Эдийн засгаа сэргээх бөмбөрцгийн төлөвлөгөө

Цар тахлын нөхцөл байдал өөрчлөгдөж, улс орнууд эдийн засгаа сэргээхээр уралдаж, хорио цээрийн дэглэмээ цуцлан энгийн байдалдаа аль болох хурдан шилжихээр шуурхайлж байна. Энэ нь цар тахалтай тэмцээд завгүй байсан улс орнууд сая л нэг уужуу амьсгаа авч байгааг илтгэнэ.

Дөрвөн “Алтан зарчим”

Ерөнхийд нь ажиглавал улс орнууд эдийн засгаа сэргээх төлөвлөгөөндөө дөрвөн зарчим баримталж байгаа нь харагдана. Эдгээр зарчим нь

Төсөв биш, өсөлтийг чухалчлах

Иргэдийн итгэлийг нэмэгдүүлэх

Шинжилгээ хяналт амин чухал хэвээр байх

Зорилтот бүлэгт илүү дэмжлэг хүргэх зарчим юм. Одоо энэ дөрвөө задалья.

Төсөв биш өсөлтийг чухалчлах. 2020 онд дэлхийн үх улс орнуудын төсөв хасах үзүүлэлттэй гарсан. 2021 онд ч тийм байх магадлал өндөр байсан ч вакцин амжиж бүтээгдсэн. Харин 2022 онд эдийн засгаа бага ч гэсэн өсгөх нь бүх улсын нэн тэргүүний зорилт болж хувирлаа. Энэ нь юу гэсэн үг вэ гэхээр, татвар авахаа урьдал болгох биш салбар бүрийг боломжоороо дэмжиж аль болох хурдан урьдын хэвэнд аваачихыг эрмэлзэнэ гэсэн үг юм. Эдийн засаг хэдийчинээ хурдан сэргэнэ, татварын бааз өргөсч, ДНБ-д эзлэх өрийн хэмжээг багасгах боломж бүрдэнэ.

Засгийн газрууд төсвийн хөрөнгө оруулалт, бусад байдлаар дэмжлэг үзүүлэхдээ үйлдвэрлэлийн хэмжээг нэмэгдүүлэх чиглэлд илүүтэй анхаарал хандуулж байна. Бүр тодорхой хэлбэл, цар тахлын дараа боломжийг ашиглаад өмнөхөөсөө илүүтэй өсөж дэвжихийг чухалчилж буй. Муухайгаар хэлбэл, өрсөлдөх чадвар сул салбараа цар тахлаар намнуулчихаад илүү ирээдүйтэй салбаруудаа дэмжээд явахыг завдаж байна гэж хэлж болно. Магадгүй, цар тахлын улс орнуудад үзүүлэх хамгийн ашигтай тал, боломж нь энэ ч байж болох юм. Тиймээс өндөр хөгжилтэй улс орнууд ирээдүйд зардал бууруулж, бүтээмж нэмэгдүүлэх туршилт судалгаа, ногоон эдийн засгийг дэмжих чиглэлд түлхүү хөрөнгө оруулж байгаа бол түүхий эд голлосон эдийн засагтай улс орнууд боловсруулалт, эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг болох чиглэлд анхаарал хандуулах байдал ажиглагдаж байгаа юм.       

Иргэдийн итгэлийг нэмэгдүүлэх. Эдийн засгийг сэргээхэд тодорхой стратеги хэрэгтэй шиг, цар тахлыг даван туулж буй иргэдийнхээ унасан сэтгэлзүйг өргөх, уналтаас гарна гэх итгэл өгөхөд тодорхой арга хэмжээ авах зайлшгүй шаардлагатай. Цар тахлын эхний давалгаа ирэхэд хүмүүс үхлээс айж байсан бол хоёр дахь давалгааны дараа урт сунжирсан хөл хорио, тусгаарлалтын дэглэмээс илүү айж байсан гэсэн судалгаа гарсан. “Google”-ийн судалгаагаар, БНХАУ-аас бусад оронд хүнсээс бусад салбарт хүмүүсийн худалдан авалт цар тахлын өмнөх түвшнээс маш их уналттай байгаа гэсэн дүн гарсан. Тиймээс иргэд болон үйлдвэрлэгчдийн итгэлийг сэргээх нь чухал бөгөөд сэргээх ганц арга нь ажлын байрыг хадгалах, шинээр бий болгох, орлогыг нь нэмэгдүүлэх явдал юм.

