хүүхдэд бие болон сэтгэл зүйн хувьд асар их өөрчлөлт гардаг бөгөөд хүүхдийн бие хүн болж төлөвших суурь нь тавигдаж байдаг.
Барловорлд Монголиа Компанийн Нийгмийн Хөрөнгө Оруулалтын хорооны (КНХОХ) үндсэн чиглэлүүдийн нэг болох “Хүүхэд” чиглэлээр хэрэгжүүлж буй 2023 оны нэгэн онцлууштай төсөл бол “Эрхэм Нандин” төсөл юм. Энэхүү төслийг 2023 онд туршилтын байдлаар эхлүүлж байгаа бөгөөд олон улсад үйл ажиллагаагаа явуулдаг Good Neighbors ОУТББ-тай хамтран ажиллахаар болсон билээ.
Тус 2 байгууллагын хүсэл эрмэлзэл, үнэ цэн нэгдсэний дээр тус ТББ нь охидын нөхөн үржихүйн боловсролыг дэмжих тал дээр судалгаанд суурилсан сургалт, төслүүд хэрэгжүүлсэн туршлагатайгаас гадна, мэргэжлийн баг хамт олонтой гэдэг нь төслийг амжилттай хэрэгжүүлэхэд чухал ач холбогдолтой гэж бид үзэж байгаа юм. Барловорлд Монголиа ХХК төслийн санхүүжүүлэгчээр, Компанийн Нийгмийн Хөрөнгө Оруулалтын хорооны гишүүд, Good Neighbors ОУТББ-тай хамтран төслийн гараагаа амжилттай эхлүүллээ.
НҮБ-ын Хүүхдийн сан болон Нийгмийн ажлын хөгжлийн төв ТББ хамтран 2015 онд хийсэн “Сарын тэмдгийн эрүүл ахуйн нөхцөл байдлын асуудлаарх” судалгаа нь Монгол Улсад хийгдсэн хамгийн анхны энэ чиглэлийн чанарын судалгаа юм. Судалгааны зорилго нь сарын тэмдэг ирэх үед охидод тулгардаг хэрэгцээ шаардлага сургууль болон дотуур байрны орчинд хэр сайн хангагдсан байдаг талаарх охидын үзэл бодлыг судлах, охидод ээлтэй сургуулийн орчныг бүрдүүлэх ажилд суурь нотолгоо болохуйц мэдээллийг оролцогч талуудаас цуглуулахад оршиж байв.
Судалгаагаар сарын тэмдэг нь ирсэн охид, ялангуяа сургууль дээрээ байх үедээ эрүүл ахуй, ариун цэвэр болон сэтгэл санааны хувьд маш олон хүндрэлтэй асуудалтай тулгардаг нь харагдсан. Үүнд: бусдаас ичиж зовох, хөвгүүдэд шоолуулахаас айх, тавгүйдэх, хичээлдээ оролцох идэвх сулрах, ангийнхаа бусад хүүхдээс зай барих, хичээлээс анхаарал нь сарних, сарын тэмдгийн үед ариун цэврээ сахих хувийн орон зай бүхий ариун цэврийн байгууламж дутагдах зэрэг олон асуудал байна.
Эдгээрийн улмаас охидын хичээл болон сургуулийн үйл ажиллагаанд оролцох идэвх нь илт буурах, цаашилбал хичээл таслах явдал гардаг ба энэ нь тэдний сурлагын амжилтад төдийгүй бие махбод, сэтгэл санааны байдалд таагүй нөлөө үзүүлж байна гэсэн үр дүн гарсан. Барловорлд Монголиа КНХОХороо энэхүү асуудалд өөрсдийн оролцоог илэрхийлэн, шийдэх гарц гаргалгаа хайж эхэлснээр энэхүү “Эрхэм Нандин” туршилтын төсөл төрсөн түүхтэй.
