Дэлхий нийт ажлын таван өдөртэй системээс татгалзах цаг айсуй. Цар тахлын нөлөөгөөр ААН байгууллагууд бараг жил гаруй хугацаанд зайнаас ажиллах арга барилд суралцсан билээ.
8-5-2-оос 8-3-2-2 руу хийх шилжилт
Цар тахал хүн төрөлхтөнд олон өв үлдээж байгаагийн нэг нь ажлын өдрийн шинэ зохион байгуулалт болж байх шиг байна. АНУ, Англид олон компани зайнаас ажиллах горимд шилжсэн нь эдүгээ сатандарт болох замдаа явна. Британийн эрдэмтэн Лорен Хоу, Эшли Уилланс, Йохен Менгес нар ажлын “3-2-2” системийг санал болгосон байна. Дэлхийн хамгийн хатуу хөдөлмөрийн хуваарь БНХАУ-д мөрдөгддөг бөгөөд “9-9-6” гэж товчилдог /өглөө 09.00-орой 21.00 хүртэл долоо хоногийн зургаан өдөр ажиллана/. Эрдэмтэд энэ товчлолыг хэрэглэсэн байна. 3-2-2 гэдэг нь гурван өдөр оффис дээр, хоёр өдөр зайнаас ажиллаад хоёр өдөр амарна гэсэн утгатай аж. Шинэ хуваарийн гол давуу тал нь уян хатан буюу ажилтан, ажил олгогч нар харилцан тохиролцож хуваарь гаргаж болдогт орших гэнэ.
Ажлын өдөр, цагийг багасгах цаг айсуй
Финлянд ажлын цагийг зургаа болгож багасгах талаар нухацтай бодож байна. Ингэснээр хөдөлмөрийн бүтээмжийг үлэмж нэмэгдүүлнэ, ажилтай иргэдийн түвшнийг 73.5-аас 75 хувь болгож нэмэгдүүлэх эрх баригчдын зорилтод сөргөөр нөлөөлөхгүй Ерөнхий сайд Санна Марин нь мэдэгдсэн байна. Бүтээмж нэмэгдсэнээс гарах ашгийг хөрөнгө оруулагч, ажил олгогч төдийгүй ажилчид ч хүртэх ёстой гэсэн санааг ч оруулжээ.
Аж үйлдвэрийн дөрөвдүгээр хувьсгал, технологийн дэвшил хүн төрөлхтнийг хөл хөсөр, гар газар байлгах төвшин рүү бага, багаар дөтөлж байгааг бид бүгд мэддэг. Хүний хийх ажлыг робот хийдаг болсон. Ийм боломж бүрдэж байхад хүн төрөлхтөн махан бодиороо хөдөлмөрлөөд байх шаардлага үнэндээ байхгүй. Гэхдээ энэ тохиолдолд эд хөрөнгө үйлдвэрлэгчид их хэмжээгээр цуглардаг тул баялгийн хуваарилалтыг хэтэрхий нэг талд гаргачих эрсдэлтэй юм. Тиймээс ажлын дөрвөн өдөр, зургаан цагийн тогтолцоонд шилжихдээ цалин хөлсний хуваарилалтын асуудлыг нэн тэргүүнд бодолцох ёстой гэж байгаа нь зөв юм. Санне Марины мэдэгдлийн сүүлчийн өгүүлбэр ч яг энэ эрсдлээс сэргийлэх ёстой гэсэн утга агуулж буй. Бид энэ удаа ажлын өдөр, цагийг багасгах оролдлогууд хийгээд үр дүнгийн талаар мэдээлэл бэлтгэн уншигчдадаа хүргэж байна.
Түүх сөхвөл, Финлянд нь энэ талаар ярьж байгаа анхны улс биш. Ажлын цагийг төдийгүй ажлын өдрийг хорогдуулах асуудал дэлхийн олон улс оронд хэдэн жилийн өмнөөс яригдаж, тодорхой туршилтууд ч явагдан өөрийн гэсэн түүхийг бий болгосоор буй.