Ажлаас халах журамд өөрчлөлт оруулах (халахад хэцүү болгох, жишээ нь Их Британи), бэлэн мөнгө тараах, ажлын байраа хадгалсан ААН-үүдийг татварын бодлогоор дэмжих, урамшуулах, бэлэн мөөнгө тараах гээд арга хэлбэр нь янз бүр боловч Засгийн газар болгон энэ чиглэлээр тодорхой ажлуудыг төлөвлөгөөндөө заавал тусгасан байна.      

Шинжилгээ хяналт амин чухал хэвээр байх. Энэ зарчим бол эрүүл мэнд, эдийн засаг хоёрыг нэгэн зэрэг чухалд авч үзэх зарчим юм. Вакцинжуулалт эхэлсэн ч цар тахалтай хийх тэмцэл дуусах болоогүй. Мутацид орж байгаа вирус хүн төрөлхтний түгшүүрийг төрүүлсэн хэвээр байна. Тиймээс хариутгал халдваргүйтгэл, хяналт шинжилгээгээ зогсоож тайвширч болохгүй. Өнгөрсөн ахархан хугацааны туршлагаас аваад үзсэн ч халдварын төвшинг хамгийн бага түвшинд барьж чадсан улс л эдийн засгаа хамгийн бага унагасан. Зарим нь бүр сэргээсэн (Жишээ нь БНХАУ) билээ. Цар тахлын тархалт бол  эдийн засгийн хувьд бидний нүдийг халхалсан манан гэж зүйрлэж болно. Ийм тодорхойгүй байдлыг үгүй болгох ганц арга нь ариутгал халдваргүйтгэлийг зуршил болгосон амьдралын шинэ дэглэм, шинжлэх ухаан, тооцоо судалгаанд суурилсан тандалт, илрүүлэг шижилгээ юм.

Финланд, Герман улсууд илрүүлэг шинжилгээ хийх чадвар асар өндөр байсныхаа хүчээр эдийн засгаа гайгүй аваад гарсан. Их Британи тэргүүтэй бусад улс тэдэнтэй зэрэгцэхээр оношлогооны хугацааг богиносгох тал дээр ихээхэн хөрөнгө хүч хаяж байна.    

Зорилтот бүлэгт илүү дэмжлэг хүргэх. 2022 онд эрх баригчдын толгойны өвчин нь тусламж дэмжлэгийг хэнд, хэрхэн хүргэвэл илүү оновчтой, эдийн засгаа хурван сэргээх вэ гэдэг асуулт байна гэж барьсан ч алдахгүй. Нийгмийн олон бүлэг, эдийн засгийн оролцогч талуудад төрийн дэмжлэгийг хэрхэн оновчтой хүргэх вэ гэдэг дээр олон улс оронд маргаан мэтгэлцээн өрнөж буй. Гэхдээ нэг асуудал дээр бүгд санал нэгдэж буй нь хөдөлмөрийн зах зээл дээрх хамгийн их эрсдэлтэй бүлэгт илүү дэмжлэг үзүүлэх явдал юм.

Боловсролын байгууллагаас ажлын талбар дээр гарч байгаа залуус энэ эрсдэлт бүлгийн ихэнхийг бүрдүүлж байна. Цар тахал ААН-үүдийн нөөцийг шавхсан тул туршлагатай ажилчин авна уу гэхээс шинэ хүн сургаж цагаа алдахыг хүсэхгүй. Цаг бол мөнгө юм. Цар тахлын дараах эгзэгтэй үед бол бүр ч илүү үнэ цэнэтэй. Тиймээс төр ажлын байр бий болгохдоо залуусыг илүү хамруулах нь хамгийн оновчтой бодлогын нэг юм.


Эдийн засгаа сэргээх бөмбөрцгийн төлөвлөгөө
Сэтгэгдэл
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд chig.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