Дээрх судалгаанаас гадна төслийн багийнхны судалгааны явцад онцолж харах шаардлагатай зүйлсийн нэг нь сарын тэмдгийн тухай төдийгүй нөхөн үржихүйн боловсролын тухай асуудал байсан юм. Охидод ирээдүйд эрүүл хүн болж өсөхөд нөхөн үржихүйн зөв, хүртээмжтэй мэдлэг, мэдээлэл, боловсрол олгох зайлшгүй хэрэгцээтэй байдаг. Монгол улсад өсвөр насны охидын нөхөн үржихүйн эрхтний үрэвсэл өвчлөл, төрөлтийн тоо зэрэг нь сүүлийн жилүүдэд өссөөр байгаа бөгөөд энэ нь нөхөн үржихүйн зөв мэдлэг, боловсрол хангалтгүй, хүртээмжгүй, хаалттай байгаатай ихээхэн хэмжээнд холбоотой билээ.
Дээр дурдсан судалгааны үр дүнгээс харахад, охидын дийлэнх нь анхны сарын тэмдэг ирэхээс өмнө энэ тухай сонссон, анхан шатны мэдээлэлтэй байсан хэдий ч сэтгэл зүйн хувьд хангалттай бэлтгэгдээгүйн улмаас айх, цочролд орох, хямрах, ичих г.м тохиолдол нэлээдгүй гардаг байна. Түүнчлэн сарын тэмдгийн талаарх охидын ойлголт мэдлэг, түүнийг зохицуулах чадвар охидын наснаас шалтгаалаад ялгаатай байна. Өөрөөр хэлбэл, бага насны /10-14/ охид сарын тэмдгээ зохицуулах чадварт хангалттай сайн суралцаагүй байдаг бол эсрэгээрээ ахлах ангийн охид сарын тэмдгээ зохицуулж сурсан, сар бүр сарын тэмдэг ирдэг байдалд дасан зохицсон, бага насны охидоос илүү үнэн зөв мэдээлэлтэй байдаг байна.
Төслийн багийнхны анхаарлыг татсан уг судалгааны дараагийн дүгнэлт бол охидод тохиромжтой ариун цэврийн хэрэглэлийн (АЦХ) олдоц, үнэ. Охидын сарын тэмдгийн мөчлөг нь тогтворгүй байдаг учраас ариун цэврийн хэрэглэлгүй явж байх үед сарын тэмдэг нь ирэх тохиолдол цөөнгүй байдаг. Энэ тохиолдолд найз нараасаа, ахлах ангийн эгч нараас, сургуулийн эмч, багш нараасаа зээлэх байдлаар асуудлыг зохицуулдаг байна. Хот болон хөдөөгийн бүх дэлгүүрт АЦХ элбэг худалдаалагддаг хэдий ч хөдөөд илүү үнэтэй байдаг.
Түүнчлэн сургуулийн орчин дахь АЦХ-ийн хүртээмжийн асуудал ихээхэн бэрхшээлтэй байдаг ба хотын зарим сургуульд АЦХ худалдаалдаг хэдий ч дэлгүүрт зардгаас илүү үнэтэй байна. Охид мөнгөтэй тохиолдолд АЦХ худалдаж авах нь тийм ч бэрхшээлтэй биш боловч мөнгөгүй эсхүл амьжиргааны баталгаажих түвшнээс доогуур орлоготой өрхийн охидын хувьд АЦХ худалдан авч хэрэглэх нь эдийн засгийн хувьд хүндрэлтэй байдаг учир тохиромжтой АЦХ -ийн хүртээмжтэй байдал багасдаг байна.
Өсвөр насны охидын нөхөн үржихүйтэй холбоотой энэхүү өргөн хүрээний асуудлуудаас дээр дурдсан 2 томоохон асуудлуудад гарц гаргалгаа болох төсөл бол “Эрхэм Нандин” төсөл юм. Төслийг эхний 2 сургууль дээр туршилтын хэлбэрээр амжилттай эхлүүлээд байна.