БНСУ-ын үлгэр жишээ
БНСУ-ын Ерөнхийлөгч Мүн Жэ Ин Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихдээ “Ажлын цагийг багасгаж өгнө, ажлын дөрвөн өдөртэй болгоно” гээд амалсан байдаг. Амлалт хоосноос гараагүй, Чунжу хотын гоо сайхны бараа үйлдвэрлэгч компани 2010 онд ийм туршилт хийгээд гайхалтай эерэг үр дүнд хүрсэн бодит жишээ байдаг юм байна. Тэр үйлдвэр долоо хоногт ажлын дөрвөн өдөртэй болсноор борлуулалт нь 20 хувиар нэмэгдэж, ажилчдынхаа тоог хоёр дахин нэмэх боломж гарсан гэнэ.
Энэ санааг хэрэгжүүлэхийг дэмжигчид ажлын зургаан өдрөөс таван өдөрт шилжсэн шилжилтийг жишээ болгодог. Тухайн үед ажлын таван өдөртэй болсноор ажиллах цаг улс орнуудын онцлогоос шалтгаалаад долоо хоногт 4-12 цаг, жилд 200-500 цагаар буурч байжээ.
Ажлын зургаан өдрийг тав болгож бууруулах шилжилт улс орон бүрт эсэргүүцэл, үл итгэлцэх явдалтай нүүр тулж байсан аж. Жишээ нь, 13 жилийн өмнө БНСУ ажлын таван өдөртэй болоход хэвлэл мэдээллийн хэрэгслээр баруун солгойгүй шүүмжилж, “Эдийн засгийг сүйрүүлнэ” гэцгээж байж. БНСУ өдөрт олон цаг ажилладаг болохоор жилд 500 шахам цагийн хөдөлмөр үгүй болчих гээд байж ядаад байж л дээ. Гэвч ухаантай улсууд бодож тооцоолоод хийсэн ажил учраас бүтээмж буураагүйн дээр эдийн засаг улам хүчирхэгжсэн аж. Тиймээс долоо хоногт ажлын дөрвөн өдөртэй болох санаачилгыг гаргасан нөхөд энэ удаагийн шилжилт ч эдийн засаг төдийгүй иргэдийн амьдралд эерэг нөлөө авчирна хэмээн үзэж байгаа юм байна.
Жирийн иргэдийн хувьд, энэ санааг талархан хүлээн авч байгаа ч боломж байгаа эсэхэд эргэлзээтэй хандаж байгаа юм байна.
Өөрөөр хэлэл, ажлын цаг багасгах нь сайхан ч цалин хөлс хэвэндээ байж чадах эсэх дээр асуултын тэмдэг тавьж байгаа аж.
БНСУ-ын хувьд, хөдөлмөрийн хуулиар бол долоо хоногт ажлын 40 цагтай гэж явдаг, илүү гарвал илүү цагаар ажилласанд тооцдог. Гэхдээ амьдрал дээр долоо хоногт 40 цаг ажилладаг үйлдвэр, албан газар бараг байдаггүй гэдгийг Солонгосын нийгэм, хөдөлмөр судлалын институтээс хийсэн судалгаа бэлээхэн харуулж байгаа аж.
Үйлдвэрлэгчдийн хувьд энэ боломжийг бүрдүүлэхийн тулд бүтээмж өндөртэй тоног төхөөрөмжөөс авахуулаад олон урьдач нөхцлийг хангах шаардлагатай учир магадгүй, тодорхой хугацаа шаардагдах бололтой. Гэхдээ, “Аж үйлдвэрийн дөрөвдүгээр хувьсгал”-тай уялдаж гарч ирж байгаа “ажлын цагийг хорогдуулах” үйл явцыг яагаад ч сөрж чадахааргүй гэдгийг бүгд хүлээн зөвшөөрч байгаа нь нэг ололт болж байна.
