Ажлаас гарах өргөдлөө буцаасан байхад "халлаа" хэмээн маргажээ

Б.М нь өөрийн хүсэлтээр ажлаас чөлөөлөгдөх хүсэлтээ буцаан авсан байхад ажлаас халсан нь үндэслэлгүй гэж марган, ажил олгогч З ХХК-д холбогдуулан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлс гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж баталгаажилт хийхийг даалгах тухай нэхэмжлэл гаргасан.

З ХХК нь хүний нөөцийн менежерээр ажиллаж байсан Б.М нь ажлаас өөрийн хүсэлтээр чөлөөлөгдсөн тул Б.М-г ажлаас чөлөөлсөн тушаал хууль зүйн үндэслэлтэй, ажлаас гарахдаа, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, өөрийн хувийн хэргээс хөдөлмөрийн гэрээ, ажлын байрны тодорхойлолт болон өөрийн хүсэлтээр ажлаас чөлөөлөгдөх хүсэлтийг ажил олгогчид мэдэгдэлгүйгээр авч явсан гэх тайлбар гарган маргажээ..

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх 2025 оны 05 дугаар сард хэргийг хэлэлцээд: Ажил олгогч З ХХК болон ажилтан Б.М нарын хооронд хөдөлмөрийн гэрээ бичгээр байгуулагдаагүй, хариуцагч нь нэхэмжлэгчийг ажлаас чөлөөлөгдөх хүсэлтээ бичгээр өгсөн гэдгийг баримтаар нотлоогүй тул ажилтныг өөрийн хүсэлтээр чөлөөлөгдсөн гэж үзэх үндэслэлгүй гэх дүгнэлтийг хийж Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.1.1, 127 дугаар зүйлийн 127.1, 43 дугаар зүйлийн 43.2.7-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх 2025 оны 07 дугаар сард хэргийг хэлэлцээд: Анхан шатны шүүх Б.М-г үндэслэлгүйгээр ажлаас чөлөөлсөн үйл баримтыг зөв тогтоосон ч ажилтны туршилтын хугацаагаар ажиллаж байсны үр дагаврыг үл харгалзаж алдаатай эрх зүйн дүгнэлт хийсэн. Ажил олгогч хөдөлмөрийн гэрээг бичгээр байгуулаагүй нь Хөдөлмөрийн тухай хуулийн 64 дүгээр зүйлийн 64.1-т зааснаар ажилтныг туршилтаар ажиллуулж байсныг үгүйсгэх үндэслэл болохгүй. Ажил олгогч нь ажилтныг Хөдөлмөрийн тухай хуулийн 79 дүгээр зүйлийн 79.1-т зааснаар хүсэлтийг нь үндэслэж ажлаас чөлөөлөөгүй гэх дүгнэлт үндэслэлтэй, туршилтын хугацаа дууссанаар ажилтныг үргэлжлүүлэн ажиллуулах эсэх нь ажил олгогчийн шийдэх асуудал З ХХК нь туршилтын хугацаа дуусгавар болсон нөхцөлд ажилтныг үргэлжлүүлэн ажиллуулах үүрэггүй, Хөдөлмөрийн тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1, 43 дугаар зүйлийн 43.2.7-д зааснаар туршилтын хугацаа дуусах хүртэл хугацааны ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговрыг гаргаж мөн хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж баталгаажилт хийлгэхийг даалгаж анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэсэн.

Хяналтын шатны шүүх: Давж заалдах шатны шүүх Хөдөлмөрийн тухай хуулийн 64 дүгээр зүйлийн 64.1 дэх хэсэгт заасныг зөв тайлбарлан хэрэглэж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулсан нь үндэслэлтэй, гэх дүгнэлтийг хийж магадлалыг хэвээр үлдээж гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэлээ.


Ажлаас гарах өргөдлөө буцаасан байхад "халлаа" хэмээн маргажээ
Сэтгэгдэл
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд chig.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