Арилжааны банкууд "Импортын гурил орж ирвэл танай бүтээгдэхүүн борлогдохгүй. Зээл олгохгүй" гэдэг

Газар тариалан эрхлэгчид болон гурил үйлдвэрлэгчид гурилын үнэ нэмэгдсэнтэй холбоотойгоор өнөөдөр мэдээлэл хийсэн.

Ахмад тариаланч Ч.Пэрэнлэй "Бид та бүхэнтэй л ижил мэдээлэлтэй байдаг. Засгийн газраас гурилын болон малын тэжээлийн татварыг тэглэнэ, УИХ-аар оруулаад энэ асуудлыг шийднэ гэдэг. Ямар байдлаар яаж тэглэхийг нь мэдэхгүй.

2000 оноос хойш орон нутгийн газар тариалангийн салбар хүнд байдалд орсон. Тэр үед бид гаднаас тусламжийн будаа, гурил авдаг байлаа.

Манай улс цагтаа 1.2 сая га газарт тариалан эрхэлж жилд 560,000-800,000 тонн үр тариа хурааж авдаг байсан. Гэтэл 2007 онд 77,000 тонн хүртлээ уруудсан. Засгийн газраас үүнд анхаарч 2008 онд "Атрын III аян" зарласан түүхтэй.

Энэ үеэс манай тариаланчдын хувьд сэргэлтийн үе ирсэн. Засгийн газраас хэд хэдэн арга хэмжээ авсан нь үр дүнгээ өгсөн хэрэг. Үндэсний үйлдвэрлэлээ хамгаалъя гэдэг хөтөлбөр өрнөж энэ салбарт ажиллаж байгаа хүмүүсийг урамшуулах замаар дэмжлэг үзүүлсэн. Мөн тодорхой хэмжээний зээлээр техникийн шинэчлэл хийснээр сэргээн босголтыг хийсэн юм.

Үр дүнд нь 2010 он гэхэд 560,000 тонн үр тариа авсан.

Луу жилд тарианы ургац сайн байдаг. 1988 онд Монгол Улс түүхэндээ хамгийн их ургац хурааж байсан түүхтэй. Энэ жилийн хувьд ч арвин ургац авна гэдэгт итгэлтэй байна. Учир нь өнгөрсөн аравдугаар сард бүтэн сар бороо орсон тул тариан талбай чийгтэй байгаа. Энэ өвөл их цас орсноор чийгийн алдагдал багасаж байгааг нэмж хэлье.

Зудаар мал их хорогдож хөдөө аж ахуйн салбар уналтад ороод байгаа энэ үед ургац арвин авч энэ салбараа жаахан сэргээх хүсэл эрмэлзэлтэй ажиллаж байна. 

Ийм үед гурилын үнэ өссөн зэргээр тариаланчдыг битгий зүхэж бухимдаасай, иргэдийг зөв мэдээлэлтэй байгаасай гэсэндээ энэ хурлыг хийж байна.

Газар тариалан бол нэг уналтад орвол сэргэх гэж их хугацаа зарцуулдаг эмзэг салбар. Хоёр жил үйлдвэрлэл явуулж байж нэг жил ургац авдаг. Гэтэл Засгийн газрын шийдвэрээр сүүлийн хоёр жил дараалан 200,000 тонн импортын будаа, гурил оруулж ирлээ. 

Ерөнхийлөгчийн санаачилгаар "Хүнсний хувьсгал" хийхээр шийдэж УИХ-ын тогтоолоор албажсан. Энэ хүрээнд 100 тэрбум төгрөгийн зээл авч техникийн шинэчлэл хийсэн тул энэ жилийн бэлтгэл ажил бүрэн хангагдсан гэж хэлж болно. Уг зээлийн эргэн төлөлт нь ирэх наймдугаар сараас эхэлнэ.

Гэтэл өнөөдөр бид дахиад зээл аваад үйлдвэрлэлээ явуулах гэхээр арилжааны банкууд "Импортын гурил орж ирвэл танай бүтээгдэхүүн борлогдохгүй. Зээл олгохгүй" гэдэг хариу өгдөг. Ийм байдлаар нэг хийсэн ажлаа нөгөөгөөр нь нурааж байна" гэж ярилаа. 


Арилжааны банкууд "Импортын гурил орж ирвэл танай бүтээгдэхүүн борлогдохгүй. Зээл олгохгүй" гэдэг
Сэтгэгдэл
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд chig.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