Өсвөр насны охидод нөхөн үржихүйн зөв мэдлэг, мэдээлэл, боловсролыг олгох зорилгын хүрээнд цогц сургалт зохион байгуулж, өсвөрийн нөхөн үржихүйн 30 үе тэнгийн сургагч багш бэлтгэн, сургуулийн эмч, нийгмийн ажилтан, эрүүл мэндийн багш нар дэмжин хамтран ажиллах охидын клуб байгууллаа.
Харин АЦХ-ийн хүртээмж болон мэдээллийг сайжруулах зорилгын хүрээнд, мөн Барловорлд Монголиа компанийн бизнесийн үнэт зүйлсийн нэг болох тогтвортой хөгжлийн зорилгод нийцүүлсэн угаадаг ариун цэврийн хэрэглэлийн багц, түүний ариутгалын саван болон нөхөн үржихүйн гарын авлага/тэмдэглэлийн дэвтэр, сургалтын хэрэгслүүдээс гадна охидод сургууль дээр байх үед нь сарын тэмдэг ирсэн тохиолдолд яаралтай тусламжийн ариун цэврийн хэрэглэлийн (АЦХ) автомат машин сургуулийн охидын ариун цэврийн өрөөнд байрлуулж байна. Эдгээр цогц шийдэл нь охидыг мэдлэг мэдээллээр хангаж, сарын тэмдгийн үед нь бодит дэмжлэг болохоос гадна өөртөө итгэлтэй, урам зоригтойгоор сурч хөгжих орчныг бий болгож чадах юм.
Охид АЦХ-ийн яаралтай хэрэгцээ үүссэн дариуд эмч, нийгмийн ажилтан, ахлах ангийн охид г.м хэн нэгнээс хамааралгүйгээр өөрөө автомат машинаас тус сургуулийн бүх охидод тараагдсан NFC түлхүүрийн оосроо уншуулаад сард 3 удаа АЦХ авах боломжтой. Ингэснээр охид яаралтай үед хайж явах, эсвэл худалдаж авах мөнгөгүй байх, түүнээсээ болж хичээлээ таслах г.м асуудал гарахыг хязгаарлаж чадах юм.
Ингэснээр охидын сарын тэмдэг ирэх үед сургуульд байрлуулсан машинаас 3ш АЦХ аваад, сургалтад хамрагдсаны дараа тараагдсан угаадаг эко ариун цэврийн хэрэглэлийн багцаа гэртээ хариад дахин ашиглаад байх боломж бүрдсэнээр охидын сарын тэмдгийн үеийн АЦХ-ний асуудлыг шийдэхэд ихээхэн хувь нэмрээ оруулна гэдэгт бид итгэлтэй байна. 11-р сард ЕБ-ын 92-р сургуульд байршуулсан автомат машины датагаас эхний ээлжид 600 охинд NFC карт тараагдсанаас 212 охид хэдийн яаралтай хэрэгцээ үүссэн үед АЦХ-ийг автомат машинаас авч хэрэглээд эхэлсэн байна.
Барловорлд Монголиа компани нь энэ төсөлд ханган нийлүүлэгчээр оролцох байгууллагуудыг сонгохдоо үндэсний үйлдвэрлэгч, байгаль орчинд ээлтэй, тогтвортой хөгжлийг хангагч байгууллагуудыг сонгосон бөгөөд угаадаг ариун цэврийн хэрэглэлийн багцыг 100% цэвэр даавуун, охидын биед элдэв харшил өгөхгүй ариун цэврийн хэрэглэлийн “Дусал” брэндээс, Автомат АЦХ-н машиныг кодчилол, системчлэл, засвар үйлчилгээ, автомат машины гадна хайрцгийн үйлдвэрлэл гээд бүгдийг Монголдоо цогцоор нь шийдэж өгч буй “Beelog Tech” залуучуудын компаниас, автомат машины дүүргэлтэд элдэв харшилгүй, охидын биед таагүй мэдрэмж төрүүлэхгүй, хөвөн даавуун гадаргуутай үндэсний брэнд “Хатад” брэндийн АЦХ зэргийг сонгож байгаа бөгөөд нөхөн үржихүйн сургалтын цогц материалыг өсвөр насны охидод сонирхолтой, хэрэглээтэй байлгах зорилготойгоор бужо тэмдэглэлийн дэвтэр хэлбэрээр гаргаж байгаа бөгөөд энэхүү гарын авлагын материалыг хэвлэх цаасны сонголт дээр хүртэл хүүхдүүдэд элдэв харшил, хор, будгийн үнэргүй эко цаас, хэвлэлийг сонгоод байна.
Энэхүү нөхөн үржихүйн сургалтын материал, гарын авлагыг бэлдэхэд Good Neighbors ОУТББ-ийн эмхэтгэн гаргасан, өмнөх жилүүдэд ашиглагдаж байсан материалыг илүү сайжруулан, хамгийн сүүлийн үеийн эрүүл мэндийн салбарын мэдээллүүдээр шинэчилсэн бөгөөд энэхүү гарын авлагыг МУБИС-ийн мэргэжлийн зөвлөх багш, профессорууд хянасан юм. Мөн энэхүү төсөлд Боловсролын их сургуулийн эрүүл мэндийн чиглэлээр суралцаж байгаа оюутнууд сайн дураараа оролцон, сургагч багш охидыг дэмжин, нөлөөллийн ажлууд, сургалтад нь хамтран ажиллаж байна.
“Эрхэм Нандин” туршилтын төсөл хэрэгжиж эхлэх эхний 2 сургуулиар Нийслэлийн ерөнхий боловсролын 92, 104-р сургуулиуд сонгогдсон. Төслийн хүрээнд:
“Эрхэм Нандин” төсөл эдгээр сургуулиудад эхлэлээ тавьснаар оролцож буй өсвөр насны охид илүү мэдээлэлтэй, мэдлэгтэй, эрүүл ирээдүйг өөртөө бүтээх үндэс суурь болж, ирээдүйг өөрчлөх томоохон аян эхэлж байна.
Энэхүү төслийн хэрэгжилтийн эерэг үр дүнгээс хамааран 2024 онд Барловорлд Монголиа ХХК болон Good Neighbors ОУТББ байгууллагууд дахин хамтран ажиллаж илүү өргөн хүрээнд үргэлжлүүлэхээр төлөвлөөд байгаа билээ. Уг төсөлд хамтран ажиллах хүсэл сонирхолтой, өсвөр насны охидын бэлгийн болон нөхөн үржихүйн асуудалд санаа зовнигч байгууллага, хувь хүн бидэнтэй холбогдож бидний энэхүү төслийг улам олон охидод хүргэх аянд нэгдэхийг уриалж байна.
Охидын бэлгийн болон нөхөн үржихүйн боловсролд анхаарлаа хандуулсан “Эрхэм Нандин” төсөл хэрэгжиж эхэллээ |
2025-05-19 18:56:52
2025-05-19 15:39:55
2025-05-19 15:20:25
2025-05-19 18:56:52
2025-05-19 17:42:31
2025-05-19 16:11:53
2025-05-19 15:39:55
2025-05-19 15:20:25
2025-05-19 14:27:21
2025-05-19 14:24:54
2025-05-19 13:09:46
2025-05-19 13:09:07
2025-05-19 12:47:43
2025-05-19 12:27:27
2025-05-19 11:20:39
2025-05-19 11:10:12
2025-05-19 10:46:52
2025-05-19 10:37:49
2025-05-19 10:24:42
2025-05-19 10:04:50
2025-05-19 09:38:22
2025-05-19 09:09:33