Хүний хийж чаддаг олон ажлыг цаашдаа роботууд хийх нь залшгүй болсон. Роботод ажлаа булаалгасан ажилчдын арми өдрөөс өдөрт ихсэж байна. Хэрвээ ажлын цаг ихтэй байгаад шууд ажилгүйдэлтэй нүүр тулбал тухайн хүндээ их хүн тусна. Үйлдвэрлэгчдийн эсрэг хувьсгалд ч түлхэхийг хэн мэдлээ. Чухам тийм учраас л ирж яваа цагийн өнгийг мэдрээд одооноос ажлын цагийг багасгах талаар бодитой алхам хийх ёстой гэж алсын хараатай хүмүүс хэлээд байгаа нь зөв юм. Ажлын өдрийг багасгах санаа ч эндээс үүджээ.
Хөдөлмөрийн өдөр, цагийг багасгах туршилтууд
Юта муж
2008 онд АНУ-ын Юта мужийн төрийн бүх албад өдөрт 10 цагаар даваагаас пүрэв гариг хүртэл ажиллаж үзсэн. Төрийн захиргааны байгууллагууд баасан гаригт ажиллахгүй болсон. Энэ нь цахилгаан дулаан, төрийн байгууллагын тээврийн хэрэгслийн шатахуун хэмнэх цэвэр эдийн засгийн зорлготой зохицуулалт байсан юм. Юта муж удалгүй энэ хэмнэлтээ зогсоосон ч олон байгууллага ажлын дөрвөн өдөртэй хэвээр үлдсэн байдаг.
Хавайн дунд сургуулиуд
АНУ-ын Хавай мужийн Ерөнхий боловсролын сургуулиуд 2010 онд 17 баасан гаригт хичээллээгүй юм. Өөрөөр хэлбэл төдий тооны долоо хоногт хичээлийн дөрвөн өдөртэй байж үзжээ. АНУ-ын өөр, өөр мужид 100 гаруй сургууль дээрх горимоор хичээллэж байсан нь мөн л эдийн засгийн хэмнэлттэй холбоотой байсан юм.
Гамбийн төрийн алба
Гамбийн Ерөнхийлөгч Яхья Жамме 2013 оны хоёрдугаар сарын 1-нээс эхлэн төрийн албыг ажлын дөрвөн өдөрт шилжүүлэх зарлиг гаргасан. Баасан гаригийг залбирал үйлдэх, өрхийн газар тариаланд зориулан сулласан нь энэ юм. Я.Жаммегийн дараагийн Ерөнхийлөгч Адам Барроу 2017 онд уг шийдвэрийг хүчингүй болгосон байдаг.
Румын
Тус улсын IT компани даваа гаригийг амралтын өдөр болгосноо 2016 онд зарласан. Ингэснээр баасан гаригт гарах ажлын бүтээмж маш өндөрссөн гэж компанийнхан баталдаг аж.
Шинэ Зеланд
“Perpetual Guardian” компани 2018 оны гуравдугаардугаар сараас ажлын дөрвөн өдөртэй болох туршилтыг эхлүүлсэн. Эндрю Барнс хэмээх захирлын санаачилсан энэ ажил тухайн үедээ дэлхийн хэвлэл мэдээллийн анхаарлыг татаж байв.
Их Британи
2018 оны сүүл, 2019 оны эхнээс ажлын дөрвөн өдөртэй болох санаачилга хүчээ авч байгаа. Английн “Simply Business” лавлах, Шотландын Эдинбург хотын “Aizle” ресторан ажлын дөрвөн өдөртэй болсон. Энэ жагсаалтыг цааш үргэлжлүүлж болно.
Ажлын дөрвөн өдөрт шилжих цаг айсуй |
2025-04-07 12:01:01
2025-03-31 16:09:08
2025-03-31 14:16:12
2025-04-16 18:34:26
2025-04-16 18:21:02
2025-04-16 17:56:47
2025-04-16 17:34:46
2025-04-16 16:41:17
2025-04-16 16:33:50
2025-04-16 13:24:31
2025-04-16 12:20:31
2025-04-16 12:07:46
2025-04-16 10:50:20
2025-04-16 10:43:32
2025-04-16 10:40:06
2025-04-16 10:37:26
2025-04-16 10:29:37
2025-04-16 10:20:04
2025-04-16 10:13:43